Шахмал түлшний үр дүнд галлагааны улиралд хотын агаарын бохирдол 40-50 хувиар буурсныг холбогдох албаны хүмүүс мэдээлдэг. Энэ нь ямар нэгэн судалгаа, хэмжилтэд суурилсан гэхээсээ илүүтэй улс төрийн дүн шинжилгээ гэвэл илүү үнэнд нийцнэ. Шахмал түлшний үйлдвэрийн ойролцоох байр байдлыг харвал ямар их бохирдол, тоосжилт буйг бид түвэггүйхэн мэднэ. Хот утаанаас гадна тогтогт даруулаад удаж буй дарга нарын амнаас "Агаарын бохирдол 50 хувь буурсан" гэх л үгийг сонсоно. Ямар ч тооцоо судалгаагүйн дээр хэтэрхий сэтгэл хөөрлөөр тоо хэлж, түүнийг нь бодолгүйгээр шуудхан л хэлж орхидог нь өнөөгийн Ерөнхийлөгчийг дээрх үгийг хэлэхэд хүргэсэн юм. Гэвч нийгмийн эрүүл мэндийн үзүүлэлт, хорт хавдрын шалтгаан зэргийг судалсан судалгаа үүнийг эрс үгүйсгээд өгөх аж. Хотын агаарын бохирдол хорт хавдар үүсгэх эх үүсвэр болсон талаар гадна, дотны судалгааны дүн харуулав. Гэтэл сонгуулиар хотын утааг 50 бууруулсан гэж шоудсан эрх баригчид ойрын дөрвөн жилийн дотор 80 хувиар бууруулах зорилтыг Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгасан. Харамсалтай нь дөрвөн жилийнх нь гурав нь ард үлджээ. "Тавантолгой түлш" ХХК өнгөрсөн хугацаанд яаж ажиллаж ирсэнийг санхүүгийн тайлангаас нь хараад гайхмаар. Нүүрс түлэхийг хориглоод шахмал түлш шахдаг болсноос хойн энэ комани өрсөлдөгчгүйгээр нийслэлийг эзэгнэсэн.
"Тавантолгой түлш" ХХК-ийн үзүүлэлт
Анх 160 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан тус төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компани 2020 онд 4094 ажиллагсадтай болсон болтлоо 25 дахин орон тоогоо нэмжээ. Харин 2021 онд 2860 хүн ажилласан гэж тайланг гаргасан байх. Орлого, зарлагыг нь харвал ямар ч ашиггүй төдийгүй хасах баланстай явж байна. Үүсгэн байгуулагдсан ондоо л 982 тэрбум төгрөгийн ашиг олсон бол түүнээс хойш байнга алдагдалтай ажиллаж ирсэн төдийгүй 2021 оны байдлаар 510 тэрбум 732 сая төгрөгийн өглөгтэй болжээ. Зардал нь орлогоосоо гурав дахин их, өглөг нь авлагаасаа хэдэн зуу дахин их энэ үйлдвэр төрийнх учраас л татаасаар өнөөг хүргэжээ. Үйлдвэр нь нэмэгдээд, хангалмж нь өсөөд байдаг ч үзүүлэлт нь байнга хасах руу тэмүүлэх аж.
Өөрөөр хэлбэл, энэ байгууллага нэг төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэхдээ гурван төгрөгийн зарлага гаргадаг гэсэн үг. Энэ нөхцөл үйлдвэрлэл явуулах тусам алдалд орно гэсэн үг. Гэтэл татвар төлөгчдийн мөнгийг салхинд хийсгэсээр байгаа төдийгүй эрүүл мэндийг нь давхар хохироож байна. Энэ түлшийг өмөөрч, иргэдийг басамжилсан Байгаль орчны сайд суудлаасаа огцорсон. Сайд явсан ч шахмал түлш нь үлдсэн. Тэгэхээр асуудал хэвээрээ байна гэсэн үг.
Хамгийн аюултай нь хэдэн үеэрээ галаа манаж ирсэн монголчууд хэдэн арваараа энэ түлшнээс болоод хорвоог орхисон. Үхсэний хохь амьдын зол гэгчээр үхсэн хүмүүс буруу галласан болоод дууссан.
Өнөөдөр шахмал түлшний шахаанаас гадна утаа хэмжигч, утаагүй зуух гэх мэт шахааг шахдаг болсон. Ингэж иргэдийн эрүүл мэндээр бизнес хийдэг болсон ч бид чимээгүй хүлцсээр байгаа.
Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Таван толгой түлш” ХХК үүсэн байгуулагдсан.
Хамгийн хачирхалтай нь “Энержи Ресурс”-ээс угаасан эрчим хүчний нүүрс үнэ төлбөргүйгээр татан авдаг хэр нь ийнхүү алдагдалтай ажилладаг. “Тавантолгой түлш” үнэ төлбөргүй авсан нүүрсээ өөрийн эзэмшлийн үйлдвэртээ татан авч барьцалдуулагчтай хольж сайжруулсан түлш үйлдвэрлэн нийслэлчүүдэд зардаг. Цар тахлаас өмнөх хугацаа буюу 2019 оны хувьд “Тавантолгой түлш” компани борлуулалтын орлогоос нийт 25.2 тэрбум төгрөг олсон боловч бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн өртөг 25.3 тэрбум төгрөгтэй тэнцсэн тухай Үндэсний аудитын газар мэдээлжээ. Дээр нь “Эрдэнэс Тавантолгой”-оос жил бүр 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт авч ажилладаг. Энэ мөнгөөр гэр хорооллын мянган айлыг орон сууцтай болгох боломж бий.
Гэтэл ийм байтал ямар ашиггүй, дээр нь иргэдийн эрүүл мэндийг хордуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компанийг байлгаад буй нь түүнээс олох улстөрчдийн ашиг өндөр байна л гэсэн үг. Хэрэвзээ энэ үйлдвэр байсаар байвал төрөөс угжуулсаар байх агаад агаарын бохидол ч байсаар байж бид эдийн засаг, эрүүл мэндээсээ төлбөрийг нь төлнө. Үүнээс ч өмнө утаатай байсан, ийм үйлдвэртэй болноос илүү хоруу чанартай утаатай болсныг бидний улаан хоолой, уушги хоёр хэлээд өгнө. Өвөлдөө ханиад, томуунд зарцуулж буй өрхийн төсвөө нэмбэл бүр ч өндөр тоо гарах нь дамжиггүй.
Яагаад ашиггүй, орлогогүй, алдагдалтай үйлдвэрийг эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж байлгах ёстой гэж…
Холбоотой мэдээ