ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн Төрийн ордонд "GS25" сүлжээ дэлгүүр нээх гэж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Засгийн газраас төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя гэсэн зорилтын хүрээнд бизнесийн үйл ажиллагаанд төрийн байгууллагууд оролцохыг багасгая гэж буй. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын тогтоол өнгөрсөн жил гарсан. Төрийн ордны цогцолборт үйл ажиллагаа явуулж байсан зоогийн газар, кофе шоп гэх мэт газруудыг 2022 оны арванхоёрдугаар сарын 31-нээр тасалбар болгож, татан буулгах шийдвэр гарсан. Төрийн ордонд хурал зөвлөгөөн, чуулган, байнгын хорооны хурал, гадаадын төлөөлөгчдий хүлээн авч уулзах гэх мэт төвлөрсөн арга хэмжээ их болдог. Тийм учраас үйлчилгээ сайтай байх ёстой. Энэ орон зайг хувийн хэвшлийн мэргэжлийн байгууллага үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэж үзсэн. Тэгээд нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэлсэн.
Жишээлбэл, Төрийн ордны зоогийн газрыг 10 байгууллага, кофе шопыг 14 байгууллага, сүлжээ дэлгүүрийг үзье гэж таван байгууллагын төлөөлөл үзсэн. Үүнд "GS-25" сүлжээ дэлгүүр орсон юм.
Тийм учраас Төрийн ордны нэг давхарт талбай түрээслэхээр болсон байгууллагууд дотор энэ сүлжээ дэлгүүр багтсан. Одоо засварын ажлаа хийж байна. Удахгүй үйл ажиллагаагаа явуулах байх. Журмын дагуу сонгон шалгаруулахад үнийн санал нөлөөлсөн. Тус компани хамгийн өндөр үнэ өгсөн. Төрийн ордон онцгой объект учраас сүлжээ дэлгүүрт архи, согтууруулах ундаа зарахгүй " гэв.
Холбоотой мэдээ