Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, Хуульч Ч. Өнөрбаяртай ярилцлаа.
-Улстөрчид бүх алдаа завхрал, авлига, хулгайгаа сонгуулийн тогтолцоо, Үндсэн хууль руу чихэх боллоо. Тогтолцооны гажуудлаас болоод манай нийгэм, улс төр "дампуурах"-даа тулсан гэдэгтээ санал нийлэх үү?
-Төр засгаас өнөөдрийг хүртэл явуулж ирсэн бодлогын алдаа бүрийг сонгуулийн тогтолцооноос болсон гэж үзэхийг хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй. Улстөрчдийн буруу бодлого, Улс төрийн намуудын алдаатай бодлогод нэг бол Үндсэн хууль буруутай, эсвэл сонгуулийн тогтолцоо буруутай болж үлддэг байж болохгүй. Монгол Улс цаашдаа зарчмын хувьд парламентын засаглалаа авч үлдэхийн тулд сонгуулийн холимог тогтолцоонд шилжих нь зүйн хэрэг. Гэхдээ хариуцлагагүй улс төрийг халхавчилах болон тогтолцооны өөрчлөлтийг хооронд нь хольж хутгах хэрэггүй. Сүүлийн үед эрх баригчдын бодлогын алдаа, дур зоргоороо авирлаж байгаа, хулгай, авлига албан тушаалын хэрэг, эдийн засгийн хүндрэлүүдийг мартагнуулахын тулд сонгуулийн тогтолцоог өөрчлөх ёстой гэсэн агуулгыг ихээхэн хөндөж байгаа нь ажиглагдаж байна.
Тийм учраас 76 гишүүний 38 нь листээр, 38 тойргоос сонгогддог болгож, Үндсэн хуульд нэмэлт, өөрчөлт оруулахгүй бол Монгол Улс сүйрлээ гэсэн зарчимгүй улс төр явуулж байна. Үүний ялгааг сайтар гаргах ёстой. Өнөөдөр Засгийн газрыг толгойлж байгаа хүмүүс тодорхой хэмжээнд улс төрийн хариуцлага хүлээх ёстой.
Ажлаа хийж чадахгүй байгаа бол сайд нартайгаа хариуцлага тооц. Монгол Улсад үүсээд байгаа хүндрэлтэй асуудлуудын түгжээг мулталж чадахгүй байгаа бол УИХ, Засгийн газартаа хариуцлага тооц гэсэн зарчимтай байна. Миний хувьд Засгийн газар ч бай, улс төрийн намууд нь ч бай, хувь улстөрчид ч бай шууд парламент руугаа дайрдаг явдлыг буруу гэж хардаг. Ялангуяа геополитикийн хувьд эмзэг цэгт оршдог Монгол Улсын хувьд парламентын дархлаагаа хамгаалах ёстой. Бид “Парламентын засаглал Монгол Улсын дархлаа” хэмээн ярих дуртай. Гэтэл Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг ярихаасаа өмнө УИХ-ыг тараах талаар хөнддөг нь зарчимгүй харагдаж байна.
"СОНГУУЛИЙН ТОГТОЛЦООГОО ЯАЖ ӨӨРЧЛӨХ ГЭЖ БАЙГААГАА ТОДОРХОЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ, ЭРХ БАРИГЧИД"
-Хүссэн ч эс хүссэн ч Ерөнхийлөгч дээр гацаад байсан Сонгуулийн тухай хуулийг энэ удаагийн хаврын чуулганаар хэлэлцэх нь тодорхой болж байх шиг байна. Дээр хэлсэнчлэн 38 гишүүн листээр, 38 нь жагсаалтаар орж ирэх хувилбар хэр оновчтой вэ?
-Угтаа 38, 38 гэсэн тоог хэн ямар үндэслэлээр гаргаж ирснийг мэдэхгүй байна. Хар ухаанаар махчилаад шууд 50:50 хувь болгоё хэмээн муйхарладаг байж болохгүй. Монгол Улс өргөн уудам газар нутагтай учраас 21 аймагт байгаа сонгогчдын төлөөллийг хэрхэн яаж хангаж, хэнийг ч орхигдуулахгүй байх зарчимаа барих юм. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хотдоо нийт хүн амын 50 хувь нь оршин сууж байна. Нийслэлийн томоохон нэг дүүрэгт гэхэд хэд хэдэн аймгийн хүн ам, эдийн засагтай тэнцэхүйц асуудал хуримтлагдчихсан байна. Тэгвэл 38 мандатны хэдэн мандат нь тус дүүрэгт очих юм гэх мэт олон асуудал асуултын тэмдэг хэвээр байна. УИХ-ын гишүүний мандат тэнгэрээс буугаад ирдэггүй. Сонгогч иргэдийн нийтлэг эрх ашгийг төлөөлж байх ёстой. Тиймээс хүн амын нягтрал, эдийн засаг, суурьшилын бүтэц, сонгогчдын тоо гэх мэт олон зүйлтэй уялддаг. Гэтэл энэ бүхнийг хэрхэн яаж 38 гэсэн тооцоололдоо уялдуулах гэж байгааг ойлгохгүй байна. Хуулийн төсөл санаачилагчид эдгээр асуудалд үндэслэлтэй тайлбар мэдээлэл өгмөөр байна.
-Монгол Улс 2012 онд сонгуулийн холимог тогтолцоог туршиж үзсэн. Дараа нь холимог тогтолцоо хэрэггүй мажоратори тогтолцоотой байх нь зөв гээд явсан шүү дээ. Гэтэл одоо холимог тогтолцоо зөв гэж байна. Холимог тогтолцоогоор сонгууль явуулснаар улстөрчид хулгай, луйвраас ангид байж чадна гэж үү?
-Монгол Улс 2012 онд 28 лист, 48 тойрогтойгоор УИХ-ын сонгууль зохион байгуулсан туршлага бий. Гэхдээ зарим нэг хүмүүс тэр үеийн сонгуулийн тогтолцоог холимог биш зэрэгцээ тогтолцоо гэж үздэг. УИХ-д нэр дэвших гэж байгаа иргэдийн нэр листэнд ч, тойрогт ч байдаг. Хэрэв тойргоосоо намдаа суудал аваад ирвэл листэн дэх дараагийн хүн нь урагш гардаг. Нөгөө талаас зөвхөн листэнд нэр нь орчихоор түүнийхээ ард нуугдаад иргэдтэйгээ нүүр тулдаггүй, намын бодлого мөрийн хөтөлбөр дээрээ ажилладаггүй. Учир нь эхний 5-д бичигдчихсэн юм чинь гараад ирнэ гэсэн хандлага гаргадаг. Харин тойрогтоо давхар гарах ёстой шүү гэхээр иргэдтэйгээ уулздаг, сонгуулийн штабын ажлаа эрчимжүүлдэг. Харамсалтай нь 2012 онд С.Баярцогтоор ахлуулсан ажлын хэсэг яг ийм гулсаж ордог сонгуулийн холимог системтэй болох санаачилга гаргаад явж байтал тухайн үеийн МАН-ын удирдлагууд Үндсэн хуулийн Цэцэд хандсанаар уг зүйл заалтыг хүчингүй болгосон. Монгол Улс сонгуулийн зэрэгцээ ситем хэрэглэх юм уу, холимог ситем хэрэглэх юм уу гэдгээ хамгийн түрүүнд маш тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, холимог ситемээр явах юм бол 38, 38 байх юм уу яах юм гээд тодорхойгүй байгаа олон асуудлаа ил гаргаж тавих ёстой. Тэгэхгүйгээр ерөнхий нэг тоо тавьчихаад түүнийхээ үндэслэлийг тайлбарлах ч хүн байхгүй бүрхэг, таамаг төдий байж болохгүй.
-Сонгуулийн тухай хуулийн өөрчлөлт Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтийг тус тусад нь авч үзэх боломжгүй санагдаж байна. Харилцан уялдаатай л хууль батлагдах ёстой. Улс төрийн намын тухай хуульд ямар ямар өөрчлөлт тусгах нь зүйтэй вэ?
– Тийм л дээ. Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа бол Улс төрийн намын тухай хуулийг орхигдуулж болохгүй. Зэрэгцээд өөрчлөхөөс өөр аргагүй. Нэгэнт парламентын засаглал намуудын ардчилал дээр тогтдог юм бол улс төрийн намууд түүнийгээ дагаад санхүүжилтээ ил тод болгож, гишүүнчлэлээ яах вэ, сонгуульт албан тушаалд дэвшдэг хүмүүс нь яаж гарч ирэх ёстой гэх мэт асуудлууд нь тодорхой болох ёстой. Одоогийн байдлаар улс төрийн намууд ардчиллын хатиг болж хувирсан.
Улс төрийн намуудын нэр хүнд унахын хэрээр ардчиллын нэр хүнд уруудан доройтсоор байна. Ардчиллын нэр хүнд унахын хэрээр Монгол Улсын тусгаар тогтнол, дархлааны асуудал эмзэг болно. Тиймээс Монгол Улс хүчирхэг, хэнээс ч хараат бус, төр нь өөрийнхөө бодлогыг тодорхойлж чаддаг байвал намуудын ардчиллын асуудлыг шийдэх ёстой юм.
Харамсалтай нь өнөөдрийг хүртэл улс төрийн намууд шинэчлэгдэх дургүй явсаар ирсэн. Улс төрийн намын тухай хуулийг 2015 онд өргөн барьж байхад тухайн үеийн УИХ унагааж байсан. Одоо амин хувийн асуудлаа биш улс орныхоо асуудлыг бодох цаг болсоон. Улс төрийн намууд өөрсдийн эрх ашгаа бодсоор улс орны эрх ашиг гэж үгүй боллоо. Энэ байдал сүүлийн хэдэн жил бүр ч ил болж байна. Улс төрийн нам, эрх баригчдыг дагасан их хэмжээний хулгай, авлигал хээль хахууль, болж бүтэхгүй хэргийн тоо өссөн. Сүүлдээ бүр хэрэг нь замхарах, нэг дуулианыг нөгөө дуулианаар дарах оролдлогууд явж байна.
"АН-ЫН ЛИДЕРҮҮДИЙГ МУУХАЙ ХАРАГДУУЛАХ БОХИР ТЕХНОЛОГИОСОО ЭРХ БАРИГЧИД ИЧИХ ХЭРЭГТЭЙ"
-Дуулиан гэснээс хөгжлийн банкны зээл, нүүрсний хулгайн асуудал гэх мэт олны анхааралд өртөж байгаа асуудал бүрийн ард эрх баригч МАН-ынхан биш, Ардчилсан намыхан нэр холбогдож, чичлүүлж байгааг бид бүгдээрээ л харж байна. Улс орон хөгжихгүй, эдийн засаг уруудан доройтож байгаагийн бүх учир шалтгаан нь танай намынхантай холбоотой юм биш үү?
-Би бүр гайхаад байгаа юм. Нийгэмд дуулиан болсон Хөгжлийн банкны асуудлын талаар Н.Алтанхуяг буруутан болдог, нүүрсний хулгайн асуудалд УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ буруутан мэтээр нийгэмд таниулж байна. Тэгвэл эрх баригч МАН-ынхан хааччихсан юм бэ. Сүүлийн зургаан жил орчим Ардчилсан нам төрийн эрх мэдлээс хол байсан. Гэтэл сонсголд нь дандаа Ардчилсан намынханыг дуудаж суулгаад эцэст нь Н.Алтанхуяг буруутан мэт харагдууллаа. АСЕМ гэх Ази, Европ, дэлхийн томчуудыг эх орондоо цуглуулж Чингисийн Монгол гэдэг Оросынх эсвэл Хятадын Монгол биш тусгаар улс юм гэдгээ зарласан. Гэтэл Ц.Элбэгдоржийг АСЕМ зохион байгуулахдаа мөнгө идсэн уусан гэх мэтээр эрх баригч намынхан Ардчилсан намын лидерүүдийг муухай харагдуулахын тулд хаяг шошго зүүж, нэр хоч өгдөг улс төрийн бохир технологио одоо болтол хэрэглэж байна. Одоогийн эрх баригчид энэ аргыг бүр төгөлдөржүүлж байна. Ийм зарчимгүй улс төр байж таарахгүй. Ийм бохир улс төрийг цэвэрлэхгүйгээр монгол төр яаж тунгалаг, хариуцлагатай байх билээ. Өөрсдөөсөө ичих хэрэгтэй.
-Сонгуулийн тухай хууль болон, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулснаар ирэх снийгмийн бүхий л төлөөллөөс УИХ-ын гишүүн сонгогдох, олон намын төлөөлөл парламентад орж ирэх боломж бүрдэж чадах уу?
-Өнгөн дээрээ тэгж ярьж байгаа боловч үр дүн тэгж харагдахгүй байна. Явж явж ОХУ-д нэг том нам, түүнийг тойрон хүрээлсэн хэдэн жижиг намууд байдаг загвар руу Монгол Улс явж байна.
Өөрөөр хэлбэл, тухайн том нам өөрийнх нь хүсэл зоригийг үг дуугүй хүлээж авдаг жижиг намуудын төлөөллийг Засгийн газартаа уриад оруулчихдаг. Бусадыг нь гудамжинд нь байлгачихдаг ийм зүйлийг олон намын тогтолцоо, ардчилсан систем гэж хэлдэггүй юм аа. Харин ийм хэлбэрийн ардчилал руу явбал юу болдог вэ гэдгийг хойд хөршөөсөө харж байна.
Нэг намын дарангуйлал тогтсон зарим улс “Манайх олон намын тогтолцоотой, намуудын төлөөллийг хангасан парламенттай” гэдэг боловч олон жижиг намын ганц ганц төлөөлөлтэй, том нам нь олонх болчихсон байдаг. Ингээд Засгийн газартаа хамгийн үг дуу цөөтэй, төвөг уддаггүй ганц нэгийг нь урьж оролцуулаад төрийн эрхийг хязгааргүй барьдаг. Ийм зүйлийг дэмжихгүй ээ. Манайх ийм тогтолцоо руу явах гээд байна. Монголын асуудлыг шийдэхэд Үндсэн хууль, УИХ-ын гишүүдийн тоо тээг болоогүй. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар гарт орсон өргөсийг авч байгаа мэт нийгэмд тугамдаад байгаа асуудлууд гэнэт алга болчихно гэж байхгүй. Энэ бол үлгэр.
"ХУУЛЬ МУУ БАЙГААГААС МОНГОЛ УЛС ДОРОЙТОЖ БАЙГАА БИШ ДАРГА НАР МУУ, УЛС ТӨРИЙН НАМУУДЫН ЖУДАГГҮЙ, ЗАРЧИМГҮЙ БАЙДЛААС Л БОЛСОН ХЭРЭГ"
-Та Үндсэн хуулийн дархлааны асуудлыг тогтмол хөнддөг. Тэгвэл хамгийн сүүлд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан Үндсэн хуулийг энэ хавар дахин өөрчлөх асуудалд шүүмжлэлтэй хандаж байгаа юу?
-Зарчмын хувьд Монгол Улс одоо хэрэгжиж байгаа Үндсэн хуулиа бүрэн хүчин чадлаар нь ашиглах ёстой. Дахин хэлье. Монгол Улсад нэг буруу чиг хандлага тогтоод байгаа нь бурууг бусдаас хайдаг. Сөрөг хүчин рүүгээ дайрдаг. Тэр нь хандалт сайн авах бол тохох эзэн хайж байгаад Үндсэн хууль руу чихдэг болсон. Үндсэн хууль буруу, муухай байгаагаас хил гааль нээгдэхгүй, бараа бүтээгдэхүүүний хомсдол орж, инфляци өслөө, улс орон сүйрлээ гэх мэт буруу хандлага руу явж байна.
Үндсэн хуульд нэг том сул тал байгаа нь улстөрчид шиг уран цэцэн ярьж чадахгүй юм даа. Түүнийг нь далимдуулж, Үндсэн хуулиа нулимдаг, өшиглөдөг, үгүйсгэдэг, улс төрийн хогийн сав мэт аашилдаг зарчимгүй улс төр хийж байна. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй.
Үндсэн хуулийн төгсгөлд Мэдэгтүн,Сахихтун гэж бий. Бид эхлээд Үндсэн хуулиа мэдэхийн тулд уншиж, судлах ёстой. Дараа нь түүнийг сахин биелүүлэх учиртай. Гэтэл өнөөдөр Үндсэн хуулийн агуулга, зарчмыг ойлгож мэдэж байгаа гишүүн парламентын танхимд хэд, Засгийн газрын сайд хэд байна, намын лидерүүдийн хэд нь Үндсэн хуулиа мэдэх юм вэ. Үндсэн хуулиа бүрэн дүүрэн мэдэхгүй байж түүнийг буруутгадаг байж болохгүй. Ардчилсан Үндсэн хууль бол Ардчилсан намын суурь үнэт зүйл учраас түүнийг сахин хамгаалах нь бидний бас нэг үүрэг. Үнэхээр болохгүй байна гэж үэж байгаа бол Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг өөрчлөх асуудал яригдаж болно. Хууль муу байгаагаас Монгол Улс уруудан доройтож байгаа биш дарга нар муу, улс төрийн намуудын жудаггүй, зарчимгүй, хууль номгүй, дүрэмгүй байдлаас л болсон хэрэг. Хууль руу бурууг чихэхээс өмнө оношоо зөв тодорхойл. Ажлаа хийж чадахгүй, хариуцлагагүй байгаа Засгийн газартаа хариуцлага тооцож чаддаг байх хэрэгтэй.
-Парламентын гишүүд нь Засгийн газартаа ороод суучихсан учраас хариуцлага тооцох тухай асуудлыг хөндөх боломжгүй, барьцаалагдчихснаас ийм асуудал үүсээд байгаа юм биш үү?
-Үндсэн хуульд 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа УИХ-ын дөрөвөөс дээшгүй гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллах заалтаасаа өнөөдөр ухарчихсан сууж байгаа. Өнгөрсөн жил Үндсэн хууийн Цэцийн шийдвэр гарч, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хоёрхон цагийн дотор хийсэн. Гэхдээ ганцхан давхар дээлний асуудлыг л хөндсөн. Өөрөөр хэлбэл, хэдхэн хүнийг сайдын суудалд суулгахын тулд л Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг цай уугаад кофе уух зуураа хийсэн. УИХ-ын гишүүдийг давхар дээлтэй болгож байгаа нь цаагуураа Засгийн газар огцрохгүй байх сууриа л тавьсан хэрэг. Ийм байдлаар яаж Монгол Улсын асуудлыг шийдэх вэ.
Хэрэв Засгийн газар нь парламентаа тараах асуудлыг хөндөх гэж байгаа бол парламент нь эхлээд Засгийн газартайгаа хариуцлага тооцох ёстой. Дараалал логикийн хувьд Засгийн газар нь парламентаа хөөж явуулж тараадаг улс Монгол Улс байж таарахгүй. Ард түмний төлөөлөл болсон парламентыг гадна, дотны гар хөл бологсодын явуулгаар хүссэн цагтаа, хугацаанаас нь өмнө тараадаг болчихвол монголын төр тогтворгүй болно.
Харин ажлаа хийж чаддаггүй, Үндсэн хуулийн болоод хүний эрхийн зөрчил гарсан, эдийн засгийн хүндрэлээ даван туулж чадахгүй байгаа Засгийн газартаа ард түмний төлөөлөл болсон парламент хариуцлага тооцож чаддаг байх ёстой. Би аль нам, хэнээс үл хамаарч ямар ч үед парламентын дархлааг хамгаалах талд зогсоно. “Дарангуйллын салхийг нэг л оруулчихвал буцааж гаргахад хэцүү” гэдэг шиг буруу зарчмыг улс төрд оруулсаар байвал эргүүлж гаргахад хэцүү, хэвшил болно. Улс төрийн намууд одоо улс орноо бодох цаг болсоон. Сонгуулиас сонгуулийн хооронд амьдарсаар Монгол Улс туйлдаж гүйцлээ. Сонгуулийн ялалтаа бодож, шийдвэр гаргаж, алхам хийсээр том зургаараа Монгол Улс жижигэрч байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал аминд тулчихсан асуудал биш.
"ЭРХ БАРИГЧ НАМААС ХЭН БАЙХААС ҮЛ ХАМААРЧ АН-ЫН ҮЕ ҮЕИЙН ДАРГА НАРЫГ ХАРЛУУЛАХ, ХҮЧГҮЙДҮҮЛЭХ БОДЛОГО ЯВУУЛЖ ИРСЭН"
-УИХ-ын зарим гишүүний бүхэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-д Улсын ерөнхий прокуророос хүргүүллээ. Парламентад суудалтай намууд тэдэнтэй хариуцлага тооцож чадах болов уу?
-Гэмт хэрэгт нэр холбогдсон бол УИХ-ын гишүүд тодорхой хэмжээнд шалгуулах үүрэгтэй. Үүний цаана парламентын нэр хүндийн асуудал давхар яригддаг. Парламентын гишүүн нэр цэвэр, ёс зүйтэй, хууль дээдэлж ажилладаг хүмүүс байх ёстой гэдэг утгаараа тэд дүрмийн дагуу шалгуулах нь зүйтэй. Гэхдээ энэ бүх процесс үндэслэлтэй, ил тод байх ёстой. Хүнийг хэлмэгдүүлж болохгүй.
Гэхдээ энэ үйл явцыг ажиглаж байхад намаар нь ялгаварлан авч үзээд байгааг гайхаж байна. Нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой 40 их наяд ч гэл үү аманд багтахгүй тоо яригдаж, эрх баригч намын 10 гаруй гишүүний нэр холбогдоод явж байсан. Сүүлдээ хоёр гуравхан хүний нэр үлдээд эцэст нь хамгийн том хулгайч нь Ардчилсан намын хүн болж хувирах жишээний.
Ийм ядруу улс төрөөр Ардын нам 30 жил явж ирсэн. Ардчилсан намын тугийг дандаа харлуулдаг технологийг Л.Оюун-Эрдэнэ үргэлжлүүлж байна. МАН-ын хүн нь шинэчлэгдснээс бодлого, үнэт зүйл нь шинэчлэгдээгүй байна.
-УИХ дахь танай намын бүлэг Д.Бат-Эрдэнийг хамгаалж үлдэнэ гэдгээ ил зарласан. Энэ үйлдэл нь ардчиллын үнэт зүйл, ил тод, шударга байдлаасаа ухарсан үйлдэл мөн үү?
-Ардчилсан намын гишүүн гэдэг үүднээс түүнийг хамгаалж, өмөөрсөн хэрэг биш гэж харж байгаа. Харин өнөөдөр Засгийн газрын сайд нар прокурор шиг ярьдаг, мэдэгдэл хийдэг, мөрдөн байцаагч адил хавтас хэрэг ярьдаг болчихлоо. Энэ бол үнэхээр зарчим алдагдсаны илрэл. Үе үеийн сайд нар Монгол Улсын хөгжлийн бодлого ярьдаг байсан. Одоо бол гарч ирээд салбарынхаа асуудлыг ярьдаг биш гэмт хэргийн асуудал булаацалдаж ярьдаг боллоо. Тэгэхээр ийм шударга ёсонд яаж итгэх юм бэ. Тодорхой нэг хүнийг өмөөрөх гэж байгаа асуудал биш.
-Ардчилсан намын дарга, тамга тэмдгийн асуудал нэг талдаа гарсан гэж ойлгож байгаа. Гэтэл Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг “МАН-ын утсан хүүхэлдэй боллоо” гэж шүүмжлэх хүмүүс цөөнгүй байна. Намын даргад манлайлал дутаад байна уу?
–Ардчилсан намын албан ёсны дарга Л.Гантөмөр болсноор манай намын асуудал нэг талдаа гарсан гэж ойлгож болно. Харин Ардчилсан намын асуудлыг нэг талдаа шийдэгдээгүй мэтээр харуулах, үзүүлэх санаа зорилготой хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ер нь эрх баригч намаас хэн байхаас үл хамаарч Ардчилсан намын үе үеийн дарга нарыг харлуулах, хүчгүйдүүлэх, унагах, хамгийн муу талын баатар болгох ийм бодлого явуулж ирсэн. Ийм зарчим бодлого цаагуураа яваад байна уу л гэж харж байна.
Холбоотой мэдээ