Драмын театрынхан аян замд гарна

Хуучирсан мэдээ: 2010.08.26-нд нийтлэгдсэн

Драмын театрынхан аян замд гарна

Улсын драмын эрдмийн театрын хамт олон  Төрөөс соёл урлагийн талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх, орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар  үйлчлэх зорилгоор “УДЭТеатр өдрүүд” аялан тоглолтоо жил бүр хийдэг уламжлалтай. Өнгөрсөн хавар энэхүү уламжлалт ажлыг Өмнөговь аймагт амжилттай зохион байгуулсан бол энэ удаад  Архангай, Булган аймгийн ЗДТГазруудтай хамтран  2010 оны есдүгээр  сарын 8-наас  24-ний өдрүүдэд зохион байгуулах гэж байна.

Аялан тоглолтод Д.Мэндсайхан “Ээжээ” уянгын драмын жүжиг , Ч.Ганхуяг “Эхнэрээ зээлээч” инээдмийн жүжиг, В.Красногоров “Би ч гэсэн жаргамаар байна” мелодрам, Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” драмын жүжиг, С .Михиалков “Бардам туулай” хүүхдийн жүжиг зэрэг шилдэг уран бүтээлүүдээ нас насны үзэгчдэд зориулан  50 хувь хөнгөлөлттэй үнээр тоглохоор есдүгээр сарын 8-нд Театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ замд гарахаар бэлтгэж байна.

Аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын удирдлагуудаас гадна Хөдөлмөрийн баатар Ц.Гантөмөр, Монгол Улсын төрийн соёрхолт, Ардын жүжигчин Н.Сувд, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, гавьяат жүжигчин С.Сарантуяа, Г.Равдан, Б.Тунгалаг, С.Дамдин, У.Уранчимэг, соёлын тэргүүний ажилтан Н.Цолмонбаатар, Б.Нармандах, Ц.Баясгалан, Н.Наранбаатар, С.Болдэрдэнэ, Г.Амгаланбаатар, Г.Эрдэнэбилэг, Г.Эрхэмбаяр болон залуу уран бүтээлчдээс бүрдсэн 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй замд гарах аж.

Тоглолтын хөтөлбөр:
2010 оны есдүгээр сарын 8-наас 15-ны өдрүүдэд Архангай аймагт:  
Есдүгээр сарын 8-нд-  Хашаат суманд
Есдүгээр сарын 9-нд – Батцэнгэл суманд
Есдүгээр сарын 10-12-нд – Цэцэрлэг хотод
Есдүгээр сарын 13-нд – Их тамир суманд
Есдүгээр сарын 14-нд –Эрдэнэмандал
Есдүгээр сарын 15-нд Хайрхан суманд тус тус аялан тоглоно.

2010 оны еспүгээр сарын 16-наас 24-ны өдрүүдэд Булган аймагт:
Есдүгээр сарын 16-нд-  Сайхан суманд
Есдүгээр сарын 17-нд – Баянагт суманд
Есдүгээр сарын 18-нд – Хутаг- өндөр суманд
Есдүгээр сарын 19- 22-нд – Булган аймгийн төвд
Есдүгээр сарын 23-нд –  Бугат суманд
Есдүгээр сарын 24-нд  Хишиг -өндөр суманд тус тус тоглоно.

М.Дөлгөөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж