Монгол Улс одоогоос зургаан жилийн өмнө Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдахын тулд арилжааны банкуудад активын чанарын үнэлгээ хийсэн. Тус үнэлгээгээр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкууд дампуурах эрсдэлтэйг тогтоож, дүрмийн сангаа хуульд нийцүүлэн нэмэгдүүлэх шаардлага тавьсан билээ. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх хоёр банкны асуудал шийдэгдээгүй хэвээр байна.
Өдгөө тус банкуудад Төв банкнаас томилогдсон шинжээч өдөр тутмын үйл ажиллагаа, удирдлагад хяналт тавин ажиллаж буй. Улмаар банкны Хувь нийлүүлэгчдийн болон Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралд саналын эрхгүйгээр оролцох, хөрөнгө оруулалт татах, хурлаар хэлэлцэж байгаа асуудлаар зөвлөгөө өгч ажиллаж байгаа юм.
Бүх банкны дүрмийн сангийн доод хэмжээ 100 тэрбум байх ёстой. Өдгөө Чингис хаан банкны дүрмийн сан 50 хувьтай байгаа ажээ.
Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн мэдээлснээр, Чингис хаан банкны өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулагч орж ирэх зайлшгүй шаардлагатай. Үүнтэй холбогдуулан Өвөрмонголын хөрөнгө оруулагч Монголбанкин дээр ирж уулзан, хөрөнгө оруулалт хийх сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
Чингис хаан банкийг "аврах" хөрөнгө БНХАУ-аас олон шат дамжлага дамжин орж ирэх бөгөөд тус улсын Санхүүгийн зохицуулах хорооноос заавал зөвшөөрөл авах ёстой аж. Иймд тэрбээр энэ чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүсэлтийг Монголбанкинд гаргасан байна. Төв банкны удирдлага БНХАУ-ын Элчин сайдтай уулзахдаа хөрөнгө оруулах чиглэлээр дэмжиж өгөх түүний хүсэлтийг уламжилжээ.
Мөн Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн аж. Монголбанкны хувьд түүний хүсэлтийг хүлээн авч, хөрөнгө оруулагчийн хувьд хуульд хэр нийцэж байгаа, шалгуураа хангаж байгаа болон мөнгөний эх үүсвэр бэлэн эсэхийг шалгаж буй юм байна.
Холбоотой мэдээ