"Тикток" аппликейшн идэвхтэй хэрэглэгчдийн тоо нь сард 150 сая хүрсэн амжилттай байна. Гэхдээ хятад апп гэдэг шалтгаанаар тагнуулын зорилгоор ашиглагдаж магадгүй гэж барууныхан болгоомжилж хориглохыг хүсч байгаа. Энэ шалтгаанаар Тиктокийн гүйцэтгэх захирал Шоу Зи Чю гуравдугаар сарын 23-нд АНУ-ын Конгресст асуугдсан бөгөөд таван цаг үргэлжилсэн "байцаалтын" эцэст түүний нэр хүнд огцом өслөө. Энэ долоо хоногийн ХҮМҮҮС буландаа түүнийг танилцуулж байна.
Хятадын "Bytedance" компанийн "Тикток" аппликейшнийг АНУ-д хориглох тухай яригдаж, гүйцэтгэх захирал Шоу Зи Чю Америкийн хууль тогтоогчдод асуугдсан. Үгийг нь байнга тасалж, тиктокийг ч зөв дуудаж чадахгүй байгаа америк улстөрчдийн өмнө Шоу Зи Чю огтхон ч тэвдэж сандраагүй бөгөөд "Америкчуудыг илүү эрх чөлөөтэй байдаг гэж бодсон маань эндүүрэл байж" гэж хэлсэн нь олны анхаарлыг татсан.
Өдгөө 40 настай Шоу Зи Чю Сингапурт төрж өссөн бөгөөд эцэг нь барилгачин, эх нь номын санч байсан. Энгийн нэг ажилчин ангийн гэр бүл боловч тэд хүүгээ Сингапурын алдартай Хва Чон институтэд сургажээ. Ахлах сургууль, коллежийг нэгтгэсэн тус институтийг төгссөнийхөө дараа Сингапурын армид алба хаасан.
Халагдаж ирмэгцээ Лондоны их сургуулийн коллежид эдийн засгийн бакалавр мэргэжлээр суралцаж, 2006 онд төгссөн байв.
Дараа нь Харвардын эдийн засгийн сургуульд магистраа хамгаалаад Фейсбүүкийг "IPO" гаргахаас өмнөхөн нь зуны дадлагажигчаар орж, ажлын гараагаа эхлүүлжээ. Мөн Голдман Сакс хөрөнгө оруулалтын банкинд хоёр жил теллерээр ажиллаж байгаад "DST Global" компанид ажиллах болсон байна.
Тус компанид ажиллаж байхдаа Тиктокийг бүтээсэн "ByteDance" компанид хөрөнгө оруулах багийг 2013 онд тэргүүлэн ажиллаж байв.
Харин 2015 оноос Хятадын ухаалаг гар утас үйлдвэрлэгч "Xiaomi" группт санхүүгийн хэлтсийн даргаар ажиллаж эхэлсэн байна. Тэрбээр тус компанийг 2018 онд IPO гаргахад нь голлох үүргийг гүйцэтгэсэн ба энэ нь Хятадын түүхэн дэх хамгийн амжилттай IPO-уудын нэг болсон. Ийнхүү "Xiaomi" компанид ажилд орсноосоо дөрвөн жилийн дараа олон улсын бизнес хариуцсан захирал болж дэвшчээ.
Шоу Зи Чю Тиктокт 2021 оны гуравдугаар сард санхүүгийн албаны даргаар ирсэн ч хоёр сарын дараа гүйцэтгэх захирал болсон.
"ByteDance" компанийг үндэслэгч Жан Имин түүнийг Тиктокийн гүйцэтгэх захирлаар тавихдаа "Манай хамгийн анхны хөрөнгө оруулагчдын нэг багийг удирдаж байсан, технологийн салбарт 10 жил ажилласан салбарын талаар гүнзгий мэдлэгтэй" гэж магтсан байна. Тиктокийн өмнөх захирал Кевин Майер нь аюулгүй байдлын эрсдэлээс үүдэн Америкийн хууль тогтоогчдын дарамт шахалттай тулгарсны дараа 2020 оны тавдугаар сард Уолт Дисней рүү явчихсан. Тэр Тиктокт ердөө гуравхан сар л ажилласан байв.
Шоу Зи Чю эхнэр Вивиан Каотай 2008 онд Харвардын бизнесийн сургуульд сурч байхдаа танилцаж, е-мэйлээр харилцсаар дотноссон байна. Хосууд Сингапурт амьдардаг бөгөөд хоёр хүүхэдтэй. Шоу Зи Чю чөлөөт цагаараа онолын физикийн номнуудыг уншиж судлах дуртай бөгөөд гольф түүний хобби.
Тикток апп 2016 онд гарсан боловч цар тахлын хөл хориогоор тэсэрч, 2020 онд тэрбум удаа татагдсан.
Холбоотой мэдээ