Дарга цэрэг, ард иргэдгүй монголчууд өвөл болохоор утаагаа ярина, зун болохоор мартана. Ингэж явсаар олон өвлийг үджээ. Агаарын бохирдлоос болж иргэд нь эрүүл мэнд, эдийн засгийн хохирол амссаар. Эрх мэдэлтнүүд нь агаарын бохирдлоос "алт, мөнгө" халаасалсаар. Монгол Улс агаарын бохирдлоороо дэлхийд нэгд бичигдэх болсон. Үүний хор уршигт эмэгтэйчүүд, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд илүү өртдөг. Бид агаарын бохирдол түүний сөрөг үр дагавар, хүн, байгальд үзүүлэх нөлөөг мэддэг мэт ярьдаг. Гэвч бодит байдал дээр хүний эрүүл мэндэд агаар бохирдуулагч хүчин зүйлс хэрхэн нөлөөлж байгааг анзаардаггүй. Тэр дундаа, жирэмсэн эх, хүүхдэд.
Тухайлбал, амьгүй төрөлт, дутуу төрөлт, бага жинтэй төрөлт, уушгины хатгалгаа, бронхит, гуурсан хоолойн багтраа өвчин, уушгины үйл ажиллагааны хүчин чадал, функц муудах, тархины хөгжилд сөргөөр нөлөөлдөг байна. Энэ нь судалгаагаар батлагдсан бөгөөд олон улсын сайн туршлага, бодит баримтад тулгуурлан авах арга хэмжээг бодлогын хэмжээнд Монгол Улс боловсруулжээ.
Үүнийг эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх сөрөг нөлөөг бууруулах сүүлийн таван жил хэрэгжсэн төсөл хөтөлбөрийн үр дүнгийн танилцуулгын үеэр өчигдөр /2023.03.28/онцолсон юм. Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сан Монгол Улсын Засгийн Газартай хамтран, Швейцарын Хөгжлийн Агентлагийн дэмжлэгтэйгээр “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийг 2018-2023 онуудад гурван үндсэн зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн. Тус төслийн сайн туршлага, инноваци, шийдлийг танилцуулж, сайн туршлага, оновчтой шийдэл, үйл ажиллагааг үндэсний болон орон нутгийн түвшинд тогтвортой хэрэгжүүлэх, цаашид үргэлжлүүлэх нь чухал болохыг төсөлд оролцогчдын зүгээс хэлсэн юм.
ТӨРӨӨС ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ УЛААНБААТАРЫН АГААР ДАХЬ ТООСОНЦОР 40 ХУВЬ БУУРСАН Ч ХҮХЭРЛЭГ ХИЙ НЭМЭГДСЭН
Хүйтний улиралд агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнууд. Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Засгийн газар 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг хориглож, гэр хороололд цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг үзүүлж буй. Мөн халаалтаа цахилгаанаар шийдэх боломжийг нэмэгдүүлэх, халаалтын уурын зуухны янданд шүүлтүүр суурилуулах зэрэг тодорхой шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын агаар дахь тоосонцрын хэмжээ 40 хүртэл хувиар буурсан үр дүнд хүрсэн байна. Тиймээс Монголд төрөөс авч хэрэгжүүлэх нэгдсэн бодлого, зохицуулалт, төлөвлөлт, бодит үр дүнгээ өгөх нэгдсэн ажил дутагдалтай байгааг иргэд хэлж байгаа юм.
Хэдийгээр тоосонцрын хэмжээ буурсан ч Улаанбаатар хотын агаар дахь хүхэрлэг хийн агууламж нэмэгдсэнээр агаарын бохирдлын асуудал анхаарлын тэмдэг заасан хэвээр.
Нөгөө талдаа төсөл хэрэгжүүлж, томоохон нэгжүүд, харьяа яам, салбар нэгжүүд дүн мэдээг тайлагнадаг ч түүнийг боловсруулж, ажил хэрэгт тусгадаг эсэх нь тодорхойгүй байгааг иргэд шүүмжилдэг. Энэ нь ч зүйтэй. Өндөр төсөвтэй, олон тооны үр дүнгүй судалгааг боловсруулж, цаг хугацааны хувьд ч алдагдалтай ажилладаг нь нууц биш. Харин Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн Сангийн хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөр сүүлийн таван жилийн статистик мэдээллээс гадна бодит гаргалгаа эрж хайсан нь олзуурхууштай болжээ. Тодруулбал, гурван зорилгын хүрээнд тоо баримт, нотолгоог бий болгох, агаарын чанарын хяналт, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, олон нийт, хүүхэд, залуучуудыг мэдлэгжүүлэх, чадавхжуулах, монгол гэрийн дулаалга, халаалт, агаар сэлгэлтийн чип багц зэрэг нүүрснээс цэвэр технологи руу шилжих шийдэл, цэвэр технологийг хөгжүүлж нутагшуулах, санхүүжилтийн оновчтой механизм, хүртээмжтэй үйлчилгээг нэвтрүүлэх зэрэг үйл ажиллагааны үр дүнг боловсруулжээ. 2018-2023 онд хийгдсэн “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төслийн үр дүнг авч үзвэл:
1. Судалгаа шинжилгээ: Байгаль орчин аялал жуулчлалын яам агаарын бохирдлын талаарх эрдэм шинжилгээний тэргүүлэх чиглэлийг баталж, 28 судалгаа, үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Үүнд
- Улаанбаатар хотын агаар дахь РМ2.5 тоосонцрын найрлага ба эх үүсвэр,
- Даланзадгад Дулааны цахилгаан станцын хаягдал утааны хэмжилт, агаарын бохирдлын тархалтын судалгаа, Цэцэрлэгийн дотор орчны агаарын чанар,
- Баянхонгор аймгийн цэцэрлэг, эмнэлэг, багийн барилгын дулаан алдагдал ба газрын гүний дулааны насос ашиглах технологийн ТЭЗҮ, Түүхий нүүрсийг хорих арга хэмжээ ба эх, хүүхдийн эрүүл мэндийн үр нөлөө, Агаарын бохирдол ба гуурсан хоолойн багтраа өвчин зэрэг хамаарч байна.
2. Бодлого, төлөвлөлт: Төсөл нь орчны эрүүл мэндийн үйл ажиллагааны төлөвлөгөө, Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үндэсний хэмжээнд тодорхойлсон хувь нэмрийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын барилгын төлөвлөлт, эмнэлгийн зориулалттай барилга төлөвлөх норм, дүрмийг боловсруулахад дэмжлэг үзүүлсэн. Орон нутгийн түвшинд Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь аймгууд цэвэр агаар үйл ажиллагааны төлөвлөгөөг батлахад дэмжив. Мөн Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт чип болон эрүүл мэндийн үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа бөгөөд Орхон, Дундговь, Сүхбаатар аймгууд төслийн сайн туршлага, чип төслийг хэрэгжүүлж эхэлжээ.
Үүнээс гадна агаарын чанарын хяналт, дотор орчны агаарын чанар, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг сайжруулах, эрчим хүчний шийдэл, хүүхэд, залуусын оролцоо:, хамтын ажиллагаа, түншлэлийн хүрээнд ч зохих ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна.
Тэгвэл үндэсний хэмжээнд хэрэгжүүлсэн дунд хугацааны төсөл хөтөлбөрийн зорилгоос цаашид ямар үр дүнг хүлээж байгаа нь сонирхол татаж байна.
УЛСЫН ХЭМЖЭЭНД 5 ЖИЛ ХЭРЭГЖСЭН АГААРЫН БОХИРДЛЫН ТӨСӨЛ ХӨТӨЛБӨР ЗОРИЛГОДОО ХҮРСЭН ҮҮ?
Монгол улсын хэмжээнд “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөөг бууруулах нь” төсөл таван жилийн хугацаанд хэрэгжсэн. Энэ төслийн хүрээнд агаарын бохирдол зөвхөн эх, хүүхдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй төдийгүй ажил таслалтад ч нөлөөлдөг болохыг судалсан байна. Тодруулбал, нэгдүгээр зорилгын хүрээнд шинжлэх ухааны баримт, нотолгоо, нотолгоонд суурилсан бодлого, арга хэмжээг гаргажээ. Ингэхдээ Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэй ажил таслалтаас хувийн хэвшилд үүссэн зардлын тооцоо, багтраа өвчний өвчлөл зэрэг гол судалгаануудыг хийж дүнг нэгтгэсэн байна. Судалгаануудын үр дүнг товчоор нэгтгэвэл:
- Өнгөрсөн таван жилийн хугацаанд ажил таслалтын улмаас 7,5 сая ам.доллар алдсан
- Гурван удаагийн 3 хоногийн өвчний чөлөө, ажил таслалтын хувь шууд зардал 1,005,000 төгрөг байна
- Ажилтнуудад гарах зардал жилийн орлогын 10 хувь гэсэн тооцоолол гарчээ.
Гуурсан хоолойн багтраа өвчин болон агаарын бохирдлын хоорондын хамаарал:
- Тус өвчин нь өвөл халаалтын улиралд ажлын өдрүүдэд зонхилон тохиолддог бөгөөд 40 болон түүнээс дээш насны эмэгтэйчүүдийн дунд илүү тархмал
- Монгол Улс агаарын чанарын индексийн стандарт түвшинг хангаж чадсан тохиолдолд 80 хувиар буюу тав дахин буурах боломжтой.
Эдгээрээс гадна агаарын бохирдлыг бууруулах зорилгын хүрээнд хэрэгжүүлсэн түүхий нүүрсний хэрэглээг хязгаарласнаар тав хүртэлх насны хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг мөн судалсан байна. Эдгээр үр дүнд тулгуурлаж шаардлагатай бодлого боловсруулж ажиллах нь Монгол Улсын агаарын бохирдлыг бууруулахад тодорхой нөлөө үзүүлнэ гэдгийг судлаачид болон албаныхан онцолсон. Ямартай ч 2018-2023 онд хэрэгжүүлсэн агаарын бохирдлын эх хүүхдэд нөлөөлөх нөлөөллийг бууруулах төсөл хөтөлбөр нь дэвшүүлсэн зорилгын хүрээнд амжилттай хэрэгжжээ. Харин одоо төслийн хүрээнд хэрэгжсэн ажил хэргүүдийг үргэлжлүүлэх эсэх нь чухал байна.
Холбоотой мэдээ