Амбиц нь хэтийдсэн түшээ

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

76:1

Амбиц нь хэтийдсэн түшээ

Амбиц нь хэтийдсэн түшээ

NEWS агентлаг энэ удаагийн 76:1 булангаараа УИХ-ын сонгуулийн 25 дугаар тойрог буюу нийслэлийн Чингэлтэй дүүрэгт нэр дэвшиж, сонгогдсон Мөнхөөгийн Оюунчимэгийг танилцуулж байна.


Амбиц, арга чаргаараа аль ч намын эмэгтэйчүүдийг урдаа гишгүүлээгүй хууль тогтоогч бол УИХ-ын гишүүн М.Оюунчимэг юм. УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан ялалт байгуулж, парламентад хууль тогтоож суугаа нь ч хэнтэй ч зохицон, улс төрийн тоглолт хийж ирсэнтэй нь холбоотой гэж улс төрийн хүрээнийхэн ярьдаг.

УИХ-д анх удаа сонгогдсон жилдээ УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, хоёр дахь удаагаа сонгогдсоны дараа УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороог удирдаж, шуугиулсан нь ч хэр амбицтай улстөрч вэ гэдгийг тод харуулсан. Уг нь УИХ дахь МАН-ын бүлэг парламентад анх удаа сонгогдсон гишүүнд байнгын хороо удирдах эрх олгож байсан нь үгүй ч М.Оюунчимэг гишүүнд боломж гаргаж өгсөн. Энэ нь цаашид карьераа ахиулах суурь нь ч болсон юм.

Ер нь УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хувьд хаана албан тушаалын орон зай гарна, тэнд нэр нь давхар яригдаж ирсэн гэж хэлж болно.

Өнгөрсөн жил УИХ-ын дэд даргын суудал эзгүйрч, МАН дотор марафон өрнөхөд нэр нь цохиж л явсан. МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо даргаа өөрчлөх болоход мөн л нэр нь хавчуулагдсан. Хэдийгээр тус холбоог удирдах эрх олдоогүй ч энэ чөлөөнөөр УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга болж, давхар алба хаших болсон.

Сүүлийн үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад М.Оюунчимэг гишүүний нэр яригдах болсон нь кейс тавьж, янз үзэж байна гэхээс илүү Засгийн газарт ажиллах сонирхол, эрмэлзэл байгааг илтгэж буй. Гэхдээ Ерөнхий сайд асан Сү.Батболдын фракцад харьяалагдаж ирсэн түүний хувьд Л.Оюун-Эрдэнийн багт багтах “шаанс” бага юм.

Хэдийгээр түүнд Засгийн газарт багтах боломж бага ч ах дүү нараа төрийн чухал албанд байршуулж чадсан сүйхээ бий. Тодруулбал, төрсөн эгч М.Нармандахын охин Л.Энхзаяаг Монгол банкны хянан шалгагчаар, хүү Л.Эрхэмзаяаг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дэд бүтэц тээвэр логистикийн албаны даргад зүтгүүлж, ажилд оруулсан гэх хэл ам дагадаг.

Харин Covid-19 цар тахалтай Монгол Улс тэмцэж байсан хүнд үед хүү Б.Энхмөрөн нь төрийн албаны шалгалт өгөлгүйгээр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Худалдан авалт гэрээлэлтийн газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон нь шүүмжлэл дагуулж, чөлөөлөгдөж байв.

Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультетыг төгссөн, ажлын гараагаа МҮОНРТ-ээс эхлүүлж, ММ агентлагийг удирдаж байсан бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ үеэс улс төрд орох замналаа эхлүүлсэн гэж хэлж болно.

Тэрбээр хүүхдийн мөнгийг бүгдэд тэгш олгох ёстой гэсэн байр суурь баримталж ирсэн. Энэхүү байр сууриа УИХ-аар 2023 оны төсөв хэлэлцэх үед илэрхийлж байсан ч бүлэг нь тоогоогүй.

Одоо ч энэхүү байр суурь дээрээ зогсдог бөгөөд “Хүн бүр нийгмийн гарал үүсэл, хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой тул цаашдаа анхаарч шийдэх асуудал. Хүүхдийн мөнгө бол халамж биш. Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим гэж үзэж байна” гэж хэлээд Засгийн газрын гишүүддээ ч ад үзэгдэж байв.

УИХ-д ажиллах хугацаандаа Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хуулийн төсөл, Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох тогтоолын төсөл, Аж ахуй эрхлэгч эмэгтэйчүүдийн эдийн засаг дахь оролцоог нэмэгдүүлэх хуулийн төсөл, Банк санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн төслүүдийг бусад гишүүдийн хамтаар санаачлан, УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг.

Тэрбээр УИХ-д анх сонгогдсон жилд хөрөнгө орлого нь огцом өссөн гурван гишүүний нэгээр зарлуулж, УИХ-ын Ёс зүйн дэд хороогоор “шүүлгүүлж” байсан. Тодруулбал, 2020 онд “Бид уучлахгүй” хөдөлгөөнөөс УИХ-ын нэр бүхий гурван гишүүний хөрөнгө орлого огцом өссөн байна гэж үзэн, асуудлыг хэлэлцэхийг шаардсан. Гэхдээ Хөрөнгө орлогыг нь шүүж үзэхэд огцом өссөн нь батлагдаагүй, энэ нь техникийн алдаа гаргасантай холбоотой гэж үзэн, дуулиан дарагдсан юм.

Харин саяхан чуулганы нэгдсэн хуралдаан дээр  "CU", "GS25" гэсэн хоёр сүлжээ дэлгүүр бусад жижиг хүнсний дэлгүүр хаагдахад хүргэж байна, шударга өрсөлдөөн  байна уу гэдэг асуудлыг хөндсөн нь олны дургүйцлийг хүргээд буй.

Гэхдээ тойргийнхон нь ам сайтай байдаг. Учир нь, Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д ажиллах болсноор сургууль, цэцэрлэгүүд олноор баригдаж нийгмийн тулгамдсан асуудлуудын нэлээд нь шийдэгдсэн гэж үздэг. Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн амжилттай яваа нь Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Шинэ хороо”, “Эко хороо” гэдэг. Уг төслийн хүрээнд одоогоор тус тойргоос 1000 орчим айл яндангаа буулгаж, цахилгаанаар халаалтаа шийдсэнээр хашаандаа тохь тухтай амьдардаг болжээ. Цаашид дээрх хоёр төслөөс “Эко хороо” нь үргэлжлэн хэрэгжинэ.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ: 

  • 1988 онд Мөрөн хотын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1995 онд ОХУ, Ленинградын улсын их сургуулийн сэтгүүл зүйн факультет, сэтгүүл зүйн мастер
  • 2008 онд АНУ, Оклахома мужийн Улсын их сургууль, сэтгүүл зүйн мастер

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1995-2009 онд Монголын үндэсний телевиз, “ММ” агентлаг редактор, ахлах редактор, тоймч
  • 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал
  • 2009-2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга, Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч
  • 2013-2015 онд Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн ажлын албанд зөвлөх
  • 2013 онд Монгол ардын намын Нарийн бичгийн дарга
  • 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирал
  • 2016 оноос Монголын хөгжлийн стратегийн хүрээлэн УЗ-ийн гишүүн
  • 2016-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 онд Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2020-2022 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ

  • 2007 онд Алтан гадас одон

ГАДААД ХЭЛ

  • Англи, Орос

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
17
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж