Эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

Эрчим хүчний нүүрсний үнэ 7.5 дахин нэмэгджээ

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өнөөдөр (2023.03.28) Монголын хөрөнгийн биржид ажиллаж, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай, Банкны тухай зэрэг хуулиудын хэрэгжилтийн явц, бэлтгэл ажилтай танилцлаа. Хөрөнгийн биржээр туршилтаар нүүрс худалдаалж эхэлсэн гурван сарын хугацаанд 370.6 тэрбум төгрөгийн орлого олсон талаар Монголын хөрөнгийн биржийн захирал Х.Алтай танилцуулав.

2023 он гарснаас хойш Монголын эдийн засагт сэргэлт ажиглагдаж, эхний хоёр сарын дүн мэдээллээр эдийн засаг 8.1 хувийн өсөлттэй гарсан. Эдийн засаг ингэж өсөлттэй гарахад уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа нүүрсний экспорт голлох нөлөөг үзүүлсэн байна. Тодруулбал, энэхүү 8.1 хувийн өсөлтийн 6.3 хувь нь нүүрсний экспортоос бий болжээ. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдаж, Монголын хөрөнгийн биржээр анхны туршилтын нүүрсний дуудлага худалдаа явуулж эхэлснээр дээрх нааштай үр дүн эдийн засагт бий болоод байна гэж УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ онцолсон юм.

Эрчим хүчний нүүрсийг уурхайн аман дээрээс 9.5 ам.доллараар худалддаг байсан бол хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш 73 ам.долларт хүрч, 7.5 үнэ нь дахин нэмэгджээ. Мөн коксжих нүүрсийг уурхайн амнаас 60-62 доллараар арилжаалдаг байсан бол 187 орчим ам.долларт хүрч, үнэ гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Монголын хөрөнгийн биржээр нүүрсийг арилжаалж эхэлснээр далд эдийн засагт ямар боломж байсан нь ийнхүү ил болоод байна гэж УИХ-ын гишүүн Б.Баттөмөр яриандаа тодотгож байлаа. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар 2022 оны аравдугаар сард Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэх Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж, уг хуулийг 2022 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдөр баталсан. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 2023 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлэх хэдий ч Засгийн газраас нүүрсийг хөрөнгийн биржээр туршилтаар арилжаалах түр журмыг баталж, мөрдөж ажилласны үр дүнд дээр дурдсан боломжууд гарч ирж байна. Эдийн засгийн өсөлт 8.1 хувь болоход Монгол Улсын төсвийн орлого өмнөх жилтэй харьцуулахад 30 гаруй хувиар өслөө. Эндээс Монгол Улсын хөгжлийн гарц бол баялгийн менежментийг зөв хийх юм гэдэг нь харагдаж байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. Нүүрсийг хөрөнгийн биржээр арилжаалж эхэлснээс хойш гурван сарын хугацаанд УУХҮЯ, Монголын хөрөнгийн бирж, СЗХ-ноос гаргасан доод үнэ буюу анх дуудсан үнээс 12.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэж зарагдсан нь маш сайн үзүүлэлт гэдгийг онцлон дурдав.

Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай  хэлэхдээ, Банкны тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн дагуу  банкууд олон нийтийнх болох ажил хийгдэж байна. Энэ жилийн зургадугаар сарын 30-наас өмнө энэ ажил дуусах ёстой. Одоогийн байдлаар Төрийн банк, Голомт банк IPO гаргаад байгаа бөгөөд бусад банкууд бэлтгэл ажлаа хангаж байгаа  талаар танилцууллаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж