Утаа "явсан" ч жорлонгийн "угаар" эхэллээ!

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

Утаа "явсан" ч жорлонгийн "угаар" эхэллээ!

Утаа "явсан" ч жорлонгийн "угаар" эхэллээ!

Урин дулаан болж "угаар" нь арилангуут нь араас нь залгадаг асуудал бол жорлонгийн үнэр. Салхи, савир ихтэй үед үнэр нь нийслэлээр нэг тархдаг. Нэн ялангуяа Толгойт, Орбит, Биокомбинатад амьдардаг иргэд зуны улиралд цонхоо онгойлох эрхгүй амьдардаг нь худлаа биш.

Монгол Улс Үндсэн хуульдаа хүн эрүүл орчин амьдрах эрхтэй гэж цагаан дээр хараар биччихсэн. Гэвч, нийслэлчүүд өвөлдөө ч, зундаа ч ялгаагүй өмхийтэй агаараар амьсгалж байна. Өвөлдөө шахмал түлшний, зундаа цэвэрлэх байгууламжийн үнэрээс болоод эрүүл мэндээ алдсаар. Агаарын бохирдлоос болж элэгний болон уушгины хорт хавдраар өвчлөгсдийн тоо өссөн. Тэгвэл Төв цэвэрлэх байгууламжийн үнэрээс болж хэчнээн хүн хорт хавдраар өвчилдөг вэ гэдэгт хариулах албаны хүн алга. Судалгаа ч хараахан байдаггүй аж.  Ямартаа ч төв цэвэрлэхийн ойр орчмын 163 айлын иргэдийн дунд тус байгууламжаас ял­гарах үнэр эрүүл мэндэд нь хэрхэн нөлөөлж буй талаар хамтарсан судалгааг мэргэжлийн байгууллагууд хэдэн жилийн өмнө хийхэд  43 хувь нь элэгний, 47 хувь нь бөөр­ний үрэвсэл, 90 гаруй хувь нь харшлын өвчтэй гэсэн дүн гарчээ. Лагийн үнэр хүний төв мэдрэлийн системийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, судас нарийссанаас толгой өв дөх, нойргүйдэх, ядрах шинж илэрдэг бол бохир агаараар амьсгалснаар үнэр лэх, амтлах эрхтний үйл ажиллагаа муудах, хоолой загатнах, хорсох, ханиалгах, цээж давчдаж нүд загатнах, улайх, үрэвсэх, арьс улайж загатнах зэрэг харшлын шинж илэрдэг хэмээн мэр­гэжлийн байгууллагууд дүг­нэжээ.

Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламж нь хүчин чадлаасаа 3-5 дахин ачаалалтай болсны зэрэгцээ ашиглалтын хугацаа дууссан нь шинэ байгууламжийг барих шаардлагатай болгосон. Тиймээс шинэ цэвэрлэх байгууламжийн шавийг тавьсан. Гэвч, түүнээс хойш цөөнгүй хугацаа өнгөрчээ. Хэлсэн ярьснаа цаг хугацаандаа хийдэг улс байсан бол өдийд "үнэр, танар"-ынхаа асуудлыг шийдчих байлаа.

Гэвч, бүтээн байгуулалтын ажил хойшлогдсоор, таван жилийн нүүрийг үзэв.

Тодруулбал, 2018 онд БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээл болох 262.7 сая ам.долларын санхүүжилтээр  бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болсон билээ.  БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И өнгөрсөн 2018 оны наймдугаар сард Улаанбаатарт айлчлах үеэр Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн хамт “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн нээлтийн ёслолын ажиллагаанд оролцож, тууз хайчилсан ч ашиглалтад хэзээ орох нь асуултын тэмдэг болов.

"ЭНЭ ЖИЛ НИЙТ 350 ХЯТАД АЖИЛТАН АЖИЛЛАНА"

Төв цэвэрлэх байгууламжийн барилга угсралтын төслийн удирдагч Т.Болорчулуунаас энэ талаар тодруулахад "Цар тахлын улмаас шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажил хойшилж, удааширсан. Барилгын ажил одоо л эхлэх гэж байна. Одоогоор Хятад компанийн 40 ажилтан ажиллаж буй. Энэ жил нийт 350 хятад ажилтан ажиллах бөгөөд барилга угсралтын ажлаа 90 хувьд хүргэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар ажил 65 хувьтай үргэлжилж байна. Энэ хавар барилгын ажил эхэлбэл 2024 онд ашиглалтад орох төлөвлөгөөтэй байна. Гэвч барилгын үнийн өсөлтийн асуудал тулгарч байна" гэсэн юм. Монголчууд л болсон хойно, буруу бүхэн бусдынх.  Сүүлийн үед цар тахал, хилийн хориг, тээврийн гацаа, үнийн өсөлт гэсэн сайхан шалтаг тоочдог болсон.

Шинэ төв цэвэрлэх байгууламж нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, одоогийн цэвэрлэх байгууламжийн баруун талд био цөөрмийн талбайд баригдана. Нийт 17.7 га газрыг ашиглахаар төлөвлөсөн байдаг.

Зээл нь жилийн хоёр хувийн хүүтэй, 20 жилийн хугацаатай. Эхний долоон жил зээлийн хүүгээс чөлөөлөгдөхөөр гэрээ байгуулжээ. Нийт санхүүжилтийн 95 хувь буюу 249.6 сая ам.долларыг БНХАУ-ын Засгийн газраас, таван хувь буюу 13.1 сая ам.долларыг Монгол Улсын Засгийн газраас гаргах юм.

Уг байгууламж хоногт 250 мянган м/куб бохир ус хүлээн авч цэвэрлэх хүчин чадал бүхий дэвшилтэт технологи ашиглан, эрчим хүч ба дулаан гаргаж авснаар үйлдвэрлэлийн дулаан, цахилгааны дотоод хэрэгцээний 34 хувийг хангах боломжтой аж.

Цэвэрлэх байгууламжийн ажлын нарийвчилсан зургийг Францын “Артелиа Вил энд Транспорт” компанийн ТЭЗҮ-г үндэслэн БНХАУ-ын Шанхай хотын инженерийн зураг төслийн институт гүйцэтгэж байгааг албаныхан хэлсэн. Харин монгол хэл дээр хөрвүүлэх ажлыг “Сивил инженеринг консалтинг” болон “Криетив монголия” компанийн түншлэл хариуцаж байгаа юм байна.

Бүтээн байгуулалтад ажиллах хүчний хувьд  50-иас доошгүй монголчууд байхаар гэрээндээ тусгасан бол тоног төхөөрөмжийн хувьд 100 хувь БНХАУ-аас импорлохоор болжээ.

Готов нь барина уу, хятад нь барина уу, хамаагүй. Өөрсдөө хийж чадахгүйгээс хойш өрөөлийн хүчээр үнэр танараа шийдчих юмсан.  Хотын түгжрэлээс гадна хотын жорлон ч хотын даргад хамаатай асуудал билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж