"Түдгэлзүүлэхгүй мөрдөн шалгана гэвэл саад учирна"

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

"Түдгэлзүүлэхгүй мөрдөн шалгана гэвэл саад учирна"

"Түдгэлзүүлэхгүй мөрдөн шалгана гэвэл саад учирна"

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханаас УИХ-ын гурван гишүүний бүрэн эрхийг ямар үндэслэлээр түдгэлзүүлэх болсон талаар тодрууллаа.


-УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарыг ямар үндэслэлээр бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлт гаргасан бэ?

-Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг өнгөрөгч баасан гарагт УИХ-д оруулж ирсэн. Тухайлбал, Т. Аюурсайхан гишүүний хувьд үндэслэлгүй хөрөнгөжих, зохион байгуулалттай бүлэг байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байна. Энэ хэрэгтэй холбогдуулан 11 хүнтэй уулзах хязгаарлалт тогтоосон. Нэг хүнийг яллагдагчаар татаж Т.Аюурсайхан гишүүнтэй холбогдуулан шалгаж байна. Нийтдээ 119 хүнийг гэрчээр дуудаж асуусан. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ дээр мөнгө угаах, үндэслэлгүй хөрөнгөжих, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж яллагдагчаар татсан. Уг асуудалд холбогдуулан 16 эд хөрөнгө битүүмжилсэн, 60 хүн гэрчээр дуудаж асуусан. Энэ ажиллагаануудын үр дүнд тодорхой гишүүдтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдах гэж байгаа учраас мөрдөх байгууллагад ажиллах бололцоог нь олгох гэж байна. Түдгэлзүүлэхгүйгээр ажиллагаа явуулах нь хэрэг шалгаж байгаа мөрдөгч болон хяналт тавьж байгаа прокурорт эрсдэл үүсгэнэ.  Мөрдөн шалгах ажиллагаануудын хүрээнд аль нэг газарт нэгжлэг хийхэд тодорхой гишүүний өөрийн хамаарал бүхий обьектуудад орвол энэ нь хууль бус ажиллагаа болдог. Учир нь УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдалд нөлөөлсөн гэж үздэг. Улсын их хурлын тухай хуулийн 9.8-д гишүүнийг албадан саатуулах, өрөө тасалгаа, гэр оронд нь нэгжлэг хийхийг хориглох заалттай. Тийм учраас ийм мөрдөн шалгах ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага үүсэх магадлалтай байгаа учраас мөрдөн шалгах ажиллагааг хэвийн явуулах боломжоор хангахын тулд нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулсан.

-Гишүүдийн хувьд хэлмэгдүүлэлтэд өртлөө, гүтгэгдэж байна гэх тайлбар өгч байна. Та өөрийн илэрхийлсэн байр сууриа Халдашгүй байдлын дэд хороон дээр хамгаалах шаардлага үүсэх байх?

-Тухайн хүн өөрийгөө өмгөөлөх эрхтэй. Өмгөөлөгчөөр дамжуулж өмгөөлүүлэх эрхтэй. Тодорхой шийдвэр гарсны дараа буруутгагдлаа, гүтгэгдлээ гэж ярих байх. Одоогийн асуудал бол цэвэр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаатай холбоотой. Мөрдөн шалгах ажиллагаа бүрэн дуусаагүй байхад гүтгэгдсэн асуудал ярих нь өрөөсгөл.

-Өмнө нь Хөгжлийн банкны асуудалд холбогдсон гишүүдийн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэхэд хүлээж аваагүй. Одоо Халдашгүй байдлын дэд хороо таны саналыг дахин хүлээж авахгүй бол яах вэ?

-Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явагдаад яллагдагчаар татах үндэслэл байгаад нэр бүхий гурван гишүүнийг яллагдагчаар татсан. Тийм учраас энэ ажиллагаа цаашид хийгдэх нь гишүүний бүрэн эрхтэй холбоотой учраас хэрэв гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүй гэх шийдвэр УИХ-аас гарвал мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой хэмжээнд саад учирна. Нотлох баримт олж авч бэхжүүлэх ажиллагаа зогсонги байдалд орно.Дараагийн нөхцөл байдлыг одоо тодорхойлох боломжгүй байна.

-Дахин гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг оруулж ирэх үү?

-Энэ бол мөрдөн шалгах ажиллаатай холбоотой асуудал. Анх 10 гишүүний нэр холбогдож байсан учраас тэр бүгдийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэх агуулгадаа биш л дээ. Мөрдөн шалгах байгууллага өөрийн үйл ажиллагаа явуулахад гишүүний халдашгүй, дархан байдал нөлөөлөхөөр байгаа бол гишүүний бүрэн эрхийн асуудлыг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулж ирнэ. Нөлөөлөхгүйгээр нотлох баримтыг цуглуулаад мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар бол ердийн журмаар шийдээд явна.

-Нүүрсний хэрэгтэй холбоотой сүүлимйн үеийн мэдээлэл юу байна?

-Нүүрсний гэх хэрэг эхэлснээс хойш 8979 хүн гэрчээр асуугдаж, прокурор 151 зөвшөөрөл өгсний 94 нь үл хөдлөх хөрөнгө битүүмжлэгдсэн, 118 хүн яллагдагчаар татагдсан байна. Яллагдагчаар татагдсан 118 хүнээс 59 нь нийтийн албан тушаалтан, 13 хүн нь улс төрд нөлөө бүхий хүн байна. Өнөөдрийн байдлаар 49 хэрэг шалгагдаж байгаагийн 32 хэрэг нь хэрэг бүртгэлтийн хэрэг, 17 хэрэг нь мөрдөн байцаалтын хэрэгт шалгагдаж байна.Нийтдээ 58 хүнд холбогдох долоон хэргийг шүүхэд шилжүүлсэн. Өнөөдөр прокурорт нэг хэргийн 18 хүнд холбогдох хэрэг хянагдаж байна. Ажлын хэсэг гарч ажилласнаас хойш шүүх рүү шилжсэн, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа, прокурорын хяналтад шүүх рүү шилжүүлэх саналтай хэргүүд ч байна.

-Халдашгүй дэд хорооноос гарах шийдвэр эцсийн шийдвэрт нөлөөлөхүйц байна. Хуралдааны явцад гишүүд нэр бүхий гурван гишүүний хэрэгтэй хэр танилцсан харагдаж байна?

-Халдашгүй байдлын дэд хорооны гишүүд асуудалд нухацтай хандаж байна. Гишүүн нэг бүрээр асууж байна. Эндээс өөрийн дүгнэлтүүдээ гаргах байх.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж