Сайд дарга нараас татгалзсан "Мөнгөн мод"

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Сайд дарга нараас татгалзсан "Мөнгөн мод"

Сайд дарга нараас татгалзсан "Мөнгөн мод"

"Би үзэгчид рүү маш богинохон хугацаанд хардаг уран бүтээлч. Учир нь би удирдаач хүн. Уг нь миний мэргэжил морин хуурч. Гэтэл нэг л өдөр багш маань "Намайг удирдаач бол" гэсэн. Би "За" гэсэн. Энэ шагнал баг хамт олныг минь сайн ажилласан гэж урамшуулж буй шагнал гэж бодож байна. Би энэ тайзнаа ажлаа хийхээр гарна гэж бодсон ч шагнал авна гэж төсөөлсөнгүй" хэмээн талархал илэрхийлсэн энэ эрхэм бол Морин хуур чуулгын удирдаач Д.Түвшинсайхан. Тэрбээр "Мөнгөн мод-2022" наадмын "Шилдэг удирдаач" шагнал хүртсэн юм. Энэ жил анх удаа "Шилдэг удирдаач" номинацийг шинээр оруулж, шилдэг уран бүтээлчийг тодруулсан нь энэ.

"Мөнгөн мод" наадмын салхийг хагалж, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт хөгжмийн зохиолч Нацагийн Жанцанноров үг хэлж, эхний "Шилдэг судлаач" номинацийн эзнийг тодруулав.

Тэрбээр "Та бүхэндээ олон улсын театрын өдрийн мэндийг хүргэе. Өнгөрсөн 2022 онд соёл урлагийн салбар хөгжлийнхөө гол чигийг зөв барьж чадлаа. Ялангуяа тайз дэлгэцийн болон дүрслэх урлагийн бүтээлүүд олон улсад дээгүүр шан татсан нь үндэсний бахархал байлаа. Нөгөө талаар театр, кино урлаг шинэ дэвшилд хүрсэн гэж ойлгож болохоор байна. Уран бүтээлийн талаар олон нийтээрээ шүүн хэлэлцдэг болсон нь чухал ололт" хэмээн онцлон яриандаа дурдсан юм.

Соёл урлагийн шилдэг уран бүтээлч шалгаруулах "Мөнгөн мод" 14 дэх удаагийн наадам өчигдөр /202.03.27/ Дуурь, бүжгийн эрдмийн театрт болж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ наадмаар соёлын өв, ном хэвлэл, дуу хөгжим, тайзны урлаг, дүрслэх урлаг, кино урлаг, нийтлэл нэвтрүүлэг, цахим бүтээл, архитектур, хувцас загвар, зар сурталчилгаа, дизайн гэсэн 12 төрлөөр шилдэг бүтээл болон 12 төрлөөр шилдэг уран бүтээлчдийг шалгаруулав.

Өмнөх жил сайд дарга нар нь хүндэт зочдын суудалд тухалж, тайзнаа яам, Засгийн газрын бодлогоо танилцуулдаг байсан. Харин энэ жил албаны үгээс татгалзаж, нэг ч дарга тайзнаа гарч, үг хэлсэнгүй. Уран бүтээлчдийн сэтгэл догдолж, бие биедээ урам хайрласан үдэш болсноороо онцлог болов.

Ардын жүжигчин Г.Равдан “Б.Сэргэлэн дарга шиг албан ажлаа, Засгийн газрын “Шинэ эргэлтийн бодлого”-ын тухай ярих үнэхээр боломжгүй. Энэ бол театрын бурхад чуулсан газар болохоос биш албан контор биш ээ. Энэ сайхан гэгээн үдэш Засгийн газар, яамныхаа бодлого, энэ тэрийг ярьдаг цаг биш. Дарга нар “Хүрд эргүүлэх боломж олдлоо” гэсэн юм шиг тайзан дээр албан ажил, яамныхаа ажлыг сурталчлан таниулдгаа болимоор юм. Өнөөдөр энэ тайзны эзэд нь уран бүтээлчид байх ёстой" гэж хатуу шүүмж хэлж хэлж байсан удаатай. Тэр утгаараа сайд дарга нар ахмад уран бүтээлчийн үгийг зөв тусган авчээ.

Энэ жил 14 дэх жилдээ зохион байгуулж буй “Мөнгөн мод-2022” наадмын шилдэг уран бүтээлчийн төрөлд 82 уран бүтээлч, шилдэг уран бүтээлийн төрөлд 95 уран бүтээл, нийт 177 уран бүтээлч өнгөрсөн онд бүтээн туурвиж, олон нийтийн хүртээл болгосон бүтээлээрээ өрсөлджээ. Ингээд шилдэг уран бүтээлчдийг танилцуулъя.

  • Шилдэг кино урлагийн бүтээл – “Трио” уран сайхны кино

  • Шилдэг тайзны урлагийн бүтээл – “Тамгагүй төр” физикл драм

  • Шилдэг цахим бүтээл – GUYUK метаверс

  • Шилдэг архитектурын бүтээл – Чингис хаан музейн архитектур

  • Шилдэг дизайны бүтээл – “Хүрээ лоунж” интерьер дизайн

  • Шилдэг хувцас загварын бүтээл – "Devil" коллекц

  • Шилдэг дүрслэх урлагийн бүтээл – “Их эзэн Чингис хаан” реалист уран зураг

  • Шилдэг зар сурталчилгаа – “Аажуу явбал аяндаа хүрнэ дээ”

  • Шилдэг дуу хөгжмийн бүтээл – “Монгол аялгуу” хос пянз

  • Шилдэг нийтлэл, нэвтрүүлэг – “Нүүдэлчин Зөн” арт медиа төслийн "Ухамсар” бүтээл

  • Шилдэг ном хэвлэл – Нүүдэлчдийн агсарга бүс

  • Соёлын өвийг сурталчилсан шилдэг бүтээл – Чингис хаан музейн үзэсгэлэн, үзүүлэг дэглэлт

  • Шилдэг найруулагч – Энхбатын Ёндоншарав

  • Шилдэг жүжигчин – Ойдовжамцын Энхтуул

  • Шилдэг продюсер – Мягмарын Есөнмөнх

  • Шилдэг удирдаач – Дэлгэрсайханы Түвшинсайхан

  • Шилдэг зураач – Энхболдын Эрдэнэболд

  • Шилдэг бүжиг дэглээч – Ёндоны Дамчаабадгар

  • Шилдэг зохиолч – Цолмонжаргалын Бат-Оргил

  • Шилдэг хөгжмийн зохиолч – Хишигтогтохын Алтангэрэл

  • Шилдэг дуучин – Түмэндэмбэрэлийн Баатархүү

  • Шилдэг бүжигчин – Өлзийжаргалын Мөнхжин

  • Шилдэг хөгжимчин – Энхтөрийн Цэндсүрэн

  • Шилдэг судлаач – Бат-Өлзийн Баатархүү

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж