"Program Think" гэх нууц нэртэй хятад блоггер 12 жилийн турш авторитар дэглэмийн эсрэг нээлттэй тэмцсэн. Тус блоггер нь кибер аюулгүй байдлын талаарх техникийн зөвлөгөө, улс төрийн шүүмж, Хятадын интернет цензураас хэрхэн аюулгүй мултрах, Коммунист намын улам бүр нэмэгдэж буй тоталитар засаглалыг эсэргүүцэх тухай зөвлөмжийг өгдөг.
Хятад улс тэрс үзэлтнүүдтэй байнга тэмцдэг ч тухайн блоггер баригдалгүй үлдэж чадсанаараа бахархдаг гэв. Гэвч тэр 2021 оны тавдугаар сард гэнэт алга болжээ. Блог шинэчлэгдэхээ больж, Twitter болон GitHub хаягууд нь идэвхгүй болсон. Түүнийг осолд орсон, өвчинд нэрвэгдсэн, эрх баригчдад баригдсан гэх зэрэг янз бүрийн таамаглал гарч иржээ.
Тэгвэл блоггерын эхнэр Бэй тухайн үед юу болсныг саяхан дэлгэв. Эхнэр нь хүртэл нөхрөө ямар нэртэй, ямар агуулгатай блог хөтөлдөгийг мэддэггүй байжээ. Блоггерыг Руан Шиаохуан гэдэг бөгөөд 45 настай. Түүнийг 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр цагдаа нар гэрээс нь баривчилжээ. Руан Шиаохуаныг төрийн эрх мэдлийг унагахыг завдсан хэргээр долоон жил хорих ялаар шийтгэсэн аж. Эхнэр нь нөхрийнхөө хэргийн талаар дэлгэрэнгүй мэдэх ямар ч боломжгүй байсан ба энэ оны хоёрдугаар сарын 10-нд Шанхай хотын шүүх дээр ял сонсч байхад нь л нэг удаа нөхрөө харсан байна. Нөхөр нь энэ үед ер бусын туранхай, үс нь тэр чигээрээ цайсан харагджээ.
Шүүхийн шийдвэрт дурдсанаар Руаныг 2009 оны зургадугаар сараас хойш худал гүтгэлэг, цуурхал тараан улс орны өнөөгийн тогтолцоонд халдаж, төрийн эрхийг бутаргах, социалист тогтолцоог нураах зорилготой 100 гаруй нийтлэл бичсэн гэжээ. Харин хилийн чанад дахь платформууд дээр 700 гаруй нийтлэл бичсэн байна.
Эрх баригчдын зүгээс Руаны эхнэрт дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй тул тэр өөрөө судалж эхэлсэн байна. Хайх явцдаа Родины "Сэтгэгч" нэртэй баримлын зургийг аватар болгосон нэгэн блог олжээ. Тус блог дээрх бүх мэдээлэл нөхрийнх нь мэдээлэлтэй таарч байсан. "Тэр ийм удаан хугацаанд ямар их дарамт шахалт амссаныг би ойлгосон. Энэ бүх аюултай зүйлийг тэр ганцаараа хийж байжээ. Түүнийг баривчлагдсаны дараа хэн ч туслаагүй, учир нь түүнийг "Program Think" гэдгийг хэн ч мэдэхгүй" гэж эхнэр нь ярьжээ.
Эх сурвалж: CNN