БАЙР СУУРЬ: Улс төрийн намыг төлөвших хүртэл төр татаасаар дэмжих ёстой

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Улс төрийн намыг төлөвших хүртэл төр татаасаар дэмжих ёстой

БАЙР СУУРЬ: Улс төрийн намыг төлөвших хүртэл төр татаасаар дэмжих ёстой

Улс төрийн намын тухай хуульд төрөөс улс төрийн намуудад тодорхой хэмжээний санхүүжилт олгодог байх зохицуулалт тусгасан. Тэгвэл яагаад төрөөс улс төрийн намд санхүүжилт олгох шаардлагатай вэ гэдэг асуудлаар талуудын байр суурийг хүргэж байна.


УЛС ТӨРИЙН НАМУУД ТЭГШ БУС ГАРААНААС ГАРЧ БАЙГАА УЧРААС САНХҮҮЖИЛТ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГ БОЛДОГ

МУИС-ийн багш, судлаач Д.БУМДАРЬ:

-Төрийн татаас буюу төсвийн мөнгөнөөс улс төрийн намд мөнгө өгөх шийдвэр гаргах нь манайх шиг улс оронд эсэргүүцэлтэй тулах нь зүй ёсны асуудал. Улс төрийн намд төрөөс дэмжлэг олгохын цаад мөн санар нь юу байдаг гэхээр улс төрийн намууд тэгш бус гараанаас гарч байгаа учраас улс төрийн үйл ажиллагаагаа явуулах болохоор санхүүжилт зайлшгүй хэрэг болдог.  Энэ тохиолдолд улс төр хийх дургүй мөртлөө өөрсдийн эрх ашгаа хамгаалуулах, хууль батлуулах сонирхол бүхий бүлэглэлүүдийн дэмжлэг авах тохиолдол их гардаг.  Ийм дэмжлэгээр гарч ирсэн төлөөллүүд эргээд иргэдийн эрх ашгийн төлөө биш эдийн засаг, улс төрийн тодорхой бүлэглэлүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг улс төрийн намтай болж хувирдаг. Тиймээс үүнээс сэргийлэх боломжтой болно.

Өөрөөр хэлбэл, улс төрийн намуудын үйл ажиллагаа хараат бус байх, авлига ашиг сонирхлын нөлөөнд орохгүй байхаас урьдчилан сэргийлж байгаа нэг хэлбэр болно. Улс төрийг цэвэр явуулахыг зорьж байгаа гэсэн үг юм. Улс төрийн намыг төлөвших хүртэл төр татаасаар дэмжих ёстой.

Манайд одоо үйлчилж байгаа хуулийн хүрээнд сонгууль дуусмагц хүчинтэй саналын тоогоор улс төрийн намд нэг саналыг 1000 төгрөгөөр тооцон санхүүжилт олгодог. Мөн парламентад авсан суудлынхаа тоогоор 10 сая төгрөг олгодог. Хэрэв бүх улс төрийн намд энэ систем үйлчлэх ётой гэж үзэх юм бол улс төрийн намын үндэсний хэмжээнд авсан саналаар нь санхүүжилт олгох боломж бий. Гэхдээ санхүүжилтийг жил бүр олгох уу эсвэл хоёр жилд нэг удаа олгох уу гэдэг асуудлыг ярьж байна. Түүнчлэн төрөөс өгч байгаа татаасын тодорхой хувийг буюу 30 хувийг эмэгтэйчүүд, залуучууд, дэргэдэх судалгааны байгууллагууддаа заавал зарцуулж, тэдний улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд ашиглахаар тусгасан. Хяналтын тухайд улирал бүр эсвэл хагас жилд нэг удаа тайлагнах уу гэдгийг тодорхой тогтож өгөх ёстой. Төрөөс улс төрийн намуудад санхүүжилт олгож байгаа нь улс төрийн намын төлөвшлийг дээшлүүлэхэд чиглэдэг. 

УЛС ТӨРИЙН НАМД ТӨРӨӨС САНХҮҮЖИЛТ ОЛГОДОГ БОЛСНООР БҮХ АСУУДАЛ ӨРГӨС АВСАН МЭТ ШИЙДЭГДЭХГҮЙ

Улс төр судлаач Д.ОРГИЛ:

-Сонгуулийн өрсөлдөөнд мөнгө чухал үүрэг гүйцэтгэх нь ардчилсан өрсөлдөөний зарчим гажуудах эрсдэлтэй. Улс төрийн санхүүжилт хэдий чинээ далд, тодорхойгүй, хаалттай байна, төдий чинээ авлига, эрх мэдлээ урвуулан ашиглах зэрэг сөрөг үр дүн гарч, ардчиллын үнэт зүйлсийг бүдэгрүүлдэг зүй тогтол бий. Нөгөө талаар, улс төрийн санхүүжилтийг нээлттэй, ил тод байлгах нь авлигатай тэмцэх, иргэдийн улс төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, ардчилал бэхжихэд чухал ач холбогдолтой. Төрийн санхүүжилтийг зөв хийж чадвал улс төр дэх мөнгөний нөлөөллийг хязгаарлах чухал гарц болдог. Төрийн санхүүжилт нь нэгдүгээрт, хуулиар нарийн зохицуулагддаг, хуульд тавьсан шаардлагыг хангасан улс төрийн нам, нэр дэвшигч санхүүжилт авах боломжтой тул хууль дээдлэх ёсыг бэхжүүлж, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, хоёрдугаарт, сонгогчдод хүрч ажиллах бололцоог улс төрийн хүчнүүдэд бий болгож өгснөөр олон ургальч үзлийг дэмжих, гуравдугаарт, санхүүгийн илүү боломжтой улс төрийн нам, нэр дэвшигчдийн мөнгөний давуу байдлыг хязгаарлах, зэрэг ач холбогдолтой. Монгол Улсын хувьд 1996 оноос хойш улс төрийн намд төрийн санхүүгийн дэмжлэг үзүүлж байгаа.

