Эдийн засгийн хямралын илрэл нь залилан

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Эдийн засгийн хямралын илрэл нь залилан

Эдийн засгийн хямралын илрэл нь залилан

"Урьдчилгаа авч, тавилга хийж зарна", "Барьцаагүй мөнгө зээлнэ", "Виз найдвартай гаргана" гэсэн зарууд олон нийтийн сүлжээнд хөвөрнө. Гэтэл иргэд найдвартай хэмээн амласан "өгөөш"-т автаж, мөнгөө залилуулсаар байна.

Залилагч этгээдүүд иргэдэд зах зээлийн ханшаас доогуур үнэ санал болгодог бөгөөд урьдчилгаа төлбөрөө байршуулж, захиалгаа баталгаажуулахыг шаардаж бусдыг залилдаг байна. Цагдаагийн байгууллагаас иргэд мэдээллийг нягталдаггүй нь залилагчдад өгөөш болж байгааг сэрэмжлүүлж буй.

Нэг жишээ дурдахад, иргэн Э нь фэйсбүүк ашиглан "Бүх төрлийн тавилга түргэн, шуурхай хийж, хөдөө орон нутгийн унаанд тавьж өгнө" гэх худал зар байршуулж, 183 иргэнээс урьдчилгаа мөнгө гэж 49 сая төгрөг шилжүүлэн авч, залилжээ.

Түүнд 2022 оны хоёрдугаар сард шүүхээс таван жилийн хорих ял оноосон байдаг.

Эдийн засаг хүндэрч, иргэдийн худалдан авалтын чадвар муудахын хэрээр эд хөрөнгө, бэлэн мөнгөний хонжворт сугалаа, залилан ихсэв. Ялангуяа цахим залилан, сүлжээний бизнесийн талаар монголчууд мэдлэг нимгэн. Тиймдээ ч энэ төрлийн залиланд өртөх хүмүүсийн тоо ихэсч байгааг цагдаагийн байгууллагаас анхааруулсан. Гэвч залиланд өртөгсдийн тоо буурахгүй нэмэгдэж байгаа аж.

ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар өмнө нь "Цахим залилангаас гадна виртуал хөрөнгөтэй холбоотой сүүлийн гурван жилд 468 хэрэг бүртгэгдсэн. Нууц үгээ алдаад койноо алдсан, Монгол дахь койноо гадагшаа алдсан гэх хэрэг 2020 онд ес хэрэг,  2021 онд 81, 2022 онд 370, 2023 онд найман хэрэг тус тус бүртгэгдсэн" талаар мэдээлэл өгч байв.

Мөн сүүлийн жилүүдэд Монгол Улсын иргэд гадаад улс оронд ажиллаж амьдрах нь нэмэгдэж байгаатай холбоотойгоор залилах гэмт хэрэг өсөх хандлагатай байгааг албаныхан мэдээлжээ.

Залилах гэмт хэрэг улсын хэмжээнд 2022 онд 11.839 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 5281 буюу 80.5 хувиар, нийслэлийн хэмжээнд 9810 бүртгэгдсэн нь 4570 буюу 87.2 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарчээ.

Цахим орчинд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг  ихэнхдээ урьдчилсан төлбөр шилжүүлэх,  хүмүүс картаа бусдад ашиглуулах, хувийн мэдээлэл болон нууц кодоо алдах, фэйсбүүк хаягийг нь эвдэж ороод, ойр орчмынх нь хүмүүс рүү мөнгө гуйсан мэссеж явуулдаг залилан луйвар их байгаа нь цагдаагийн байгууллагаас өгч байгаа мэдээллүүдээс харагдаж байна. Иргэд  хууль эрх зүйн болон санхүүгийн мэдлэгээ сайжруулж, мэдээллээ сайтар нягталснаар энэ төрлийн гэмт хэрэгт өртөхөөс сэргийлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж