Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэр гаргасан талаар тус хорооны дарга Ц.Мөнх-Оргил мэдээлэл хийлээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулж ирсэн. УИХ, УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж санал гаргалаа.
Ерөнхий прокуророос асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын саналыг хүлээж авах нь зүйтэй гэсэн шийдвэрийг Халдашгүй байдлын дэд хорооноос гаргалаа. Нэгдүгээрт, гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлсэн гурван гишүүний гэм буруутай нь тогтоогдож байгаа зүйл биш. Энэ бол хууль хяналтын байгууллага мөрдөн байцаах ажиллагаагаа түргэн шуурхай явуулах боломжийг хангаж байна.
Хоёрдугаарт, мөрдөн шалгах ажлыг шуурхай явуулж гэм буруутай гэж үзвэл шүүхэд шилжүүлэх, гэм буруугүй нь тогтоогдвол УИХ-ын гишүүний бүрэн эрхийг сэргээх саналыг түргэн хугацаанд УИХ-д оруулж ирэх саналыг Ерөнхий прокурор болон хууль хяналтын байгууллагад хүргүүллээ. Дэд хорооны гишүүд санал нэгтэйгээр энэ шийдвэрт хүрсэн. Дараагийн процессын тухайд эхлээд Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хуралдана. Ерөнхий прокурор тус хорооны гишүүн бүрт саналаа танилцуулна. Халдашгүй байдлын дэд хороо санал дүгнэлтээ танилцуулна. Гишүүд Ерөнхий прокурор болон Халдашгүй байдлын дэд хорооноос асуулт асууж, хариулт авна. Нэр холбогдсон гишүүд өөрсдийн санал бодлоо хэлнэ. Нэр холбогдсон гишүүдээс байнгын хорооны гишүүд асуулт асууж, хариулт авна. Хоёр байнгын хороо тус тусдаа нууц санал хураалт явуулна. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтээр УИХ-ын нэгдсэн хуралдаан шийдвэр гаргана.
Дашрамд дурдахад, Халдашгүй байдлын байнгын хорооны шийдвэрийг харгалзаж, улс төрийн шийдвэрээ гаргана гэж МАН-ын генсек Д.Амарбаясгалан мэдэгдсэн.
Холбоотой мэдээ