Ахлагч хүн жагсаалын урд алхдаг болохоос ард нь үлддэггүй юм!

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Ахлагч хүн жагсаалын урд алхдаг болохоос ард нь үлддэггүй юм!

Ахлагч хүн жагсаалын урд алхдаг болохоос ард нь үлддэггүй юм!

Л.Гантөмөр Монголын улс төр, Ардчилсан намд шинэ залуу хүн биш.  Анх түүнийг МҮДН-ын Да.Ганболд улс төрд хөтлөн оруулж байсан, Женко Баттулгаас ч өмнө Ардчилсан намд элссэн гэвэл улс төрийн насаараа “эртний” хүндээ тооцогдох биз.  Өөрөөр хэлбэл, Л.Гантөмөр улс төрийн хувьд туршлагатай ч, туг барих хэмжээний лидер мөн үү гэдэг нь өчигдрийн олон нийтийн шүүмжлэл дээр тавигдаж буй өнөөдрийн гол асуулт болж байна.

Түүнийг Улсын дээд шүүх албан ёсоор АН-ын дарга гэж бүртгэснээс хойш хэвлэлээр нэг хоёр удаа байр сууриа илэрхийлснээс өөрөөр сөрөг хүчин амь орсонгүй.

“Эрхэмлэж яваарай гэж машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нарт үлдээв” гэж Хорлоогийн Чойбалсан хэлсэн эсэхийг мэдэхгүй, ямар ч байсан МАН-ын пропаганда болох нь баараггүй үнэн. Худалч хүнд нүүрсний хэргээс болж шар шувталсан Ж.Мөнхбатын зохиол гэх юм билээ.

Харин Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар сонгосон хүмүүс түүнийг ардчиллыг хамгаалах манлайлагч болоосой гэж итгэсэн бас хүссэн. Гэвчиг түүнд нэг л юм дутуу байна. Тэр нь эр зориг.

Академич С.Нарангэрэл нэгэнтээ “Шударга ёсыг тогтооход эр зориг хэрэгтэй. Эр зориггүйгээр шударга ёсыг тогтоож чадахгүй. Эр зориггүй боол аймхай, амаа хамхисан, хов живд хөтлөгдсөн нийгэм бүрэлддэг” тухай хэлсэн байдаг.

1.

Ардчилсан намын бүлэг “ажнай” Д.Бат-Эрдэнийг авч үлдэхээ зарласан нь хоёр зорилготой харагдаж, хардагдаж байна. Д.Бат-Эрдэнэ Ардчилсан намын гол санхүүжүүлэгч. Тэр утгаараа АН-ыг хэтэвчгүй болгох сонирхол МАН-д бий ч байх. Нөгөө талаасаа АН-ын бүлэгт Д.Бат-Эрдэнэ авч үлдэх кноп байхгүй. АН хүссэн ч, эс хүссэн нь Д.Бат-Эрдэнийг явуулах үгүйг МАН-ын бүдүүн бүлэг шийднэ. Араас нь бүлгийнх нь ахиад нэг гишүүний хувь заяа дээсэн дөрөөн дээр байдаг. Иймээс бүлгээ бүтэн авч үлдэх нь АН-ын өнөөдрийн хүсэл байх. Гэвч өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушги чухал. АН намаа бодохоос илүү ардчиллаа сонгохоос өөр аргагүй нөхцөл улс төр, нийгэм, эдийн засагт үүсчихлээ.

Т.Доржхандын гаргасан тооцоогоор нүүрсний хулгайн хэмжээ 40 их наяд,  МАН-ын генсек, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийнхаар  4-5 их наядаар тоологдож байна. Энэ хулгай, луйвар “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан. Төрийн өмч  ялсан намныхны хулгайн өмч болдгийн тод жишээ. 2016 онд МАН үнэмлэхүй ялалт байгуулснаас хойш цагаан байрны хулгай луйвар цадигаа алдсан болохыг бид бүгдээрээ харж, сонсож байна.

Хэргийн гол эзэд нь МАН-ын цагаан, төрийн саарал ордонд сууж буй нь үнэн. Тэдний хулгай хийсэн үгүйг УИХ шийддэг газар нь биш. Хууль шүүх нь хулгай хийсэн эсэхийг хэн нэгнийг хэлмэгдүүлэлгүй, хэн нэгэнд ял завшуулалгүй шийдэх учиртай. Харин бүрэн эрхтэй УИХ-ын гишүүн байх ёс зүйтэй хүн мөн үү, үгүй юу гэдгийг парламент шийднэ.

2.

АН-д дарга чухал биш ардчилалд манлайлагч, манаач хэрэгтэй байгаа. Авлига Монголын ардчиллын дайсан гэвэл авлигатай нэр холбогдсон болгон АН-ын дайсан байх учиртай, ардчиллыг автороо болгож ирсний хувьд. Тиймээс АН-ын хулгайч, МАН-ын авлигач гэж алагчлах аваас авлигатай тэмцэх ажил үр дүнгүй үлдэнэ.

Уг нь, улстөрч хүн мөн бол Л.Гантөмөр өдийд талбай дээр өнжиж, хонодоггүй юм аа гэхнээ, авлигын эсрэг тэмцэхийг Ардын намд өглөө болгон сануулж байх учиртай.

АН-ын даргад улс төрийн акц хийх сэдэв мянга, мянгаараа байна. Авлига, хулгайгаас эхлээд. Авлигын индексээр 16 байр ухарлаа. Ардчиллын индексээр зургаан байр арагшиллаа. Хэвлэлийн эрх чөлөө 22 байраар хойшиллоо. Үгээ хэлсэн үзэл бодлоо илэрхийлсэн болгоныг хууль, шүүхэд дууддаг болов. Улстөрчдийн тоноогүй сан, тонхиогүй мөнгө гэж алга.

Гэтэл “гэрчилгээ” байхгүй гээд “амаа үдүүлж” байгаа бол туг баригч биш гэсэн үг.  Асуудал нь гэрчилгээндээ биш АН-ын даргадаа байна. Ахлагч хүн жагсаалын урд гардаг болохоос ард нь суугаад удирдаггүй юм.

АН-ын дарга болоод удаагүй байхдаа Л.Гантөмөр “Хар хайрцаг” нэвтрүүлэгт орохдоо “Би ядуу улсын Ерөнхий сайд болмооргүй” байна гэсэн. Энэ нь улсын эдийн засаг томроосой, хөгжөөсэй гэх өнцгөөр хэлсэн үг болох нь мэдээж. Гэвч Монголын хөгжил хамгийн том тээг, далд эдийн засгийг хөлжүүлэгч нь авлига болсон. Авлигатай, авлигатай тэмцэхгүй бол улсаараа ул амьдрахаас өөр яахав. Бүрэн улсын маань бүтэн байдал ч яригдахдаа тулна.

Ардчилсан нийгэмд ёс суртахуун хуулиас дээгүүрт тавигддаг нь үнэн аваас үүнийг  намууд өөрсдөөсөө эхлэж төлөвшүүлэх шаардлагатай. Улстөрчид төр гэх эзэн биегүй, хоосон зүйл руу асуудлаа чихэж, тогтолцоондоо алдаа мадаг, авлига, хулгайгаа тохож ханалаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж