Хотын төвд Онцгой байдлын ерөнхий газрын аврах ажиллагааны нисдэг тэрэг өглөөнөөс хойш нисч, баригдаж буй барилгын дээд хэсэгт, кран дээр аврагчид бууж байгаа талаар иргэд мэдээлсэн. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газраас тодруулахад "Аврах ажиллагааны тактикийн сургуулилалтын хүрээнд өнөөдөр /2023.03.28/ дадлага сургуулилалт хийж байна. Тиймээс иргэд айж, сандрах шаардлагагүй" гэлээ.
ИРЭХ ТАВДУГААР САРД ГАМШГААС ХАМГААЛАХ НЭГДСЭН СУРГУУЛИЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА
Турк Улсад болсон газар хөдлөлтийн үеэр эрэн хайх, аврах ажиллагаанд оролцсон туршлагаас Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр хуваалцсан. Тэрбээр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд ирэх тавдугаар сарын 24-26-ны хооронд Монгол Улсад үндэсний хэмжээний сургуулилалт зохион байгуулна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Шадар сайд, НЗДТГ, Онцгой байдлын ерөнхий газар хамтран анх удаа зохион байгуулах гэж байна.
Энэ арга хэмжээний үеэр газар ийм хүчтэй хөдөлсөн үед бид ямар арга хэмжээ авах вэ гэдэг асуудлыг хөндөх юм.
Одоогийн нөхцөл байдлаас харахад, жишээлбэл нэгдүгээр хороололд есөн давхар барилга нурахад аврах ажиллагаа зохион байгуулж дийлэхгүй байж мэднэ. Тиймээс гамшгийн үед олон улсын тусламжийг хэрхэн авах, ямар байдлаар ажиллах вэ, хүн хүчний нөөц байна уу зэрэг олон асуудлыг ярилцан, төлөвлөгөө гаргах юм. Тусгаар тогтнол, газар нутгаа хамгаалж үлдэх, ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангах нь улс үндэстний сөрөн тэсвэрлэх чадавх дээр тогтож байдаг. Тиймээс бид өнөөдрөөс эл зүйлийн талаар хөндөж, хэлэлцэж, төлөвлөх шаардлагатай тулгараад байна” гэсэн юм.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Л.ЭНХ-ОРГИЛ
Холбоотой мэдээ