Харагдах сорви арилсан ч мэдрэгдэх шарх анихгүй!

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Харагдах сорви арилсан ч мэдрэгдэх шарх анихгүй!

Харагдах сорви арилсан ч мэдрэгдэх шарх анихгүй!

Хүүхдэд хайртай хүн байх, хүүхдэд ээлтэй орчин нөхцөлийг бий болгох талаар нийгэмд дуу хоолойгоо хүргэдэг тоотой хэдхэн төрийн бус байгууллагын нэг бол "Лантуун дохио". Тус байгууллагаас хэрэгжүүлдэг улс төрийн агуулгагүй, хүүхдийн хүчирхийллийн эсрэг тэмцэж, нэгдэж, олон нийтийг уриалдаг тусгалаа олсон ажлын нэг нь өнөөдөр /2023.03.29/ үргэлжилж байна. Эх үрсийн баяр, шинэ жилээр л хүүхдүүд баярлах ёсгүй. Тэд энэ хорвоод мэндэлсэн өдрөөс эхлэн амьдрах бүхий л хугацаандаа аз жаргалтай, амар тайван орчинд өсч торних эрхтэй. Гэтэл өнөөгийн Монголд тийм боломж хязгаарлагдмал.

Монгол Улсад сүүлийн таван жилд нийт 5152 хүүхэд зам тээврийн осолд өртөж 344 нь нас баржээ. 2019-2021 он буюу цар тахлын хугацаанд л гэхэд зөвхөн ахуйн хүрээнд 157 мянган хүүхэд бэртэж, 447 нь нас барсан статистик бий. Энэ тоо хүүхдэд ээлтэй нийгэм бүрдээгүй байгаагийн тод жишээ.

Энх тайван, ардчилсан улс хэрнээ дээрх тоонууд өдөр ирэх бүрд өсч байна. Хэдийгээр хууль эрхзүйн орчин нөхцөл байдаг ч хэрэгжилт хангалтгүйгээс, нөгөө талдаа эцэг, эхчүүдийн хариуцлага муутайгаас хүүхдүүд хорвоотой танилцаж чадаагүй байхдаа эндсээр. “Лантуун дохио” төрийн бус байгууллага үүсгэн байгуулагдсаныхаа 10 жилийн ойн хүрээнд “Мартахгүй, давтахгүй” хөдөлгөөнийг эхлүүлж, гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнг Монголын уран зургийн галерейн хоёрдугаар давхрын үзэсгэлэнгийн танхимд өчигдөр дэлгэсэн. Аврал эрсээр одсон бүхний дотоод хашгираан чамд, надад, бусдад юу мэдрүүлэх бол. Тэдний оршихуй хийгээд орон зайд очиж шаналлыг нь мэдрэх, хуваалцах, ахин давтахгүй байх шалтгааныг гэрэл зураг, дижитал арт бүтээлээр харуулжээ.

ТОО, ӨГҮҮЛЭМЖИЙН ХОРШИЛ

Үзэсгэлэнг зохион байгуулагчид "Хүн хүнээсээ энгийн зүйлсийг  хүсдэг. Нэгнээ хайрлах, итгэх, дэмжих, хариуцлагатай байх, анхааралтай байх, араас нь харамсах бус урьдчилан сэргийлэх…Эцсийн эцэст хамгийн том шийдэл нь та юм" гэдгийг уриалж буй аж. Үзэсгэлэн үнэ төлбөргүй бөгөөд 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ. Тоо, өгүүлэмжийн хоршлоор харуулсан олон баримт харсан хэний ч тархинд нэгийг бодогдуулах нь гарцаагүй. Бид амьд харилцааг нэгнээсээ нэхдэг хэрнээ, амьд мэт уур амьсгал нь хөрж, хүйтэн хөндий болсон араатанлаг төрхийг үл ойшоодог. үүнээс болж олон зорх зогсч, бяцхан амь тасарч байгааг үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүд хүүрнэнэ.

Гэрэл зураг болон дижитал арт хосолсон үзэсгэлэнгийн бүтээлүүд сүүлийн таван жилд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 2414 хүүхэд, бэлгийн хүчирхийлэлд өртсөн 1525 хүүхэд, ахуйн ослоор амиа алдсан олон мянган хүүхдийн хашхирааныг илтгэж байгаа нь дээрх  тоонуудыг ярьж, мэдээлэхээс илүүтэй нэмэхгүй байх тал дээр бодитой оролцоо чухал байгааг илтгэж байна.

Тэгвэл бид одоо юу хийх ёстой вэ? Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн тухай хуулийн шинэчлэсэн найруулгыг батлуулах, түүний хэрэгжилтэд анхаарах. Төрөөс байгууллагын харьяа үйл ажиллагаа явуулж байгаа гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчлэх төвүүдийг мэргэжлийн, мэргэшсэн боловсон хүчинтэй, хүний эрхийг хангасан үйлчилгээ үзүүлэхэд дуу хоолойгоо нэгтгэж, шаардлага тавих хэрэгтэй. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн олон зуун хүүхдийн асуудлыг бүртгэж авахаас гадна сэтгэлзүйн нөхөн сэргээх тусламж үйлчилгээг өгдөг болох шаардлагатай. Мөн иргэн бүрийн чадах нэг зүйл бол хүчирхийллийн эсрэг хүн байх. Хажуу хөрш, ойролцоо айлын хэн нэгэн нь хүчирхийлэлд өртөж байгааг мэдсэн л бол заавал зохих шатны байгууллагад мэдээлэх, хохирогчид тусламж үзүүлэх. Хэрэв хүн бүр ухамсартай, зөв хандлагатай байж чадвал эрх нь зөрчигдөж, энэ хорвоогоос амьсгал хураасан хүүхдийн тоог дахин нэмэхгүй байх бүрэн боломжтой.

ҮЗЭГДЭХГҮЙ ШАРХ АРИЛДАГГҮЙ

Сэтгэлийн шаналал, биеийн сорви хоёрын ялгаа нь ердөө л үзэгдэх, үл үзэгдэх. Бие махбодийн шарх тодорхой хугацааны дараа арилдаг бол сэтгэлийн сорви удаан хугацааны дараа мартагддаг. Гэхдээ арилдаггүй. Тиймээс үзэсгэлэнгийн бүтээлүүд ч үүнийг илтгэжээ. Нэг удаагийн жижиг шархны наалтаар биеийн хэсгийг нь хучсан зургийн өгүүлэмж тун хүнд. Нүүрэн дээр нь мишээл тодорсон ч нүдний гал нь унтарч биеийн хэсэг бүр нь хувцасны цаана шархтай яваа олон хүн бий. Насандаа баймгүй ачааг үүрдэг, бие, сэтгэлийн зовлонг туулж яваа зүрх шимширмээр олон түүхийн гашуун жишээнүүдийг ч бид мэднэ. Тиймээс хүн байх, хүчирхийллийг үл ойшоодог биш анхаардаг, мэддэг, урьдчилан сэргийлж, таслан зогсоож чаддаг хүн байхын тулд өмнөх түүхүүдийг "Мартдаггүй, давтдаггүй" хэн нэгэн байх нь хамгаас чухал.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж