Нүүрсний хэрэгт холбогдон, Авлигатай тэмцэх газар /АТГ/-т шалгуулж байгаа УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо өчигдөр хэлэлцэн, хүлээн авсан нь байнгын ажиллагаатай парламент байгуулагдсанаас хойших гурав дахь түүхэн шийдвэр боллоо.
Учир нь, УИХ байгуулагдсанаас хойших 30 гаруй жилийн хугацаанд хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын хүсэлт долоон удаа УИХ-д ирж, Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар хэлэлцэгдэхэд хамгаалж, дархан эрхтэй нь үлдээж байв. Хамгаалж, хаацайлсан шалтгаанаа “Парламентын дархлааг сулруулах эрсдэлтэй тул түдгэлзүүлээгүй” гэсэн тайлбараар зөвтгөж ирсэн.
Одоо УИХ дахь МАН-ын бүлэг Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг УИХ дээр хамгаалж чадвал нүүрсний бүлэглэлтэй тэмцэх хүсэл эрмэлзэл байгааг нотолно гэсэн үг.
Эрх баригч хүчин болох МАН УИХ-д 61 суудалтай бол УИХ дахь Ардчилсан намын бүлэг 11 суудалтай. Нүүрсний хулгайтай тэмцэх эсэх эцсийн шийдвэрийг эрх баригч хүчин л гаргана.
Тодруулж хэлбэл, цөөнхийн бүлгийн 11 кноп шийдвэр гаргахад нөлөөлж чадахгүй гэсэн үг. Хамгийн гол нь санал хураалтыг нууцаар явуулдаг тул УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаас гаргасан шийдвэрийг өөрчилж болох талтай. Иймээс УИХ дахь МАН-ын бүлэг нүүрсчдийг өмгөөлөхгүй гэдэг байр сууриа хамгаалж чадах уу гэдэг нь өнөөдрийн хамгийн анхаарал татсан асуудал болж байна.
УИХ-ын гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлнэ гэдэг нь хэргийг мухарлахад нэн тустай. УИХ-ын тухай хуулийн 9.8-д зааснаар УИХ-ын гишүүнд халдашгүй байдлын долоон төрлийн хориг үйлчилж байдаг. Үүнд:
- УИХ-ын гишүүнийг албадан саатуулахыг хориглоно,
- УИХ-ын гишүүнийг цагдан хорихыг хориглоно,
- УИХ-ын гишүүний гэрт үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно,
- УИХ-ын гишүүний албан өрөөнд үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно,
- УИХ-ын гишүүний тээврийн хэрэгсэлд үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно,
- УИХ-ын гишүүний биед нь үзлэг нэгжлэг хийхийг хориглоно,
- УИХ-ын гишүүнд шүүхийн журмаар захиргааны шийтгэл оногдуулахыг хориглоно гэж заасан.
Өөрөөр хэлбэл, УИХ-аас нэр дурдсан дээрх гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэх шийдвэр гарвал мөрдөн шалгах ажиллагаанд саад учирна. Нотлох баримт олж авч бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орно л гэсэн үг юм.
Нүүрсний хэрэгт нэр холбогдоод байгаа нэр бүхий гурван гишүүний хувьд "Хуулийн байгууллага зохиомол хэрэгт гүтгэж байна" гэдэг тайлбараар биеэ хаацайлах болсон.
Харин Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан "Үндэслэл байгаа учраас яллагдагчаар татсан. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байхад гүтгэгдсэн гэдэг асуудал ярих нь өрөөсгөл" гэдэг тайлбар хийгээд байгаа юм.
Түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгааг тодотгосон. Энэ хэрэгт холбогдуулан 11 хүнтэй уулзахыг хориглосон хязгаарлалт тогтоосон. Нэг хүнийг яллагдагчаар татаж, Т.Аюурсайхан гишүүнтэй холбогдуулан шалгаж байгаа бөгөөд нийтдээ 119 хүнийг гэрчээр дуудаж, тайлбар мэдүүлэг авчээ.
УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан үндэслэлээр яллагдагчаар татсан. Уг асуудалд холбогдуулан 16 эд хөрөнгө битүүмжилж, 60 хүн гэрчээр дуудаж асуужээ.
УИХ-ын гишүүн Н.Наранбаатарыг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хамаарал бүхий аж ахуй нэгждээ давуу байдал үүсгэсэн үндэслэлээр тус, тус шалгаж байна.
Г.ХОРОЛ