Японы Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши энэ долоо хоногт Хятадад айлчилж магадгүй байна. Бямба гаригт эхлэх хоёр өдрийн айлчлал нь 2019 оны арванхоёрдугаар сараас хойших Японы Гадаад хэргийн сайдын анхны айлчлал болно. Тодруулбал, 2019 оны арванхоёрдугаар сард тухайн үеийн Гадаад хэргийн сайд нар болох Тошимицү Мотэги, Ван И нар Бээжинд уулзаж байв.
Айлчлалын хүрээнд Ёшимаса Хаяаши Хятадын Гадаад хэргийн шинэ сайд Цин Гантай анх удаа уулзах юм. АНУ дахь Элчин сайдаар ажиллаж байсан Цин Ган нь арванхоёрдугаар сарын сүүлээр Ван Игийн залгамж халааг авсан билээ.
Хятад улс саяхан Японы бизнес эрхлэгчийг баривчилсантай холбоотойгоор хоёр улсын харилцаа хурцдаад буй. Тодруулбал, Японы эм үйлдвэрлэгч "Astellas Pharma Inc"-ийн ажилтныг тагнуулын үйл ажиллагаа явуулсан хэргээр Хятадад баривчилсан. Тиймээс Хаяаши энэ удаагийн айлчлалын үеэр тус ажилтныг суллах тухай хэлэлцэж магадгүй байна.
Үүнээс гадна Хятад, Япон хоёр улс Сэнкакү арлуудын эзэмшлийн асуудлаар маргаантай байдаг. Японы нэрлэдэгээр Сэнкакү, Хятадын нэрлэдэгээр Дяоюйдао арал нь Зүүн Хятадын тэнгист байрладаг бөгөөд хүн амьдардаггүй. Нийт таван арал, гурван хаднаас бүрдсэн долоон км2 талбайтай. Тус бүс нутгаар Хятадын эргийн хамгаалалтын онгоцууд байнга эргэлддэг.
Японы ерөнхий сайд Фүмио Кишида Хятадын дарга Ши Жиньпин нар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Бангкок хотноо уулзсан. Энэ уулзалтын үеэр Хаяашигийн уулзалтыг товлосон гэж үзэж байна.
Эх сурвалж: JAPAN TODAY