Японы боомт хот Осака дахь ядуусын хороолол нь хачирхалтай байдлаар олны анхаарлыг татдаг. Тэнд сураггүй болж, хэзээ ч олдохыг хүсдэггүй хүмүүс очдог учраас "Бермудын гурвалжин" гэх хочийг авсан байна. Камагасаки ядуусын хороолол нь Японы бусад хэсгээс амьдралаа орхин ирсэн тэнүүлчдээр дүүрчээ. Тэднийг нутгийн иргэд "жоухацу-ша" /ууршсан хүмүүс/ гэж нэрлэдэг байна. Гэр бүл, найз нөхдөөсөө холбоогоо тасалж, одоо байгаа амьдралаасаа зугтахыг хүссэн хүмүүс Камагасакид "шинэ амьдрал" эхлүүлдэг аж.
Японд 2021 оны байдлаар 80 мянга орчим хүн сураггүй бологсдын жагсаалтад бүртгэгдсэн байна. Тэдний олонх нь их хэмжээний өрнөөсөө зугтах, үүрэг хариуцлагаасаа бултах эсвэл зүгээр амьдрах хүсэлгүй болсноосоо болж сураггүй болох арга замыг сонгодог гэнэ. Сураггүй бологсдын нэг 49 настай Масаши Танака ээжийнхээ хүчирхийллээс зугтахын тулд Камагасакид иржээ. Тэрбээр хар тамхинд донтсон бөгөөд шорон түүний байнга "үйлчлүүлдэг" газар болжээ. Анх удаа шоронд ял эдлээд гарч ирэхэд нь ээж нь "Чи миний хувьд хэдийнэ үхсэн. Дахиж над руу мессеж бичих хэрэггүй" гэснээс хойш тэрбээр Камагасакийн "оршин суугч" болсон аж.
Камагасаки нь өөрөөр Айрин Чикү буюу хүмүүс хямд байр, бага хөлстэй өдрийн ажил олж хийх боломжтой газар гэдгээрээ алдартай. Тэндхийн зочид буудлууд нэг шөнийн 15 ам.доллар байдаг нь Японы өөр хаана ч байхгүй хямд өртөг. Түүнчлэн тэндхийн тэнүүлчдийг хямд хөлсөөр янз бүрийн ажилд "авах" эрэлт их байдаг аж. Тус ядуусын хороололд 25 мянга орчим хүн амьдардаг гэх судалгааг 2008 онд "The Guardian" агентлагийн эрэн сурвалжлах сэтгүүлчид гаргаж байв. Японы нийслэл Токиод ч үүнтэй төстэй хороолол байдаг нь "Саня". Тэрхүү хороололд амьдарч буй хүмүүс хямд ажиллах хүч болдгоороо нэлээд эрэлттэй байдаг.
Ядуусын хорооллуудад амьдарч буй хүмүүс дахиж олдохыг хүсээгүй учраас нэрээ сольсон байх нь элбэг. Нийгэм судлаач Хироки Накамори хэлэхдээ, Японд хувийн нууцлалыг маш өндрөөр үнэлдэг учраас "сураггүй болсон" хүмүүс "баригдалгүйгээр" "ATM"-аас мөнгө авах боломжтой байдаг гэв. Тодорхой шалтгаангүй л бол цагдаа нар тэдгээр тэнүүлчдийг "хоргоодоггүй". Харин гэр бүлийнхэн нь үнэхээр тэднийг олохыг хүсвэл хувийн мөрдөгч хөлсөлдөг байна.
Тэнүүчилж амьдарч буй 64 настай Кодама гэгч анх 27 настайдаа галт тэрэгний тасалбар авах л мөнгөтэй гэрээсээ гарч Камагасакид иржээ. Тэр цагаас хойш 35 жилийн турш гэр бүлийнхэнтэй огт холбоо барьж уулзаагүй гэнэ. Ажлаасаа халагдсаныхаа дараа тэрбээр Осака дахь ядуусын хороололд ирснээр өдрийн ажил олж хийх боломжтой болжээ. Тэрбээр "Би амьдралаас залхсан. Гэхдээ надад үхэх зориг байхгүй. Тиймээс л ингэж амьдарч байна" гэж ярьсан байна.
Үүний зэрэгцээ Япон улс нь амиа хорлолтоор дэлхийд тэргүүлдэг. Тус улсын 100 мянган хүн тутмын 18-19 нь амиа хорлодог байна. Амиа хорлолтын голлох шалтгаан нь ажлын ачаалал, сургуулийн дарамт, эргэн тойрныхны гутаан доромжлол байдаг аж. 2019 оны хувьд амиа хорлолт 1978 оноос хойш хамгийн доод түвшинд хүрч, 20 мянгаар буураад байсан ч цар тахлын улмаас дахин огцом нэмэгдэж эхэлсэн байна.
Холбоотой мэдээ