Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү?

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү?

Тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлтөөр нэмэгдүүлэх үү?

Нийгмийн даатгалын багц хууль буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүд, эдгээртэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг Засгийн газраас УИХ-д өргөн бариад буй.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас гаргасан тоогоор манай улсад 400 мянган иргэн нийгмийн даатгалын шимтгэл төлөхгүй явж иржээ. Үүний тал хувь нь малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон гадаад улс орнуудад ажиллаж, амьдарч буй иргэд.

Иймд нийгмийн чанартай бүх үйлчилгээг цахимжуулах, монголчууд олноор амьдарч буй гадаадын улс оронтой нийгмийн хамгааллын хэлэлцээр байгуулах замаар бүх иргэнийг нийгмийн даатгалд хамруулахыг зорьж, ХНХЯ, НДЕГ хамтран хуулийн төслийн ээлжит хэлэлцүүлгийг өчигдөр (2023.03.29) ажил олгогчдын төлөөлөлтэй хийсэн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны (ХНХЯ)-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаярын мэдээлснээр, хуулийн төслийн хэлэлцүүлгийг зун хүртэл үргэлжлүүлэн хийх тул даатгуулагч иргэд, ажил олгогч нарыг өргөнөөр оролцох нь чухлыг онцлов. Учир нь, Нийгмийн даатгалын багц хууль нь бүх хүний ажил, амьдрал, ирээдүйн нийгмийн хамгаалал, баталгаа, тэтгэврийн өсөлттэй холбоотой тул бүгд өөрийн санал бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж үзжээ.

Тэрбээр хуулийн төслийн гол үзэл санаа Монгол Улс өнөөдрийг хүртэл явж ирсэн хуваарилалтын тогтолцоогоо цааш үргэлжлүүлэх үү, эсвэл бусад улс оронд хэрэгжүүлж буй жишгийн дагуу хагас хуримтлалын тогтолцоонд шилжих үү гэдэгт оршиж буйг онцлов.

Хуваарилалтын тогтолцоо нь өнөөдрийн бидний төлж буй шимтгэлээр ахмадууд тэтгэврээ авч байгаа явдал. Энэ нөхцөлд тэтгэвэр өвлөгдөх эсэхээс эхлээд нийгмийн зүгээс тавьж буй нийгмийн даатгал төлөлт, тэтгэврийн шударга бус хуваарилалт, засаглалтай холбоотой асуудал хангагдаж чадахгүй байна гэдэг үүднээс Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд төр, засгаас тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоог санал болгон тусгажээ.

Г.Өнөрбаяр хэлэхдээ “1979 оноос хойш төрсөн бүх хүн хагас хуримтлалын тогтолцоогоор явах талаар олон нийтээс асууж, санал авч байна. Хэрэв иргэд зөвшөөрч дээрх тогтолцоо руу шилжих нь зөв гэж үзвэл өвлөгдөх гэх мэт нийгмийн даатгал, тэтгэвэртэй холбоотой олон асуудал өөрөөр “бодогдож" эхэлнэ.

Хагас хуримтлалын тогтолцоо нь тухайн иргэн Нийгмийн даатгалын сан (НДС)-д хэдий хэмжээний шимтгэл төлнө, түүнтэйгээ нийцсэн шударга тэтгэвэр авна гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, Нийгмийн даатгалын санд иргэн ямар хэмжээний шимтгэл төлсөн болон улсад хэдэн жил ажилласан дүнгээр, мөн таны хуримтлуулсан мөнгөн дүнгийн өсөлтийг жил жилээр тооцон, тухайн иргэний амьдрах дундаж хугацааны илэрхийллээр хуваан, тэтгэврийг маш энгийнээр бодно. Энэ тохиолдолд нэрийн данс мөнгөжих учиртай” гэв.

Нийгмийн даатгалын салбар өнөөдрийг хүртэл хаалттай явж ирсэн. Ямар шийдвэр гаргах, тэр нь даатгуулагчид, аж ахуйн нэгжүүдэд ямар нөлөө үзүүлдэг, хэн шимтгэлийг мэдэж банкуудад хадгалаад байгаа вэ, аль банкинд хэдэн хүүтэй байдаг, гэрээ нь хаана байна вэ, хэзээ дуусах вэ гээд бүх юм хаалттай бөгөөд ойлгомжгүй явж ирсэн. Энэ бүх мэдээллийг ил тод, нээлттэй болгох талаар хуулийн төсөлд тусгажээ.

Тухайлбал, УИХ-ын нэг гишүүний санаачилсан нийгмийн даатгалтай холбоотой хууль санаачиллаа гэхэд ганцхан заалт нь нийгмийн даатгалын санд ямар хэмжээний алдагдал үүрүүлэх вэ, 10, 20 жилийн хугацаанд яах вэ гээд бүх зүйл дээр мэргэжлийн хороо дүн шинжилгээ хийж, үүнийг бүх даатгуулагчид нээлттэй байлгаж, аппликэйшнээр дамжуулж мэдээлэх юм байна.

Түүнийг уншиж үзээд, энэ гишүүний санаачилсан хууль энэ санг бүрэн дампууруулах юм байна, эсвэл энэ үнэхээр чухал, дэмжих ёстой юм байна гэх мэт боломжуудыг даатгуулагчид өгөхийг зорьж байгаа аж. Учир нь нийгмийн даатгалын мөнгө төрийн мөнгө биш, эцсийн дүндээ ажил олгогчдын хөлс мөнгө, даатгуулагчдын төлсөн мөнгө тул тэдний дуу хоолой, байр суурь чухал гэж үзсэн байна.

Г.Өнөрбаяр "Нийгмийн даатгалын реформ хийе гэж оруулж ирсэн гол асуудал нь хүмүүсээс асуулгүйгээр, дураараа мэдсээр ирсэн нь нийгэмд эмх замбараагүй байдал бий болгож байна. Энэ нь засаглал, тогтолцоотойгоо уялдаатай асуудал юм. Нийгмийн даатгалын тогтолцоог нэг нам дураараа хийж болдоггүй" гэж хэлэв.

Бас нэг оруулж буй асуудал нь нийгмийн даатгал төлөгч өөрийн тэмдэгтэй байх асуудал. Хуулийн төсөл санаачлагчид хөдөлмөрийн чадвар алдалт хэдэн хувьтай байна вэ гэдгийг нэг удаа тогтоогоод, хэдэн жилийн дараа шалгана гэдэг буруу гэж үзсэн байна. Бусад орны жишгийн дагуу тухайн хүн хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдсан түүнийг сэргээх, эмчлэх, аль болохоор хурдан хугацаагаар хөдөлмөр эрхлэх боломжийг нь хангах ёстой гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын байгууллага хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авч л байгаа бол тухайн хүнийхээ хойноос ажилладаг болъё гэсэн заалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Өөрөөр хэлбэл, хүндээ зориулсан эмнэлэг ажиллуулъя, хүнийхээ төлөө явъя гэсэн ийм тогтолцоо руу оруулж ирж байгаа аж.

Мөн малчдын нийгмийн даатгалын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай асуудлыг Нийгмийн даатгалын багц хуулийн төсөлд тусгажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж