Нийгмийг шуугиулсан дуулиант хэргүүдийг хэрхэн шийдвэрлэх нь олон нийтийн анхаарал татсан хэвээр байгаа. Тэгвэл ирэх дөрөвдүгээр сард болох нүүрсний хулгайн сонсгол, Хөгжлийн банкны хэрэг, төмөр замын шалгалттай холбоотой мэдээллийг нэгтгэн хүргэж байна.
НҮҮРСНИЙ ХУЛГАЙН АСУУДЛААР ДАХИН НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙНЭ
УИХ-ын дарга Г.Занданшатар өнгөрсөн арванхоёрдугаар сард хэлэхдээ “Нийт есөн гишүүнээс нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспортын асуудлаар ерөнхий хяналтын сонсгол явуулах санал гарган дэмжиж, яаралтай зохион байгуулах талаар УИХ-ын дарга захирамж гаргаж, асуудлыг иргэдтэй хамтран цэгцлэх, мухарлах шаардлагатай гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 23.1-д зааснаар УИХ-ын гишүүн бол нийт ард түмний төлөөлөгч бөгөөд нийт улсын ашиг сонирхлыг эрхэмлэн дээдэлж ажиллана гэсэн зарчимтай. УИХ-ын тухай хуулийн 25.1, Үндсэн хуулийн 28.2-т заасны дагуу нийтийн эрх ашигтай холбоотой асуудлаар хяналт шалгалтын түр хороо байгуулж болно гэж заасан байдаг.
Асуудлыг шалгахад бэрхшээл тулгарч байвал төрөөс түүнд дэмжлэг үзүүлнэ. Тиймээс нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар нээлттэй сонсгол зохион байгуулах ажлын хэсгийг байгуулсан.
Төр үнэхээр ард түмний төсвөөс хулгайлсан бол түүнийг илчлэх ёстой. Ард түмний шаардаж байгаа мэдээллийг ил тод болгох нь зүйтэй. Иргэдийнхээ талд байж дэмжих үүрэгтэй. Тиймээс сонсголыг өндөр түвшинд иргэдийн оролцоотой зохион байгуулна” гэж арванхоёрдугаар сарын 20-нд нээлттэй сонсгол хийж байв.
Тэгвэл тус нээлттэй сонсголыг ирэх дөрөвдүгээр сард дахин зохион байгуулах нь.
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Буянтүмэн, тус хэлтсийн албаны дарга, ахлах комиссар Б.Батбилэг нар өнгөрсөн долоо хоногт нүүрсний гэх хэргийн талаар мэдээллийг өгсөн. Энэ үеэр, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг орд газраас “Эрдэнэс тавантолгой” ХК болон орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК нүүрс олборлох, түүнийг борлуулах, тээвэрлэх, улсын хилээр нэвтрүүлэх, төмөр замын бүтээн байгуулалт, барилгын ажил гүйцэтгэх, бараа ажил үйлчилгээ худалдан авах тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон, хахууль авсан, мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Одоо ажлын хэсэг хэрэг бүртгэлтийн 25, мөрдөн байцаалтын 17, нийт 42 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Энэ хугацаанд Гааль, Хил хамгаалах, Автотээврийн үндэсний төвийн эрх бүхий албан тушаалтнууд хууль бусаар гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлсэн, улмаар хахууль авсан, мөн олон улсын ачаа тээврийн С зөвшөөрөл олгохдоо бусдаас хахууль авсан нийт 42 яллагдагчид холбогдох гурван хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусган шүүхэд шилжүүлэх саналтай Нийслэлийн Прокурорын газарт хүргүүлсэн.
Өнгөрсөн хугацаанд мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 85 иргэн, албан тушаалтанд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан. Яллагдагч нарыг албан тушаалын байдлаар авч үзвэл нийтийн албан тушаалтан 48 шалгагдаж байна.
Шалгаж буй хэргүүдэд одоо 8 яллагдагч цагдан хоригдож байна. Үүнээс гадна улсын хилээр гарахыг хязгаарласан 41, албан үүргийг биелүүлэхийг түдгэлзүүлэх 4, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг 26 яллагдагчид аваад байгаа” гэсэн юм.
Ямартай ч ирэх сард болох нээлттэй сонсголын үеэр тус хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин ахиц гарах бизээ.
ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 17-НД ХӨГЖЛИЙН БАНКНЫ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛНЭ
“Хөгжлийн банк”-ны гэх хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан өнгөрсөн хоёрдугаар сарын 15-16-ны өдөр үргэлжилж, гэм буруугийн шүүх хурлын товыг энэ сарын 2-нд товлоод байсан. Гэвч тус товыг сунгаж ирэх дөрөвдүгээр сарын 17-ны 08:30 цаг хүртэл сунгаад байгаа. Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд ирүүлсэн “Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэгдүгээр сарын 25-нд хүлээн авч, хуульд заасан журмын дагуу тухайн шүүхийн Ерөнхий шүүгчид хуваарилагдан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдэж байгаа юм.
Прокуророос одоогийн байдлаар 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд хүргүүлсэн. Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүхийн эцсийн шийдвэр огт гараагүй бөгөөд хэлэлцүүлэгт нийт 250 гаруй оролцогч оролцсон юм.
ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.БИЛГҮНЗАЯА:
-Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн банктай холбоотой гэх 80 гаруй холбогдогч 257 оролцогчтой 460 гаруй хавтаст хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Шүүх тус хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдүүд болон тэдгээрийн өмгөөлөгчдөөс гарсан хүсэлтийн дагуу Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчдын гэм буруугийн асуудал болон, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцээгүй..
Яллагдагч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын хүсэлтийг шийдвэрлэх, шүүх хуралдааны бэлтгэл ажлыг хангахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Энэхүү хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны танхим Монгол Улсад байхгүй. Гэхдээ Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах холбогдох арга хэмжээг авсан.
Шүүх хуралдааныг шүүх танхимаас бусад газарт хийх нийтлэг журмын дагуу тухайн танхимын техник тоног төхөөрөмжийг хангаж ажиллаж байна.
Хэргийн оролцогч болоод хавтаст хэрэг маш их байгаа учир шүүх хуулийн дагуу шийдвэрээ гаргана.
Холбоотой мэдээ