Монгол Улс 24 жилийн дараа Соёлын яамтай болсон. Харин кино урлагийнхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Соёлын сайд Ч.Номин "Монгол Улс Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан. Ингэснээр дэлхийн томоохон хэмжээний киног эх орондоо бүтээх боломж бий болж байна. Монголд дэлхийн томоохон продюссеруудыг авчирч, уран бүтээл хийх боломжийг танилцуулна. Холливудын дөрвөн кино продакшнтай хамтарч ажиллах суурийг тавьсан. Зургадугаар сард эхний киноны зураг авалтыг хийхээр төлөвлөсөн" гэж ам алдсан удаатай. Ингээд кино урлагийн хөгжлийн талаар уран бүтээлчдийн байр суурийг хүргэе.
"САЛБАР ЯАМНЫ БОДЛОГОД ХУРД ХЭРЭГТЭЙ БАЙНА"
“Хувьсал” продакшны продюсер Г.Цоггэрэл:
-Монголын кино урлагийн хөгжил дөнгөж эхэлж байна. Энэ урлагаа дэлхийн кино урлагийн түвшинд хөгжүүлье гэвэл улсаас маш сайн дэмжих хэрэгтэй. Тэгж чадвал Монголын кино урлаг Холливудад ойрхон байна. Ингэхийн тулд гадаадаас том продюсер, найруулагчдыг авч ирж, сургалт зохион байгуулах шаардлагатай. Тэгж чадвал кино урлагийнхан маань хөгжихөд бэлэн байна. Уран бүтээлчдийн нөөц, потенциал хангалттай бий. Монголын тамирчид оюун ухаанаараа дэлхийд дээгүүрт бичигдэж байна. Монгол хүний оюун ухаан, сэтгэхүй, ур чадвар, авьяас үнэхээр гайхамшигтай.
Кино урлагийг дэмжих тухай хуультай болсон хэдий ч практикт хурдтай хэрэгжиж чадахгүй байна. Соёлын яамтай болж, Кино урлагийн зөвлөлөө байгуулсан. Энэ бол ахиц дэвшил.
Гэхдээ салбар яамны бодлогод хурд хэрэгтэй байна. "Хувьсал", "Фантастик" продакшнаас гадна хувь уран бүтээлчдээс найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл "Худалдагч охин", жүжигчин Б.Баттөмөрийн "Трио" уран сайхны кино олон улсын кино наадамд цахиур хагалж явна. Энэ бүхэнд улсын дэмжлэг, хөшүүрэг хэрэгтэй байна. Сайн продюсер үгүйлэгдэж байна. Монголын тэргүүлэгч аж ахуй нэгжүүд Монголын кино урлагийг маш сайн дэмжиж чадвал нийгмийн стресс бухимдлыг соёлоор эдгээж болно. Ард түмнийхээ тархийг эмчилж чадна.
"УРАН БҮТЭЭЛЧИД ЭХНЭЭСЭЭ ГАДААДЫН КИНО ПРОДАКШНУУДТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА"
“Фантастик” продакшны найруулагч Б.Тамир:
-Гадаадын уран бүтээлчидтэй хамтран ажиллахад тухайн улсын кино урлагийн хууль нь хөшүүрэг болдог. Үүнтэй адил Монголын Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдсанаар үр өгөөжөө үзүүлнэ гэдэг итгэж байна. Монголын уран бүтээлчид эхнээсээ гадаадын кино продакшнуудтай хамтран ажиллаж байна. Энэ нь кино урлагийг хөгжилд маш том ахиц үзүүлнэ. Учир нь Монголын уран бүтээлчидтэй туршлага солилцож, харилцан сургалт явуулна гэсэн үг. Бид сая "Зура: Цурам ажиллагаа-2" уран сайхны кинонд Тайвань, Малайз, Казахстаны уран бүтээлчидтэй хамтран ажилласан. Энэ бол эхлэл. Бид дараа дараагийн кино төслийн талаар цаг тухайд нь мэдээлнэ.
Гадаадаас ирж, хамтран ажиллаж буй уран бүтээлчид өндөр үнэлгээ, цалин хөлс авдаг. Өндөр үнэ төлөхөөр кино зах зээлээсээ эргүүлээд ашиг олох нь ховор.
Гэсэн хэдий ч киногоо гадаадын зах зээлд гаргах боломж давхар нээгдэж байгаа юм. Олон жилийн дараа гадаадын зах зээл дээр киночид хэрхэн өрсөлддөг шиг Монголд тийм цаг хугацаа удахгүй ирэх байх. Үүний төлөө манай залуу уран бүтээлчид маш их хичээн ажиллаж байна. Нэг том төсөл маань амжилттай хэрэгжиж чадвал Монголын кино урлагт үр өгөөжөө өгөх байх гэж найдаж байгаа.
"КИНО УРЛАГИЙН ХӨГЖИЛД МАШ ИХ АХИЦ ДЭВШИЛ ГАРСАН"
“Тамгагүй төр” жүжгийн продюсер М.Есөнмөнх:
-Миний хувьд 16 жилийн өмнө "Би чамд хайртай 2" уран сайхны киног хийхэд найруулагч Б.Баатартай хамтран ажилласан. Энэ цаг үеэс хойш кино урлагийн хөгжилд маш их ахиц дэвшил гарсан. Сүүлийн үеийн дэлгэцийн бүтээл олон улсын түвшинд бүтдэг болсон гэж харж буй. Уран сайхны киноны чанар, зураг авалт, найруулга, жүжиглэлт, дуу хөгжим гээд бүх төрлөөр нь ярьвал шинэ түвшинд хүрсэн.
Энэ эрчээрээ явбал хоёр, гурван жилийн дараа олон улсад гарч чадна. Эхнээсээ зарим уран бүтээл дэлхийд үнэлэгдэж байна. Үүнд Кино урлагийг дэмжих тухай хууль ч гэсэн үр өгөөжөө өгч, дэмжлэг болж чадаж байгаа гэж харж байна.
Холбоотой мэдээ