ОХУ тэрс үзэлтнүүдтэй технологийн тусламжтай тэмцэв

Хуучирсан мэдээ: 2023.03.30-нд нийтлэгдсэн

ОХУ тэрс үзэлтнүүдтэй технологийн тусламжтай тэмцэв

ОХУ тэрс үзэлтнүүдтэй технологийн тусламжтай тэмцэв

Кремлийн эсрэг үзэлтнүүдийг илрүүлэн, барьж авахын тулд ОХУ-ын эрх баригчид царай таних технологийг ашигладаг. “Reuters” агентлаг шүүхээр шийдэгдсэн 2000 орчим хэрэгтэй танилцаж, тэд хэрхэн ажилладгийг олж мэджээ. 

Андрей Чернышов өнгөрсөн оны тавдугаар сард дайны эсрэг жагсаалд оролцохоор явах замдаа цагдаа нартай тааралдсан. Цагдаа нар түүнийг эрэн сурвалжилж байгаа тухай хэлээд өөр ямар ч тайлбар өгөлгүй цагдаагийн хэсэг дээр аваачжээ. Улс төрийн идэвхтэй, 51 настай сайх эрийг метроны царай таних системийн тусламжтайгаар баривчилсан гэж мэдэгдсэн байна. Баривчлагдахаасаа долоо хоногийн өмнө Чернышов нь Пушкины талбайд ганцаараа “Украины энх тайвны төлөө” гэсэн лоозон барьж зогссон аж. Түүнд ял өгөлгүй хэдэн цагийн дараа сулласан боловч орой нь дахин саатуулжээ. Энэ удаад түүнээс Украины дайн болон ерөнхийлөгч Путины талаар үзэл бодлыг нь асуусан байна. 

Хэт даврагчидтай тэмцэх төвийн ажилтан гэж өөрийгөө танилцуулсан хүн Чернышовт бага насны хүүхэдтэй байж цаашид жагсаал цуглаанд оролцох хэрэггүй гэж зөвлөжээ. “Энэ үгийг нь би заналхийлэл гэж хүлээж авсан” гэж Чернышов хэлсэн байна. 

Чернышов тэр өдөр цагдаа нартай долоон цаг зууралджээ. Гэвч энэ бүхэн дууссангүй. Дараа нь 6, 8, 9 дүгээр саруудад Чернышовыг дахин саатуулж, эсэргүүцлээ илэрхийлэхгүй байхыг сануулсан. Зургадугаар сард тэр гудмаар зөрөх хүмүүст “Дайныг үл тооно, Орос эрх чөлөөтэй болно” гэсэн бичээс тараасан аж. 

Черньшовын хэргийг түр орхиж, ОХУ-ын засгийн газар царай таних системийг хэрхэн ашигладаг тухай сонирхъё. Москва 2017 онд царай таних дэлхийн хамгийн том видео тандалтын сүлжээг ашиглаж эхэлснээ зарлаж байв. Мэдээллийн технологийн газраас мэдээлснээр тухайн үед хот даяар байрласан 160 мянган камерын 3000 гаруйг нь царай таних системтэй холбосон. Эдгээр камер нь олон зуун эсэргүүцэгчийг баривчлахад чухал үүрэг гүйцэтгэсэн нь дамжиггүй юм. Шүүхийн бүртгэлээс харахад баривчлагдсан хүмүүсийн дийлэнх нь 2021 онд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон байж. Мэдээж дайн эхэлснээс хойш ч царай таних системээ тэд ашигласаар байгаа. 

Москва дахь царай таних систем нь Беларусийн нэг, Оросын гурван компанийн үйлдвэрлэсэн алгоритмаар ажилладаг. Эндээс гурван компани нь АНУ-ын “Nvidia” эсвэл “Intel” корпорацийн чипийг ашигладаг аж. Түүнчлэн Орос, Беларусийн компаниуд шинээр гарч ирж буй технологийг үнэлэх зорилготой АНУ-ын туршилтын хөтөлбөрт хамрагдсан байна. Тэр байтугай дээрх компаниудын нэг нь АНУ-ын тагнуулын байгууллагаас 40 мянган долларын шагнал авсан гэх мэдээлэл байна. Тиймээс ОХУ-ын царай танилтын системийг хөгжүүлэхэд АНУ дэмжлэг үзүүлсэн гэж үзжээ. 

Гэхдээ шинэ технологийг үнэлэх туршилтын хөтөлбөрт оролцлоо гээд энэ технологийг ашиглаж болно гэсэн үг биш гэдгийг АНУ-ын Худалдааны үндэсний стандарт, технологийн хүрээлэнгийн төлөөлөгч хэлжээ. 

Москвагийн метроны буудлуудад цагдаад саатуулагдсан 29 хүнээс “Reuters” агентлаг ярилцлага авсан байна. Тэдний 28-ыг нь цагдаа нар царай таних систем ашиглан баривчилсан байжээ. Мөн дор хаяж 14 хүн нь “Sfera” нэртэй системийг дурдсан аж. “Sfera” видео аналитик систем нь “VisionLabs” технологийг ашигладаг.

Баривчлагдсан хүмүүсийн дунд оюутан, өндөр настан, эрдэмтэн, эрдэм шинжилгээний ажилтан, шуудан зөөгч байсан. Тэд бүгд Кремлийг шүүмжлэгч бөгөөд засгийн газрын эсрэг жагсаалд оролцсон түүхтэй улс байжээ. Мөн дор хаяж 12 хүн нь суллагдахаасаа өмнө дахиж жагсаал хийхгүй, эсэргүүцлийн эсрэг сануулга авснаа хүлээн зөвшөөрч байна гэсэн утгатай бичигт гарын үсэг зурсан. 

“VisionLabs”-ийн гүйцэтгэх захирал Антон Назаркин хэлэхдээ Москвад гуравдагч этгээдээр дамжуулан үйлчилгээ үзүүлдэг гэжээ. Гэхдээ гуравдагч этгээдийн нэрийг хэлэхээс татгалзсан байна. “VisionLabs” алгоритмыг 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр Москвад нэвтрүүлсэн боловч одоо метронд ямар зорилгоор ашиглаж байгааг мэдэхгүй гэж хэлжээ. 

ОХУ-ын төрийн тендерийн цахим хуудаст нийтлэгдсэн гэрээнүүдээс дэлгэрэнгүй мэдээлэл авч болно. Тодруулбал, Москвад “VisionLabs”-ийн “Luna” платформ, “NtechLab”-ийн “FindFace”, “Tevian”-ийн “FaceSDK”, мөн Беларусийн “Synesis” компанийн бүтээсэн “Kipod” нэртэй нүүр царай таних программ хангамжийг ашигладаг. 

Антон Назаркины хэлснээр “Хиймэл оюун ухааны програм хийдэг бараг бүх компани Nvidia GPU ашигладаг” аж. “Nvidia” 2022 оны гуравдугаар сард АНУ-ын хориг арга хэмжээтэй холбоотойгоор Орос руу борлуулалтаа зогсоосон. Гэхдээ бүтээгдэхүүнийхээ хэрэглээг хянах боломжгүй гэдгээ мэдэгдсэн байна. Ямартай ч 2022 оны дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 31-ний хооронд “Nvidia”-ийн 129 бүтээгдэхүүн гуравдагч этгээдээр дамжин Орост очсоныг гаалийн бүртгэлээс харж болох юм. Үүний дор хаяж 57 тээвэрлэлтэд нь “GPU” багтсан байжээ.  

Хяналтын камер бол эсэргүүцэгчдийг дарах кампанит ажлын зөвхөн нэг хэсэг юм. “Эрх баригчид зэвсэгт хүчнийг гутаах зорилготой олон нийтийн үйл ажиллагаа явуулж, худал мэдээлэл тараасан үйлдэлд 3-15 жилийн ял оноодог. Эс бол торгууль оноодог. Нийтлэлийн эхэнд дурдсан Чернышов нь 2022 онд урьдчилан сэргийлэх зорилгоор баригдсан 141 хүний нэг. Тэднийг ихэвчлэн жагсаал цуглаантай үеэр, хүмүүсийн дайныг эсэргүүцэх сэтгэл хөдлөл өндөр байгаа үеэр баривчилдаг. Тухайлбал, өнгөрсөн оны есдүгээр сард хэсэгчилсэн дайчилгаа зарласны дараа олон хүнийг метронд саатуулжээ. “Reuters” агентлаг энэ талаар хуульчдаас тодруулахад, царай таних технологийг энэ мэтээр ашиглах нь хууль бус гэж хариулжээ. 

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж