МАН-ын Хяналтын ерөнхий хороо ацан шалаанд оров

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

МАН-ын Хяналтын ерөнхий хороо ацан шалаанд оров

МАН-ын Хяналтын ерөнхий хороо ацан шалаанд оров

МАН өнгөрсөн онд Их хурлаа хийж, намын дүрэмдээ “Хэрэв МАН-ын гишүүн нь гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан бол 30 хоногийн дотор гишүүнчлэлээсээ түдгэлзэх хүсэлт гаргана. Хэрвээ гишүүн сайн дураараа дээрх хүсэлт гаргахгүй бол МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, гэмт хэрэгт холбогдож, яллагдагчаар татагдсан гишүүнийг намаас хөөнө” гэдэг заалт оруулж,  баталсан ч нүүрсний хэрэгт холбогдсон гишүүдээ хөөж чадахгүй өнөөдрийг хүргээд байна.

УИХ дахь МАН-ын бүлгээс нүүрсний хэрэгт УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Ш.Раднаасэд нар нэр холбогдон, Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулах болсон. Тэднээс Ж.Мөнхбат нь УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхээс түдгэлзэх хүсэлт гарган, УИХ хүлээн авсан бол Улсын ерөнхий прокуророос Н.Наранбаатар, Т.Аюурсайхан нарын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-д гаргаад буй.

Эдгээр гишүүдийн хувьд АТГ-т шалгуулаад удаж буй, 30 хоног өнгөрөөд гурван сар болж байгаа ч гэж хэлж болно. Харин МАН-ын Хяналтын ерөнхий хороо дээрх хугацаа өнгөрснийг мэдэж байгаа ч нүүрсний хэрэгт шалгагдаж буй гишүүдээ хөөж чадахгүй өнөөдрийг хүргэсэн нь жирийн гишүүдийнх нь бухимдлыг төрүүлж эхэлжээ.

Ядаж байхад бүлэг нь энэ асуудлыг УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороондоо тохож, зугтаах болсон нь нүүрсний хэрэгт УИХ дахь МАН-ын бүлэгт олон хүн хамааралтай байж магадгүй гэх хардлага сэрдлэг ч дагуулж эхэлсэн байна.

Хуулиараа УИХ дээрх асуудлыг энэ долоо хоногт багтаан шийдэх ёстой бөгөөд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо маргааш хуралдаж, Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтийг хэлэлцэх болоод буй.

Хэрэв МАН-ын Хяналтын ерөнхий хороо УИХ дахь МАН-ын бүлэг шигээ Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийг харж суугаа бол нүүрсний асуудалд нэр холбогдсон гишүүдийнхээ  барьцаанд орсонтой адил зүйл гэж буруутгах хэсэг ч байна.

Ямартай ч маргааш хуралдах УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан МАН-ын дүрэм үйлчлэх эсэхийг ч давхар шийдэх болоод байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж