Ардын намын бүлэг Сонгуулийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөө ярилцжээ. Мэдээлэл хийв, Д.Тогтохсүрэн дарга. УИХ-ын даргын захирамжаар УИХ-д суудалтай гурван намын төлөөлөл орсон ажлын хэсэг зөвлөлдөж байгаагаа ярьжээ. Мэдээллээс хачин жигтэй сонсогдсон зүйл бол хүйсийн төлөөллийг 20 хувь байсныг 30-аас доошгүй болгохоор нэмэгдүүлсэн гэжээ. Их харж үзсэн аятай ярьж байна. 30 хувийг танай энэ парламент харж үзэж батлах гээд байгаа юм биш. Өмнө хоёр ч парламентаар баталж байсан хувь хэмжээ. Тиймээс энд дэвшилтэт зүйл харагдахгүй байна. Одоогоос 12 бас 18 жилийн өмнө баталж байсан энэ хувь хэмжээнээс давж гарч чадахгүй гэж үү. Эн тэнцүү 50/50 хувийн тухай ярьж байж, дэвшлийн тухай ярихаас 30 хувь дээр нэг их харж үзээд байгаа юм алга.
Дэлхийн даяараа тэгш оролцооны тухай ярьж, бүх зүйл дээр үүнийг шингээж, шигтгэж байна. Гэтэл манайх нэг хүйсийн 30 хувийг хангах хуулийн заалт яриад сууж байгаа нь эмгэнэл. Тэгш оролцоо бол шударга нийгмийн хөрс нь юм.
Өнөөдөртөө бол энэ эмэгтэйчүүдэд зориулагдсан заалт. Энэ хүйсийн төлөөлөл дутуу учраас тэгж ойлгож болно. Цаашдаа асуудал яаж ч эргэж болно. УИХ-ын дарга нь Мартаар эмэгтэй гишүүн асан, гишүүн байгаа парламентын төлөөлөгчдөө хүлээн авч, та бүхний, ерөөсөө эмэгтэйчүүдийнхээ шийдвэр гаргах түвшинд өндөр үсрэлт, бодитой ахиц, хангалттай түвшин үзүүлнэ гэж хэлсэн. Гэвч тийнхүү зангарагтай амлалт гэж хэвлэлд бичигдсэн спикер Г.Занданшатарын эхний чиг аяс ийнхүү сул дорой, илтэд уруудуулсан, дэвшилт гэхээргүй хандлагаар, Д.Тогтохсүрэн нарын мэдээллээс илэрч байна. Монголын хүн амын 51 хувь нь эмэгтэйчүүд. Гэтэл энэ хүйсийн төлөөлөл Монголын нийгэмд шийдвэр гаргах түвшинд маш бага, ердөө 10 гаруйхан хувьтай байгаа. Г.Занданшатар, Д.Тогтохсүрэн нар Ардын намын бүлгийн өчигдрийн мэдээллээрээ Монголын нийт эмэгтэйчүүдийг басамжлан тохуурхаж байна гэхэд хилс болохгүй. Нэр дэвшихэд нь л, төлөөлөлд байх язгуур хувийн нь талыг дэвшүүлнэ гэж ярьж байгаагаараа эрх баригчид, үнэмлэхүй олон суудалтай Ардын намын бүлгийн дарга, парламентын спикер хоёр Монголынхоо эмэгтэйчүүд рүү илтэд тааруу хандлагаар илэрхийлэгдэж байна. Парламентын эмэгтэй гишүүд ээ, П.Анужин, Д.Сарангэрэл, М.Оюунчимэг, Б.Жаргалмаа, А.Адьяасүрэн, С.Одонтуяа, Г.Мөнхцэцэг, Х.Булгантуяа, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Б.Баярсайхан, Ц.Мөнхцэцэг нар аа, та бүхэн хүйсийн тэгш оролцоог хангахад 30 хувь хангалттай биш гэдгийг хатуу шаардаж нэхээрэй.
Эмэгтэйчүүдийн чинь төлөөлөх эрх хангагдахгүй байгаа болохоор, эмэгтэйчүүдийн чинь үзэл санаа тусахгүй болохоор, эмэгтэйчүүдийн чинь хяналт байхгүй болохоор, эмэгтэйчүүдийн чинь оролцоо үгүй болохоор улс орон өнөөдөр 40 их наядын хулгайтай байгаа юм. Эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцлийн хууль, арга билгийн шүтэлцээнд ертөнц оршдог. Энэ түгээмэл онол хууль Монголын төрийн эрх барих байгууллага, шийдвэр гаргах бүхий л түвшин, засаг захиргаанд эс гүйцэлдэж, тэнцвэржиж ирээгүйн сонгодог илэрхийлэл бол өнөөдрийн Монголын авлига хээл хахууль, боловсрол, эмнэлэгийн уналт, хөрөнгө оруулалт , экспорт, эдийн засаг байхгүйгээр нотлогдож байгаа юм. Ардчиллын ухралт хэдэн арваар арагшлаад л. Спикер нь индекс ухарсан ч гээд инээдтэй зүйл хэлж хаврын чуулганаа нээсэн. Ийм шившигтэй байж таарахгүй ээ, Монголын парламентчид аа.
Эрэгтэй, эмэгтэй гэлгүй ирээдүйн зөв засаглалынхаа төлөө та нар маань хүйсийн тэгш оролцоог хангахын тулд бүхий чадлаараа ажилла аа. Энэ бол өөрийнхөө, охидынхоо, ирээдүйнхээ төлөө хийж байгаа их үйлс. Айл гэр дулаан байхын үндэс эмэгтэй хүн байдаг. Айл гэрийн дулаан айлын эм, эр хоёрын нэгдмэл зорилгоор тэлж, аз жаргалыг олдог. Монголын төрийг айл гэж үзвэл, эр нь байна, эм нь алга. Айл бай л даа, эрх баригчид аа, парламентын гишүүд ээ!
Б.БАЯР
Холбоотой мэдээ