Н.Батсуурийг дархан аварга болгох замыг О.Балжинням засав уу?

Хуучирсан мэдээ: 2023.03.29-нд нийтлэгдсэн

Н.Батсуурийг дархан аварга болгох замыг О.Балжинням засав уу?

Н.Батсуурийг дархан аварга болгох замыг О.Балжинням засав уу?

Хоёр бөхийн барилдааны идэвхийг харж, хасч, давуулдаг байсан дүрмийн заалт нь бөх сонирхогчид төдийгүй бөхчүүдийн шүүмжлэлийг ихээр хүртэж байсан билээ. Тэгвэл энэхүү дүрэм багахан өөрчлөгдөж, “Үндсэн цагт болон барьцтай барилдах хугацаанд хаялцаагүй тохиолдолд тэгш барьцыг харилцан бариулж барилдааныг дуусгана” гэх болгосон.

Барилдааны дүрмийг өөрчлөхийн өмнө даян аварга Н.Батсуурь өөрийн цахим хуудаснаа “Энэ хасдаг дүрмээ болиулахгүй бол наадмаар бүтэн жилийн хөдөлмөрөөрөө хохирох юм байна. Гарын хүчээ үзэхэд тэнцүү байгаа хоёрыг хүнийг хасаад байх уу? Нэг нь ядраад дийлдэж таараа. Доод цолтой бөхчүүд маш олноороо хохирох болно. Улсын наадамд энэ дүрэм үйлчлэх ёсгүй. Маргааш хуралд очиж, саналаа хэлнэ. Гол нь ирц бүрдэхгүй юм шиг байна” гэж байв.

Үүний дараа барилдааны дүрмийн зөвлөл, ёс зүй хариуцлагын зөвлөл хуралдсан. Барилдааны зөвлөлийн хурлыг О.Балжинням аварга даргалж, даян аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай тэргүүтэй бөхчүүд, хөлийн цэц, засуулын төлөөллүүд оролцсон. Улмаар тэгш барьцны дүрмийг оруулж ирэн, идэвхээр хасахаас илүүтэйгээр гурван удаа сануулж, дараа нь хасна гэх заалтыг нэмжээ.

Тэгвэл өчигдөр/2023.03.28/ “Улаанбал” ярилцлагын нэвтрүүлгийн үеэр О.Балжинням аварга яагаад дүрмэнд өөрчлөлт оруулах болсон тухай ярихдаа “Бөхчүүд гомдол гаргаад дүрмэнд өөрчлөлт оруулсан” гэв. Харин “Яг хэн юм бэ, Н.Батсуурь аварга уу?” гэхэд тийм гэж аварга ам алдсан.

Мэдээж барьц сонгож, барилдах хугацаа уртасвал Н.Батсуурь аварга тэргүүтэй жин, бяр ихтэй бөхчүүдэд давуу тал, Н.Орхонбаяр арслан, Б.Зоригтбаатар харцага тэргүүтэй хурд, мэх сайтай бөхчүүдэд сул тал болох биз.

Энэхүү шийдвэр гарсны дараа бөхчүүд өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилсэн. Тэдний нэг бол улсын харцага Б.Зоригтбаатар. Тэрбээр “Монголын үндэсний бөхийн хасдаг дүрмийг халах нь зүйн хэрэг. Халах нэрийдлээр жин багатай хүмүүст хохиролтой дүрэм гаргасанд гайхаж байна. Монгол үндэсний бөхийн уран хурц сонирхолтой барилдаан гарахад ухарсан шийдвэр гаргаж баталсанд харамсалтай байна. Цэрвүү барьцны барилдаан 25 минут байсанг 20 болгож байгаа нь жин багатай цэрвүүгээс барилддаг хүмүүст маш хохиролтой шийдвэр боллоо. 20 минут гэдэг бол барьцнаас барилдах сонирхолтой арал масстай бөхийн гурав ухарч гарж, хоёр нусаа нийх л хугацаа. Тэгш барьц нэртэй давхар золгооны дараа  шуудаг сугадаа авч барилдана гэдэг дүрэм нь хэнд зориулж гаргасан дүрэм вэ? Монгол бөхийн үзэгчдийг татах зүйл нь уран хурц, үнэнч шударга барилдаан гэж боддог. Үзэгч түмэндээ үнэн ч шударга уран хурц барилдаан үзүүлж цэнгүүлэхийг хүсдэг залуус минь ямар бодолтой байна” гэжээ.

Харин улсын начин Ө.Батзул “Би дүрмийн зөвлөлд байдаг. Хурал дээр Сүүгий ах бид хоёр хэлээд ганцаардаад бараагүй. Тайлбарлагч н.Гантөр гэдэг хүн үзэгчдэд хамгийн их сонирхолтой цэрвүү барилдааны 25 минутыг 10 минут гэж санал оруулж илт ухраад барилдахгүй байвал сануулаад хасдаг дүрмийг ийм дүрэм байх шаардлагагүй. Энэ дүрмийг хасах хэрэгтэй гээд хээвнэг яриад сууж байна лээ. Дэндүү харамсалтай” гэв.

О.Балжинням аваргыг ч шавиа дархан аварга болгох гэж дүрмийн өөрчлөлт гар бие оролцсон гэх хардлага бөх сонирхогчдын дунд байна.

С.Болдхуяг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж