Golomt Capital Championship бол хөрөнгө оруулалтын марафон юм 

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Golomt Capital Championship бол хөрөнгө оруулалтын марафон юм 

Монголд анх удаа цорын ганц ялагч 100 сая төгрөгийн эзэн болох гадаад арилжааны бодит дансны уралдааныг Голомт Капитал үнэт цаасны компани зохион байгуулж байна. Энэхүү уралдаан нь хөрөнгө оруулагчдад ямар өгөөжтэй талаар тус компанийн Гүйцэтгэх захирал С.Ган-Эрдэнэтэй ярилцлаа.

Golomt Capital Championship гадаад арилжааны уралдаан нь 2023 оныг дуустал үргэлжилнэ. Яагаад ийм удаан хугацаатай зохион байгуулж байгаа вэ?  Хөрөнгө оруулагчид хэр идэвхтэй оролцож байна вэ?

Хөрөнгө оруулагчид маш идэвхтэй бүртгүүлж байна. Уралдааны бүртгэл 3 дугаар сарын 13-нд нээгдсэнээс хойш өнөөдөр 200 орчим хөрөнгө оруулагч бүртгүүлээд байна.

Хугацааны хувьд урт байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Хэдийгээр тэмцээн уралдаан гэж хэлж буй ч оролцогчдыг хооронд нь өрсөлдүүлэх нь гол зорилго биш юм.

Гол нь дэлхийн хөрөнгийн зах зээлд эргэлдэж байгаа том боломжоос иргэд хүртдэг болох, хөгжиж дэвших, хөрөнгө оруулалтын олон төрлийн арга хэрэгслүүдийг ашиглаж сурах, дэлхийн хөрөнгийн зах зээлийн соёлд суралцах нь илүү чухал юм. Энэ нь дотоодын хөрөнгийн зах зээлийн хөгжлийг түргэсгэхэд ч сайнаар нөлөөлнө гэж харж байгаа.

Уралдаанд оролцох хүсэлтэй ч юунд хөрөнгө оруулах, яаж арилжаанд    оролцохоо мэдэхгүй хүмүүс их байгаа болов уу?

Хөрөнгө оруулалтыг нэг, хоёр удаагийн худалдан авалт биш, урт хугацаанд өөртөө суулгадаг дадал зуршил гэж үздэг. Амжилттай хөрөнгө оруулагч болохын тулд хувь хүнээс тууштай байдал, сэтгэл зүй, алсын хараа, хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг, зах зээлээ мэдрэх зэрэг ур чадвар шаарддаг.

Тиймээс “Golomt Capital Championship” гадаад арилжааны уралдаанд оролцож буй хүмүүс маань олон улсын банк санхүүгийн салбарт, тухайлбал BNP Paribas Wealth Management, Европын Хөрөнгө Оруулалтын Сан, Interactive Brokers, Global Institutional Sales&Execution Services зэрэг байгууллагын өндөр нэр хүндтэй гадаад, дотоодын менторууд болон Голомт Капиталын мэргэшсэн шинжээчдийн сургалт мэдээллийг 4 сараас эхлэн тогтмол авах юм.

Хамгийн гол нь уралдаанд оролцож буй хүмүүс маань хөрөнгө оруулалтыг өөрийнхөө дадал, зуршил болгож, дэлхийн хөрөнгө оруулагч болох итгэлийг олж авна гэж харж байгаа.

Өнөөдөр зах зээл тийм ч сайн биш байна шүү дээ. Ийм үед, уралдаанд оролцогчдод болон хөрөнгө оруулагчдад ямар зөвлөмж өгөх вэ?

Таны хэлсэнчлэн дэлхийн хөрөнгийн зах зээл тийм ч сайнгүй байна. Төв банкнууд бодлогын хүүгээ огцом өсгөж, зах зээл дээр байгаа мөнгийг буцааж татах бодлогыг хүчтэй хэрэгжүүлж байна. Энэ нь нэг талаас инфляцыг бууруулж байгаа ч нөгөө талд хувьцааны зах зээлд хүндхэн тусаж байна.

Гэхдээ энэ нь нөгөө талаас томоохон боломжуудыг нээж өгч байдаг. Эсрэгээрээ мэдлэгтэй, мэдрэмжтэй хөрөнгө оруулагчид  уналтаас томоохон ашиг хийж, өсөх ирээдүйтэй харьцангуй хямдарсан хувьцаануудыг худалдан авсаар байна. Америкийн банкнуудын дампуурлын үед “шорт” арилжаачид гуравхан өдрийн дотор 2.29 тэрбум ам.долларын ашиг олсон гэсэн тооцоо бий. Уралдааны эхний 7 хоногийн топ 10 харилцагчдын маань дундаас ч өндөр ашиг хүртсэн хүмүүс байна.

Үүний тулд мэдээж зах зээлийн чиг хандлага, үйл явдлуудыг цаг алдалгүй авч байх нь чухал. Голомт Капиталын зүгээс харилцагчдадаа өдөр бүр зах зээлийн онцлох мэдээллүүдийг хүргэж, өөрсдийн шинжээчдийн бэлтгэсэн олон төрлийн шинжилгээ, судалгааг цаг тухай бүрт нь хүргэж ажиллаж ирсэн.

Мөн “Golomt Capital Championship” уралдааны үеэр оролцогчдын хөрөнгө оруулалтын шийдвэрүүд нь зах зээлтэй хэрхэн уялдаж, ямар өгөөж авчирч байгаа талаарх тойм мэдээллийг хүргэж байна.

Уншигчдаас, яагаад заавал 3000 ам.доллараас эхэлж байгаа юм бэ гэсэн асуулт их ирсэн. Үүнийг тайлбарлаж өгөхгүй юү. 

АНУ-ын Үнэт Цаас Биржийн Хороо (Securities and Exchange Commission)-оос баталсан журмын дагуу 2500 ам.доллараас доош хөрөнгийн үлдэгдэлтэй хөрөнгө оруулагчдад “шорт”, “маржин” арилжаанд оролцох боломж хаалттай байдаг.

“Маржин” арилжаа нь “шортын” эсрэг хувилбар буюу өөрт байгаа мөнгөнөөс хэд дахин өндөр дүнгээр хувьцаа худалдан авч ханш өссөний дараа зарж үнийн зөрүүнээс ашиг олох боломжтой хөрөнгө оруулалтын хэрэгсэл юм.

Хэрэв хөрөнгө оруулалтын босгыг хэтэрхий намхан тавьбал зарим оролцогч эдгээр боломжийг ашиглаж чадахгүй нөхцөл байдал үүснэ. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгснөөр оролцогчдод өгөөжөө хамгийн өндөрт байлгах боломжуудыг нээлттэй болгож, өрсөлдөөний тэгш, шударга байдлыг хангах зорилготой.

Golomt Capital Championship уралдааны бүртгэл хэзээ дуусах вэ? Түрүүлж бүртгүүлсэн нь давуу талтай байх уу? Уралдаан зарлагдсанаас хойш ямар үр дүн гарч байгаа талаар манай уншигчид сонирхож байгаа байх.

Уралдааны бүртгэл 6 дугаар сарын 15-нд дуусна. Бүртгүүлсэн өдрөөс эхлээд л таны уралдаан эхлэх юм. Уралдааны ялагч нь өөрийн анхны хөрөнгө оруулалт болох 3000 болон түүнээс дээш дүнтэй хөрөнгө оруулалтыг хамгийн өндөр ХУВИАР өсгөж чадсан хүн болно. Тэгэхээр түрүүлж орсон нь илүү давуу тал эдлэнэ гэсэн ойлголт байхгүй. Гэхдээ мэдээж түрүүлж бүртгүүлбэл, алдаа байвал засаад явах зэрэг давуу талтай.

Тиймээс хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг туршлагаа нэмэгдүүлэнгээ, өөрийн хөрөнгөө өсгөж, нэмээд 100 сая төгрөгийн шагналын эзэн болох боломж хүн бүрт нээлттэй.

Одоогоор 3 оролцогч тутмын 2 нь анхны хөрөнгө оруулалтаа өсгөөд байна. Уралдаан нээгдсэнээс хойшхи 2 долоо хоногийн байдлаар ТОП-10-т жагсаж яваа хөрөнгө оруулагчдын дундаж өгөөж 17.61 хувь байна.

Уралдааны эцэст оролцогчид маань гадаад арилжаанд ямар их боломж байдгийг харуулсан гайхалтай үр дүн өсөлт үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

Танд баярлалаа. Амжилт хүсье.

УРАЛДААНД ОРОЛЦОХ:

Холбох линк: http://gcc-academy.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж