ГЕГ: Витамин хилээр нэвтрүүлэхэд хүндрэл учирч байна

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

ГЕГ: Витамин хилээр нэвтрүүлэхэд хүндрэл учирч байна

ГЕГ: Витамин хилээр нэвтрүүлэхэд хүндрэл учирч байна

Гаалийн ерөнхий газар/ГЕГ/-аас өнөөдөр /2023.03.28/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Энэ үеэр ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа “УИХ-аас баталсан Эм эмийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 9-д зааснаар “Хилийн чанадаас эм, эмийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүн улсын хилээр оруулж ирэхэд тусгай зөвшөөрөл аваагүй нөхцөлд хилээр оруулахыг хориглоно” гэж заасан байдаг.

Гэтэл 2023 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуульд УИХ 2023 оны нэгдүгээр сарын 6-нд нэмэлт өөрчлөлт оруулахдаа “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлоход зөвшөөрөл авна” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, Зөвшөөрлийн тухай хуулиа харах юм бол биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витаминыг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл шаардахгүйгээр нэвтрүүлж болохоор байгаа.

Харин Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15 дугаар зүйлд “Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэхэд зөвшөөрөл аваагүй бол импортлохыг хориглоно” гэсэн заалт хэрэгжиж байгаа. Эндээс харах юм бол Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хоёр хуулийн хооронд зөрүүтэй асуудал үүссэн. Нэгэнтээ хоёр хууль хүчинтэй, хоёр заалт хүчинтэй байгаа нөхцөлд нийгмийн сүлжээнд “аль хуулийг нь дагаж мөрдөх юм бэ. Гааль зөвшөөрөл шаардаад байна” гэдэг асуудал хөндөгдөх болсон.

Хоёр хуулийн заалт зөрчилдөөнтэй, давуу нөхцөл  олгогдоогүй байдлыг шийдвэрлэхийн тулд хууль хоорондын зөрчлийг арилгах процесс явагдах ёстой. Энэ ажил мэдээж, УИХ дээр хийгдэх ёстой. Аль нэг заалтыг хүчингүй болгох шаардлагатай.

Хуулийг хэрэгжүүлж байгаа Гаалийн байгууллага дээрх хоёр хуулийн зөрчлийг арилгах чиглэлээр санал санаачлага гаргаж, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт албан тоот хүргүүлсэн. Биологийн идэвхт бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэх үед зөвшөөрөлгүй бол улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох гэдэг Эм, эмийн хэрэгслийн тухай хуулийн заалтаа мөрдөх юм уу, эсвэл Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу зөвшөөрөл авахгүйгээр улсын хилээр нэвтрүүлэх юм уу гэдэг дээр чиглэл өгөхийг хүссэн. Хараахан хариу ирүүлээгүй байна.

Мөн Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 19, 22 дугаар зүйлд “Биологийн идэвхт бүтээгдэхүүн, эм, эмийн түүхий эдийг импортоор оруулж ирэхэд Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 19, 22 дугаар зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлсэн байх шаардлагатай” гэж заасан. Энэ шаардлагын заалт нь хүчинтэй.  Гааль тухайн бүтээгдэхүүн улсын бүртгэлд бүртгэгдэж үү гэдгийг хянах шаардлагатай. Биологийн идэвхт бүтээгдэхүүн болон эм, эмийн хэрэгсэл маань хүний биед хоруу чанар байхгүй, хүний биед хор учруулахгүй гэдэг нь бүртгэлийн явцад тодорхой болдог. Бүртгэлийг нь Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газарт хийдэг.

Одоо хувь хүмүүс хувийн хэрэглээнд юм уу, ээж аавынхаа захиасаар биологийн идэвхт бүтээгдэхүүн буюу витамин илгээж байгаа нөхцөлд эмийн бүртгэлд орсон байна уу гэдгийг хянаад, бүртгэгдсэн нөхцөлд саадгүй тухайн хүнд нь хүргэж байна.

Зарим тохиолдолд витамин нь улсын бүртгэлд ороогүй нөхцөлд дээжийг нь Монгол Улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гээд хурааж авсан тохиолдол бий.

Гаалийн байгууллагын хувьд хүний эрүүл мэндэд эрсдэл, хохирол учруулах вий, хар тамхи мансууруулах төрлийн бодис орсон байх вий гэдэг үүднээс Эм эмийн хэрэгслийн тухай хуульд тавьсан шаардлагыг тавьж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Таны оруулж ирж байгаа биологийн идэвхт бүтээгдэхүүн өмнө нь дээж нь орж ирээд Монгол Улсын эмийн бүртгэлд орсон нөхцөлд хувийн хэрэглээнд олгогдоод явна. Энэ хооронд УИХ хоёр хуулийн зөрчилдөөнтэй заалтыг өөрчилж, зөрчилгүй болгох байх аа” гэлээ.

Гаалийн байгууллага нь 2023 оны эхний улиралд 427 зөрчил илрүүлснээс долоон зөрчил нь хэрэг бүртгэл, 4 нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болохыг тодотголоо. Торгуулийн хэмжээ 380 сая төгрөг, нөхөн татварт 750 сая төгрөг ногдуулжээ.

Зөрчлөөс дурдвал, гуравдугаар сарын 25-нд Монгол Улсын хилээр адууны өлөн, чулуу нэвтрүүлэхээр завдсаныг Хятадын цагдаагийн газартай хамтран илрүүлжээ.

Иргэн Бат-Эрдэнэ автомашины эд ангийг нуувч болгон ашиглаж их хэмжээний буюу 314,9 кг адууны хатаасан өлөн,

Иргэн Чулуун жолоочийн автомашинаас 310 кг говийн чулуу

Иргэн Галхүүгийн автомашинаас 51,2 кг чулуу илрүүлсэн ба зөрчлүүдийг хуулийн байгууллагаас шалгаж байна гэв.

Эрээний боомтод бүртгэгдсэн дээрх зөрчлүүд нь чулуу, өлөн зэргийг машины дугуйн дотор болон эд ангид тоноглон нууж хийсэн байсныг рентген төхөөрөмж ашиглан илрүүлжээ. Манайд боомтоор нэвтрэх автомашин шалгах үйл ажиллагааны цогцолбор дуусаагүй, зорчигчийнх хэрэгжиж байгаа гэв.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж