NBA-ийн талбайд хөл тавьж, эцгийнхээ дутууг гүйцээх мөрөөдөлтэй Ш.Энхийн-Од буюу Майк Шаравжамц драфтад нэрээ өгөхөөр болж, эргэлт буцалтгүй түүхэн шийдвэр гаргалаа. Дейтоны их сургуулийн Флайерсын бүрэлдэхүүнд нэг улирал тоглохдоо тэрбээр 5.6 оноо, 2.6 ашигтай дамжуулалт дунджилж, Атлантик 10 бүсийн шинэ залуу тоглогчдын нэгдүгээр багт нэрлэгдсэн билээ. Майкт одоо дөрвөн сонголт үлдсэн.
- NBA-Д СОНГОГДОХ
Мэдээж энэ бол түүний туйлын хүсэл, мөрөөдөл. Гэхдээ дөнгөж нэгдүгээр курс төгсөхтэй зэрэгцэн драфтад нэрээ өгч байгаад нь гайхаж буй хүмүүс гадаад, дотоодгүй байна. Гол нь NBA-ийн багууд статистик бус нөөц бололцоог нь хардаг болсон. Коллеж, их сургуульдаа 20-30 оноо дунджилдаг залуус хоёрдугаар тойргийн сонголт бүр драфтлагдахгүй тохиолдол ч бий. Тэгэхээр тухайн тоглогчийн үзүүлэлт бус ирээдүйн өсөлт, хөгжил багуудын анхаарлыг татах нь аргагүй.
NBA-ийн скаутууд Майкын талаар төдийлөн сайн мэдээлэлгүй байгаа ч мэддэг хүмүүсийнх нь дүгнэснээр Майк бол периметр шидэлт сайтай, довтолгоо зохион байгуулах тал дээр шаггүй нэгэн. Мөн түүний дамжуулах чадвар онцгой гэдгийг тодотгож буй. Биеийнхээ өндөр, урт давуу талыг ашиглан байрлалынхаа жижигхэн тоглогчдыг давуулан дамжуулалт өгөх нь түүний нэг зэвсэг. Эдгээрээс нь гадна бөмбөггүй гүйлтийг сайн хийж, багийнхнаа оноо авах боломжийг бүрдүүлдэг, дундын болон алсын шидэлт сайтай гэж дүгнэжээ.
"Майк NBA-д ажилтай болохыг хүсвэл хамгаалалтаа мэдэгдэхүйц сайжруулах нь хамгаас чухал".
Харин сул талын хувьд өндөр ч жин багатай, NBA-д бэлэн биш биетэй гэв. Нас нь ч залуудаа тооцогдохгүй аж. Одоо Майк илүү самбар, будагтай талбай руу дайрсан тоглолт дээрээ сайжирч, тэсрэлт, хүч дээрээ онцгой анхаарах хэрэгтэй гэнэ.
Эцэст нь Майк Шаравжамцыг 2023 оны NBA-ийн драфтын хоёрдугаар тойргийн сонголт болоход гайхах зүйлгүй гэж скаутууд үзэж байна.
- ХӨГЖЛИЙН ЛИГ
Сүүлийн жилүүдэд ахлах сургууль, коллеж, хилийн чандын авьяаслаг залуучууд NBA-ийн хөгжлийн лигт тэр дундаа “G League Ignite” багт тоглох нь ихэссэн. Ингэснээр дээд түвшинд тоглоход нэг алхам ойртож, бие бялдар, сэтгэл зүйгээ бэлдэнэ гэсэн үг. Энэ багийн онцлог нь NBA-д тоглох боломжтой авьяаслаг залуучуудыг нэг жилийн хугацаанд бэлддэг бөгөөд нэг давуу тал нь 500 мянган ам.доллар хүртэлх цалин олгодог.
Хэрэв Майк NBA-д сонгогдож чадахгүй бол хөгжлийн лигийн тэр тусмаа “G League Ignite” багтай гэрээ байгуулж магадгүй юм. Ингэснээр тэрбээр NBA-ийн хөгжлийн лигт тоглосон анхны монгол хүн болох билээ. Ер нь Майкын цаашдын алхам бүр мөс хагалж, түүх болон үлдэнэ.
- ӨӨР СУРГУУЛЬ РУУ ШИЛЖИХ
Хэдий Майк Дейтоны их сургуулиас явж байгаа ч түүнд өөр их сургуульд элсэх боломж бий. Алдарт “ESPN”-ийн Жонатан Живонигийн мэдээлснээр “Майк Шаравжамц NBA-ийн драфтад нэрээ өгч бөгөөд ирэх улирал Дэйтоны их сургуульд суралцахгүй. Түүний хувьд өөр сургууль руу шилжих боломжтой боловч мэргэжлийн түвшинд сагсан бөмбөг тоглохоо урьтал болгоод байна. Тэр “Rize Management”-ийн Скотт Николстой гэрээ байгуулсан” гэжээ.
Майк Дэйтоны их сургуулиас явах нь өөрт нь ашигтай байж магадгүй юм. Учир нь ирэх жил Дэйтоны гарааны холбон тоглогч Малачи Смит эргэн ирэх төлөвтэй байна. Мөн Дэйтон ирэх улирал ахлах сургууль, Европоос 2-3 тоглогч нэгтгэнэ гэсэн шуум буй. Сүүлд гарсан мэдээллээр Дэйтон Флайерсын гол од ДаРон Холмс алдарт Дюкийн их сургуулийн цэнхэр чөтгөрүүдтэй нэгдэж байгаа гэж эх сурвалжууд мэдээлжээ. Магадгүй ирэх жил Дэйтоны их сургууль хүлээлтээс доогуур амжилтыг үзүүлж болзошгүй.
Энэ сонголт дээр Майк хаашаа шилжих вэ гэсэн асуулт гарч ирж магадгүй. Түүнд өмнө нь “Easter Washington”, “Rutgers”, “Providence” гэх их сургуулиуд санал тавьж байсан билээ.
- ХИЛИЙН ЧАНД
Майкын агент “Rize Management” компанийн Скотт Николсын үйлчүүлэгчдийг харахад NBA-д бүртгэлтэй хоёр тамирчин байгаа. Ихэнхи үйчлүүлэгч нь хилийн чандыг тэр тусмаа Европыг зорьжээ. NBA-ийн дараа орохоор хүчирхэг зохион байгуулалттай Евролиг гэж бий. Тэнд очиж, идээшиж чадвал NBA-д дуудагдах нь цаг хугацааны асуудал. Лука Дончич нэгэн цагт ярихдаа “NBA-д оноо авах амархан. Учир нь дүрэм, зай, цаг нь өөр. Харин Евролигт илүү их сагсан бөмбөг тоглож, илүү тактик дээр суурилдаг, цаг ч бага” гэжээ. Хятад, Австралийн лиг ч тэдний араас явж байна. NCAA-ийн нэгдүгээр дивизонд тэнцэж буй тоглогч дэлхийн аль ч лигт тоглох боломжтой.
Холбоотой мэдээ