Монголын Банкны холбоо болон Банк, санхүүгийн академиас өнөөдөр (2023.03.28) "Банкны харилцагчийн сэтгэл ханамжийн судалгаа" болон "Банкны салбарын 2022 оны тойм" судалгаа, банкны салбар, макро эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа.
"ЭХ ҮҮСВЭРИЙН ДОЛЛАРЖИЛТИЙГ ХЯЗГААРЛАХ МАКРО ЗОХИСТОЙ БОДЛОГО ХЭРЭГЖҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ"
Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Л.АМАР:
-Иргэдэд олгосон зээлийн хэмжээ нэмэгдсэн ч иргэдийн картын зээл, дээр нь автомашины зээлийн эргэн төлөлт муудсан байна. Энэ хэсэгт чанаргүйдэл нэмэгдсэн нь харагдаж байна. Албан ёсны салбаруудаас гадна бусад салбараас олгогдож байгаа зээлүүд өрхүүдийг өрийн дарамтад оруулах, орлогыг бууруулах сөрөг нөлөөлөл үзүүлж байна. Бодлогын хүүг 2022 он гарснаас хойш тогтмол нэмэгдүүлснээр 13 хувьд хүрсэн. Хадгаламжийн хүү бодлогын хүүг дагаад нэлээн өсөлт үзүүлж, цаашид нэмэгдэх хандлагатай байна. Харин зээлийн хүү хадгаламжийн хүүг дагаж огцом нэмэгдээгүй байна. Хэрвээ энэ хатуу бодлого цаашид урт хугацаанд үргэлжилбэл зээлийн хүүд сөргөөр нөлөөлөх байдал ажиглагдаж байна.
Хил, гааль, логистикийн нөхцөл байдал зөөлөрч байна. Дээрээс нь төлбөрийн тэнцэл дээр ирэх дарамт багасч буй учраас бодлогын хүү энэ онд аажмаар буурах байх гэсэн хүлээлттэй байна. Тиймээс зээлийн хүү огцом нэмэгдэхгүй байх аятайхан боломж гарах болов уу гэж харагдаж байна. Гадаад орчны тогтвор бус байдал, үнийн өсөлтөөс шалтгаалан иргэдийн төгрөгийн хадгаламж нэлээд буурсан байна. Мөн иргэдэд валют хадгалах, нөөцлөх сонирхол их байна. Төгрөгийн хадгаламжийн бодит өгөөж инфляциас шалтгаалан буурсан нь иргэдийн төгрөгийн хадгаламж буурахад нөлөөллөө.
Иргэд төгрөгийн хадгаламжаа ерөөсөө валютын хадгаламж болгон хувиргасан байна.
Иргэд өнгөрсөн оны эцэст "Банкууд валютыг хязгаарлалттай олгож байна" гэж их гомдоллож байсан. Банкны салбар ийм сөрөг үр дагавар гарахаас урьдчилан сэргийлж тиймэрхүү арга хэмжээ авч хэрэгжүүлж байсан. Хэдийгээр тийм арга хэмжээ авсан ч валютын хадгаламж хоёр дахин нэмэгдсэн байна. 2 орчим их наяд төгрөг байдаг валютын харилцах 5 их наяд болж, бараг хоёр гаруй дахин нэмэгдсэн. Ханшийн зөрүү дээрээс ашиг олох гэсэн хэсэг хүмүүс рүү бодлогоо чиглүүлж ажилласан ч хангалтгүй, нэлээн нэмэгдсэн байна.
Банкуудын авсан арга хэмжээнүүдийн үр дүнд өнгөрсөн оны төгсгөл рүү валютын нөөц тогтворжиж, төлбөрийн тэнцлийн алдагдал хэвийн түвшинд очиж, валютын нөөц буцаж сэргэх эвтэйхэн боломж бүрдээд байна.
Өнгөрсөн онд гадаад орчны тодорхой бус байдал маш их нөлөөллөө. Эх үүсвэрийн долларжилтод сөргөөр нөлөөлсөн. Нийт эх үүсвэрийн гуравны нэг нь ам.доллар буюу гадаад валютаар байна. Монгол Улсад эх үүсвэр талдаа долларжилттай, нийлүүлэлт талдаа 6 хувь. Өөрөөр хэлбэл зээлийн 6 хувь нь ам.доллараар гарч байна гэсэн үг. Энэ хоорондын зай нэмэгдсэнээр гаднаас гадаад валют, эх үүсвэр татах нөөц бололцоог хязгаарлаж байна. Иргэд харилцах, хадгаламжаа ам.долларт хөрвүүлчихээр гадаад эх үүсвэрээс ам.доллар, валют татах боломжийг хязгаарлаад байгаа юм. Банкууд ам.долларыг хэтэрхий их эх үүсвэрээр аваад, төгрөгийн зээл гаргаад байхыг Монголбанкнаас хориглодог. Яагаад гэвэл ханшийн эрсдэлт өртөх боломжтой байдаг.
Эх үүсвэрийн долларжилтийг хязгаарлах макро зохистой бодлогыг зохицуулагч байгууллагуудын зүгээс авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
Банкны салбарын үзүүлэлт 2022 оны жилийн эцсийн байдлаар, харьцангуй тогтвортой өсөлттэй байна. Банкны салбарын нийт актив өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 их наяд буюу 9 хувиар нэмэгдсэн байна. Эх үүсвэр талаасаа 6 хувийн өсөлттэй. Зөрүү 3 хувь өөрийн хөрөнгө дээр нэмэгдсэн байна гэж ойлгож болно. Эх үүсвэр талдаа бүх банк өсөлттэй, ганцхан Төрийн банк бага зэргийн бууралттай харагдаж байна. Энд харилцах хадгаламжаасаа төрийн банкны хувьцаа болж хөрвөсөн үйл явц явагдсан болов уу.
Банкуудын хөрөнгийн өгөөж өнгөрсөн жилд хадгаламжийн өгөөжөөс өндөр болсон. Сүүлийн жилүүдэд хадгаламжийн өгөөж өөрийн хөрөнгийн өгөөжөөс өндөр байж ирсэн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд банкинд хувьцаа эзэмшиж буй хүний өгөөж банкинд хадгаламжийн өгөөжөөс өсөх эерэг дүр зураг харагдаж байна. Энэ нь банкны салбар иргэдэд хувьцаагаа арилжих шаардлага тавигдсан үед үзүүлэлт эерэг болж байгаа нь хөрөнгийн зах зээлийн хөгжил, банкны хувьцаа сонирхол татахуйц болж байгааг харж болно. Хаан банкны өөрийн хөрөнгийн 27 хувийн өгөөж гэдэг дэлхийд дээгүүр орох үзүүлэлт.
Төв банкнаас гадаад, дотоод эдийн засгийн нөхцөлд үүсч буй тодорхой бус байдлаас шалтгаалан бодлогын хүүгээ нэмэгдүүлсэн. Энэ нь хадгаламжийн хүү аажмаар нэмэгдэх хүлээлт бий болгож байна.
Системийн нөлөө бүхий 5 банкны хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт өндөр хэвээр байна. Иргэдэд олгож буй зээлийн хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад өсөлттэй байна. Хаан болон Хас банкны хөрвөх чадварын харьцаа үзүүлэлт өнгөрсөн жилтэй харьцуулахад буурсан хэдий ч хөрвөх чадвар өндөр хэвээр байна.
Холбоотой мэдээ