Шуурхай: МАН-ын бүлэг санал хураахгүйгээр УЕП-ын саналыг хүлээж авлаа

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Шуурхай: МАН-ын бүлэг санал хураахгүйгээр УЕП-ын саналыг хүлээж авлаа

УИХ дахь МАН-ын бүлэг гурван гишүүний бүрэн эрхийн асуудлыг хэлэлцээд санал хураахгүйгээр улс төрийн шийдвэрээ гаргалаа. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2023.03.29/ энэ асуудлаар хэвлэлийнхэнд байр сууриа илэрхийлэхдээ Халдашгүй байдлын дэд хорооны санал, шийдвэрээс шалтгаалан улс төрийн шийдвэрээ МАН-ын бүлэг гаргана гэсэн юм. Бүлгийн хуралдаанаас гаргасан улс төрийн шийдвэрээ УИХ дахь  МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцууллаа. Тэрбээр УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих шийдвэр албан ёсоор гаргалаа гэв. МАН-ын бүлгийн хуралдаанд 61 гишүүнээс 46 гишүүн оролцсон байна. Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь Халдашгүй байдлын дэд хорооны саналыг бүрэн дэмжжээ. Гишүүдийн холбогдсон хэрэгтэй танилцах эрхтэй байгууллага бол Халдашгүй байдлын дэд хороо. Тус хорооны гишүүд найман цаг хуралдаж, УЕП-ын саналыг дэмжсэн учраас МАН бүлэг улс төрийн шийдвэрээ гаргасан гэдгийг  Д.Тогтохсүрэн мэдэгдлээ. Бүлгийн хуралдаанд МАН-аас нэр нь холбогдсон хоёр гишүүн болох Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нар оролцож, байр сууриа илэрхийлсэн байна.

БҮЛГИЙН ХУРАЛД УИХ-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙ САЙД НАР ОРОЛЦОЖ БАЙНА

Нэмэлт:

МАН-ын бүлгийн хаалттай хуралдаанд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцож байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  УЕП-оос ирүүлсэн УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн байр суурийг бүлгийнхэндээ илэрхийлсэн байна.  УЕП-оос УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлсний хоёр нь МАН-ын бүлгийн гишүүд юм.

МАН-ЫН БҮЛЭГ ХААЛТТАЙ ХУРАЛДАЖ БАЙНА

Халдашгүй байдлын дэд хорооны хурлаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах УЕП-ын хүсэлтийг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргаснаа тус хорооны дарга  Ц.Мөнх-Оргил мэдээлсэн.  Тус хорооноос гаргасан шийдвэрийг үндэслэж улс төрийн шийдвэрээ гаргана гэдгээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан өнөөдөр хэвлэлд мэдээлсэн. Тиймээс МАН-ын бүлгийн хурал хаалттай өрнөж байна.  Бүлгийн шийдвэр гарсны дараа Хууль зүй байнгын хороо болон Төрийн байгуулалтын байнгын хороогоор уг асуудлыг хэлэлцэнэ.  Үүний дараа УИХ-ын чуулганаар гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэнэ.

Эх сурвалжийн өгсөн мэдээгээр МАН-ын бүлэг УЕП-ын саналыг хүлээж авч магадгүй байна. Энэ асуудлаар ҮАБЗ хэлэлцэж, тэднийг явуулахаар санал нэгдсэн гэх албан бус мэдээлэл ч улс төрийн хүрээнээс цацагдаж байна.

Б.БАТ

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж