Хөлбөмбөгийн түүхэн дэх хамгийн арвин түүх, амжилттай баг болох Манчестер Юнайтед шинэ эзэнтэй болох нь ердөө цаг хугацааны асуудал болжээ. Дэлхий даяар нийт 1.1 тэрбум хөгжөөн дэмжигчтэй гэх албан бус үзүүлэлттэй, домогт тамирчдаараа алдартай тус багийг одоогий эзэд нь 2005 онд худалдан авч байв. Глэйзерийн гэр бүл ч сүүлийн жилүүдэд сайн, муу хэлүүлж, багийг өдийг хүргэлээ. Одоо тэд дэлхийн хамгийн алдартай багийг зарахаар шийдсэн бололтой.
ХЭН МАНЧЕСТЕР ЮНАЙТЕДЫН ТӨЛӨӨ ӨРСӨЛДӨЖ БАЙНА ВЭ?
Олон цуу яриа гарсан ч одоогийн байдлаар албан ёсоор санал тавьсан нь Британийн тэрбумтан Жим Рэтклифф болон Катарын Шейх Жассим Бин Хамад Аль Тани нар аж.
Глэйзерийнхэн Юнайтедыг авснаас хойш тэдний өр 626 сая ам.долларт хүрээд байна. Фэнүүд ч тэднийг эсэргүүцэж, үзэн ядах нь эрс нэмэгдэж, Олд Траффорд цэнгэлдэхийн өмнө жагсаал зохион байгуулах, тоглолтын үеэр “Love United, Hate Glazer” гэх баннер байршуулдаг билээ.
Катарын Исламын банк /QIB/-ны ТУЗ-ийн дарга Шейх Жассим өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ны өдөр Манчестер Юнайтедыг 100 хувь худалдан авахаар албан ёсоор санал тавьж, тус багийг эргүүлэн амжилттай, суу алдартай баг болгоно гэж мэдэгдэлдээ дурджээ.
Шейх Жассим нь Катарын ерөнхий сайд асан Шейх Хамад бин Жассим бин Жабер Аль Танигийн хүү бөгөөд Манчестер Юнайтедын үнэнч шүтэн бишрэгч гэнэ. Тэрбээр Юнайтедын бүх хувьцаа эзэмшигчдийн хувьцааг худалдан авч, олон нийтэд нээлттэй бус хаалттай болгох аж. Ингэснээр 100 хувь өөрөө багийг бүрэн удирдаж, шийдвэр гаргах боломжтой болно гэв.
Харин тэрбумтан Жим Рэтклиффийн тухайд Манчестер хоттой ойр өссөн бөгөөд өөрийгөө багаасаа Юнайтедын хөгжөөн дэмжигч байсан гэжээ. Түүний хувьд Юнайтедыг 100 хувь бус ихэнхи хувийг нь эзэмших хүсэлтэй байгаа. Үүнийгээ ч илэрхийлж "Бид Английн баруун хойд нутаг дахь бахархам түүх, үндэс угсаатай Манчестер Юнайтедыг эргэн Манчестер Юнайтед болгож, Аваргуудын лигт түрүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэхийг хүсч байна" гэжээ.
Жим зөвхөн Глэйзерийн гэр бүлийн хувьцааг л хүсч байгаа. Тэрбээр спорттой ойр хүн. Тодруулбал, Францын хөлбөмбөгийн Ницца клуб, Швейцарийн Лозанна – Спорт клуб, Иньос Гренадьерс дугуйн баг, F1-ийн Мерседес багийн тодорхой хувийг эзэмшдэг.
ЮНАЙТЕДЫН ЗАХ ЗЭЭЛИЙН ҮНЭ
Алдарт “Forbes” сэтгүүл Юнайтедыг 4.6 тэрбум ам.доллараар үнэлсэн. Энэ ч үзүүлэлтээрээ дэлхийн хамгийн үнэ цэнтэй гурав дахь хөлбөмбөгийн багаар шалгарсан. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Глэйзерийн гэр бүл багаа 7.2 – 9.6 тэрбум ам.долларын хооронд зарах боломжтой. Одоо ирээд буй саналууд нь 4.8 – 6.04 тэрбум ам.долларын хооронд гэнэ.
Өнгөрсөн жил АНУ-ын тэрбумтан Тодд Боэли Челсиг 3.02 тэрбум ам.доллараар худалдан авсан бөгөөд нэмж 2.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж амласан билээ.
ЦААШДАА ЯАХ ВЭ?
Юнайтедын төлөөлөгчид тендэрт оролцогчидтой уулзалт зохион байгуулаад эхэлжээ. Өнгөрсөн гуравдугаар сарын 17-ны өдөр Жим Рэтклифф Олд Траффордын үүдэнд явж байгаа зургаа нийтэлсэн. Удахгүй бусад талуудтай уулзаж, эцсийн шийдвэрийг гаргана. Хамгийн гол Глэйзерийн гэр бүлд таалагдах санал ирвэл тэд эргэлзэхгүй багаа зарах гэнэ.
Холбоотой мэдээ