Гэхдээ мөнгөн дүн нь хэт бага тул улс төрийн санхүүжилтийг ил тод болгоход хангалттай хүрэлцдэггүй. Гэсэн ч улс төрийн намд төрөөс санхүүжилт олгодог болсноор бүх асуудал өргөс авсан мэт шийдэгдэхгүй. Улс төрийн намд төрөөс олгох санхүүжилтийг нэмэгдүүлэхэд маш нарийн зохицуулалт шаардлагатай.

Нэгдүгээрт, юунд зарцуулж болох, юунд зарцуулж болохгүйг тодорхойлох, хоёрдугаарт төрийн санхүүжилттэй тохиолдолд бусад хандив, тусламжийг хэрхэх, мөн санхүүжилтийг тайлагнах, ил тод мэдээлэх процедур болон хяналт, мониторинг хийх институциудийг тодорхойлох зэрэг зүйлс дээр голлон анхаарах хэрэгтэй. Түүнчлэн, сонгогчдын боловсрол, улс төрийн санхүүжилтэд тавих иргэний нийгмийн хяналт, хэвлэл мэдээллийн оролцоо зэрэг олон талын оролцоог шаардаж байж, төрийн санхүүжилтийн механизм аяндаа хөгжиж, сайжирч, бэхэждэг.

УЛС ТӨРИЙН НАМ ӨӨРӨӨ АВЛИГААС АНГИД БАЙХ ХӨШҮҮРЭГ НЬ ТӨРИЙН САНХҮҮЖИЛТ

Сонгогчдын боловсрол төв ТББ-ын Гүйцэтгэх захирал С.ОЮУНТУЯА:

-Улс төрийн намуудад төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэдэг бол иргэдийн татварын мөнгөөр тэднийг санхүүжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр улс төрийн  намуудад төрөөс санхүүжилт олгосноор улс төрийн намын үйл ажиллагаан дахь олон нийтийн болоод төрийн өөрийнх нь хяналтыг бий болгох ач холбогдолтой. Хоёрдугаарт, улс төрийн намаас олон нийт юу хүсч, нийтээрээ ямар асуудалд санаа зовниж байгааг улс төрийн намаас өөр нэгтгэж гаргаж ирэх боломжтой бүтэц алга. Тийм учраас нөгөө талаасаа улс төрийн нам өөрөө авлигаас ангид байх хөшүүрэг нь төрийн санхүүжилт. Сонгуульд улс төрийн намууд бодлого, мөрийн хөтөлбөрүүдээ уралдуулж, ялсан намын мөрийн хөтөлбөр Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж хэрэгждэг. Тиймээс нам өөрөө авлигаас ангид байх нь засгийн газраас явуулж байгаа бодлого авлигаас ангид байх бас нэгэн шалтгаан болдог.

Монгол Улсад тулгамдаж байгаа хамгийн чухал асуудал бол улс төрийн намуудын авлигын асуудал болоод байна. Анхнаасаа авлигажсан улс төрийн намын бодлого авлига, мөнгөнөөс ангид байх боломжгүй. Тиймээс олон улсын жишгийг дагаад улс төрийн намуудыг төсвөөс санхүүжүүлж тэнд олон нийтийн хяналтыг бий болгох ёстой.

Нэгэнт улс төрийн нам үйл ажиллагаа явуулж байгаа бол байр, шууд харилцаа холбоо, бичиг хэргийн, шатахууны зардал гэх мэт өдөр тутамдаа зардал гарна. Тиймээс төрөөс санхүүжилт аваад эхэлбэл  улс төрийн намд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, авлигаас ангид болгох, өргөн хүрээнд авлигатай тэмцэх том шинэчлэлийг хийх хөшүүрэг болно.  Улс төрийн намыг хэдий хэмжээний мөнгөөр санхүүжүүлэхийг тооцож гаргадаг аргачлалууд олон бий. Өөрөөр хэлбэл, парламентад суудал авсан тоогоор нь санхүүжүүлдэг, эсвэл сонгуулиар сонгогчдоос авсан саналын дүнгээр санхүүжүүлэх гэх мэт олон төрөл. Хэдийгээр одоо манайд улс төрийн намуудын нэр хүнд төдийлөн сайн биш, шүүмжлэл дагуулж байгаа нь үнэн боловч бид муухай байна гээд хараад суух биш эхний алхам хийж төрөөс санхүүжүүлэх шинэчлэлийн ажлыг эхлүүлснээр олон нийтийн улс төрийн намд итгэхгүй байгаа итгэлийг эргүүлэн олж авах том боломж байж болно. Харин улс төрийн намууд төсвөөс авч байгаа мөнгөө олон нийтийн санаа бодлыг цуглуулах, бодлого шийдвэрээ боловсруулахад зарцуулах талаар буюу зориулалтыг нь зааж өгөх нь зүй ёсоор гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, төсвөөс гаргаж байгаа мөнгийг аль нэг намын удирдлага, дарга авах биш зохицуулалтыг нь зориулалтаар нь хязгаарлаж өгдөг тогтолцоог тусгах нь зүйтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж