Нүүрсний гэх тодотголтой авлига, албан тушаалын гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдсан. Тэгвэл энэ асуудалд нэр холбогдоод байгаа Д.Бат-Эрдэнэ гишүүнээс зарим зүйлийг тодрууллаа.
–Та прокурорын дүгнэлттэй санал нийлж байгаа юу?
-Санал нийлэхгүй байгаа.
-Жижиг ТаванТолгойг хувийн өмч мэтээр ашиглаж байсан гэх мэдээлэл бий. Үүнд та ямар байр суурьтай байна вэ?
-Нээлттэй хувьцаат компани дүрэм журмынхаа хүрээнд үйл ажиллагаа явуулна.
-Таныг өөртөө 28.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг өөртөө хувиарласан гэх мэдээлэл бий?
-Прокурорын дүгнэлт дээр 15.5 тэрбум төгрөгийн ногдол ашгийг илүү хувиарласан гэх мэдээлэл бий. Бүх тайлан тэнцэл нь Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж дээр шалгагдаж байгаа. Надтай хамаарал бүхий компаниудад орох ёстой байсан 15.5 тэрбум төгрөг миний данс руу орсон. Хэрэв тэнд ямар нэгэн илүү байдал үүсвэл дутна шүү дээ. Бусад хувьцаа эзэмшигчид ногдол ашгаа дутуу авна. Ийм асуудал байхгүй. Эхнэрийн хувьцааны ногдол ашиг миний данс руу орсон асуудал байдаг. Энд асуудал үүссэн байна гэж үзэж байгаа.
-Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан шийдвэрт таныг нөлөөлсөн гэж үзэж байгаа юм байна?
-Нөлөөлсөн зүйл байхгүй. Хувьцаа эзэмшигчид бүгд хуралдаж шийднэ.
-Яагаад 15.5 тэрбум төгрөг таны дансанд орсон юм бэ?
-Ногдол ашиг учраас орох ёстой мөнгө шүү дээ
-Орон нутгийн иргэд ногдол ашиг хүртсэн үү?
-Хүртэлгүй яахав. ТаванТолгой ХХК-ийн 51 хувь нь орон нутгийн мэдэлд, 49 хувь нь Хөрөнгийн биржээр худалдаалагдсан. Нийт 3000 орчим хувьцаа эзэмшигч бий. Миний хувьд нийт 20 гаруй хувийн хувьцаа эзэмшдэг.
–Мөнгө угаах гэмт хэрэгт та буруутгагдаж байгаа юу?
-Мөнгө угаана гэдэг нь ямар нэгэн байдлаар гэмт хэргийн шинжтэй мөнгийг өөр газар аваачиж эргэлтэд оруулахыг хэлнэ. Гэмт хэргийн биш цэвэр мөнгийг хаашаа хийх нь хувь хүний асуудал. Тиймээс энд ямар нэгэн байдлаар мөнгө угаасан асуудал байхгүй.
-Орон нутгийн эзэмшдэг ногдол ашиг хувиарласан мөнгөнөөс зургаан тэрбум төгрөг сох дутсан асуудал байгаа шүү дээ?
-Орон нутгийн өмчит Тавантолгойгоос 5.9 тэрбум төгрөг дутсан гэх асуудал байдаг. дутсан гээд байгаа дээрх мөнгөөр Өмнөговь аймагт Орон нутгийн өмчит 3Мвт-ын дулааны цахилгаан станц баригдаад ашиглагдаж байгаа. Энэ станц сүүлийн үед Өмнөговь аймгийг гал алдахад ганц авч яваа дулааны цахилгаан станц. Уг станцыг барихтай холбоотой шийдвэр зарцуулалт ном журмын дагуу явж байгаа.
-Та бүрэн эрхээсээ татгалзаж шалгуулах уу, эсвэл өөрөө хүсэлтээ өгөх үү?
-Би Өмнөговь аймгийн 70 мянган иргэний төлөөлөл. Миний бүрэн эрхээсээ татгалзах эсэх асуудал улсын төсвийг нуруун дээрээ үүрдэг өмнөговьчууд төрд төлөөлөлтэй байх эсэхтэй шууд хамааралтай. Өмнөговь аймгаас сонгогдсон хоёр гишүүний эрхийг түдгэлзүүлэх асуудал орж ирж байна. Жилийн хугацаанд нөхөн сонгууль явагдахгүй. Төрд төлөөлөлгүй болно гэдэг байгалийн баялгаа гадныханд зарж байгаа бмнөговьчуудын хувьд сайхан амьдрах, зөв хөгжих, зөв хөрөнгө оруулалт татах зэрэг чухал асуудал орхигдоход хүрнэ. Эдгээр асуудлуудыг улсын төсөвтэй холбох, хөгжлийн том асуудалд анхаарах нь тэднийг төрд төлөөлж байгаа УИХ-ын гишүүдийн үүрэг. Төрд төлөөлөх УИХ-ын хоёр гишүүнээ алдсанаар өмнөговьчууд л хохирч үлдэнэ. Гишүүд цаашид хууль хяналтын байгууллагаар шалгуулах нь зөв. Түүнийг дэмжиж байгаа. Би бүрэн эрхээсээ түдгэлзэхгүй байлаа гээд хууль хяналтын байгууллагаар шалгуулахгүй, зугатах, илүү боломж хайх асуудал ерөөсөө байхгүй. Төлөөллийн эрхээ хангахын тулд бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр хууль хяналтын байгууллагад шалгуулах, мөрдөн байцаалтад оролцох нь зүйтэй хэмээн үзэж байна.
-Танд мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан зүйл байна уу?
-Байхгүй. Би гурван удаа мэдүүлэг өгсөн. Энэ хугацаандаа ямар нэгэн байдлаар мөрдөгчийн үйл ажиллагаанд саад учруулж, гишүүний давуу байдал гаргасан зүйлгүй.
-Таныг Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой уулзахыг хориглосон. Шалтгаан нь юу вэ?
-Өмнөговь аймгийн ТаванТолгой ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2013-2020 он хүртэл Р.Сэддорж ажиллаж байсан учраас хоорондоо харилцаа үүсгэхгүй байхыг албан ёсоор тусгаарладаг юм байна.
Холбоотой мэдээ