Нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулж буй УИХ-ын гишүүн Н.Наранбаатар “бүрэн эрхээсээ түдгэлзүүлэхгүйгээр шалгуулмаар байна. Манай тойрог гишүүнгүй болох гээд байна. Өмнөговь аймгаас хоёр гишүүн сонгогдсон. Хоёулангийнх нь бүрэн эрхийг түдгэлзчүүлчихээр тойрогт ажиллах төлөөлөгч байхгүй болно. Тиймээс бүрэн эрхээсээ түдгэлзэхгүйгээр шалгуулмаар байна.
Өнгөрсөн жил Хөгжлийн банкны хэрэгт холбогдуулан дөрвөн гишүүний асуудлыг оруулж ирэхэд УИХ бүрэн эрхийг нь түдгэлзүүлээгүй, тэд хуулийн байгууллагаар шалгуулаад одоо хэрэг нь шүүхийн шатанд явж байна. Ийм байдлаар шалгуулах бүрэн боломжтой” гэдэг тайлбар хийгээд буй юм.
Хөгжлийн банкны хэрэгт УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг нар холбогдож, АТГ-т шалгуулсан. Улмаар дээрх дөрвөн гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах асуудлыг Улсын ерөнхий прокурор УИХ-д оруулж ирсэн ч парламент хамгаалж авч үлдсэн. Харин өнөөдөр нүүрсний хэрэгт холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороогоор хэлэлцэж эхлэхэд Н.Наранбаатар нь Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон гишүүдтэй барьцаж, бүрэн эрхтэйгээ үлдэхийг хүсэв.
УИХ анхнаасаа хэрэгт холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэлгүй явуулсан бол бусадтайгаа барьцах шалтгаан гарахгүй л байв.
Нэгийнх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр араас нь олон гишүүний бүрэн эрх хөндөгдөх болно гэж хаацайлсны гор ийн гарч эхэллээ. Одоо эрх баригчид нялцагналгүй, хүний өөрийн гэж ялгалгүй Улсын ерөнхий прокуророос оруулж ирсэн асуудлыг дэмжээд, үнэн мөнөө олоод ир гээд явуулах нь хамгийн зөв гарц юм.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