Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Украинд очсон байна. Өнгөрсөн онд түүнийг Олон улсын ардчилсан холбооны (IDU) Ази, Номхон далайн бүсийг хариуцсан дэд даргаар сонгосон агаад тус байгууллагын шугамаар Украинд ажиллаж байгаа аж. Тэрбээр дайны хөлд нэрвэгдсэн Киев, Буча, Ирвин хотуудын бодит байдлыг нүүр номоороо дамжуулан зураг, видеогоор үзүүлсэн.
Энэ талаараа "2023 оны гуравдугаар сарын 27-нд Украины нийслэл Киев хотод байна. Дайн 14 дэх сардаа орж, ид тулалдаан явж байгаа үед ирлээ. Киевт зогсож байхад дайн болж байгаа гэсэн ойлголт, дайн хол юм шиг санагдаж байна.
Гэхдээ өчигдөр Буча зэрэг газруудаар эзлэн түрэмгийлэгчид Киевийн төв талбайгаас 17 километрийн зайд орж ирж, ширүүн тулалдаан болсон газар буюу "Амьдралын гүүр" гэж нэрлэгддэг гүүр, гэр орноо шинээр барьж байгаа хүмүүсийг харахад дайн их ойрхон байдаг юм байна" хэмээн видео бичлэгтээ өгүүлжээ.
Ц.Элбэгдорж нь ОХУ-аас Украин руу хийсэн цэргийн ажиллагааг буруутгаж, дайнаа даруй зогсоохыг В.Путинд хандаж уриалж байсан удаатай. Мөн тэрбээр саяхан “Яагаад Украин заавал ялах ёстой гэж” нийтлэл бичсэн агаад түүндээ “Ялалт бол зөвхөн Оросын булаан эзлэгчдийг үлдэн хөөснөөр, Украйны эзлэгдсэн газар нутгийг бүрэн чөлөөлснөөр ч зогсох учиргүй. Украйн улсыг Путины дайнаас эргэж сэргээтэл, тэмцэл тулааны нурангиас босож иртэл үргэлжлэх ёстой. Хэрэв Украйн ингэж чадахгүйд хүрвэл эрх чөлөө, чөлөөт ертөнц дарангуйлагчдын зүгээс үргэлжлэн ирэх дайралт, доромжлолд өртсөөр байх болно. Чөлөөт ертөнцөд ялагдах эрх байхгүй” гэсэн бий.












































































































Б.БАТ
Холбоотой мэдээ