Сурвалжлага: Гэр хорооллын айл болгон 5 мод таривал хот ногоон болж чадна

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Сурвалжлага: Гэр хорооллын айл болгон 5 мод таривал хот ногоон болж чадна

Сурвалжлага: Гэр хорооллын айл болгон 5 мод таривал хот ногоон болж чадна

Жилийн хавар, намарт мод тарих нь үндэсний хөдөлгөөн болоод цөөнгүй жил болсон. Энэ хугацаанд Улаанбаатарыг ногооруулах зорилгоор чамгүй олон мод тарьсан.  Гэвч өнөөдрийг хүртэл Улаанбаатар саарал хот хэвээр байна. Нийслэл ногоон хот болоход тарьсан модны тоо биш ургуулсан модны тоо чухал. Харамсалтай нь, тарьсан модноос ургасан нь цөөн байдгийн учир нь арчилгаа тордолгоондоо болохыг албаны мэргэжилтнүүд онцлож байв.

Нэг үеэ бодоход тарьсан модоо ургуулахад албаныхан ч, иргэд ч анхаардаг болсон. Өмнө нь модоо тариад “эзэнгүй” хаячихдаг байсан бол эзэнжүүлж байгааг талаар Ойн газрын дарга Б.Оюунсанаа ярилаа. Тэрбээр  “Тарьц суулгацыг бий болгож байж 2030 онд дор хаяж тэрбум мод болно. Эхний нэгээс хоёр жилд бэлтгэлээ хангах шаардлагатай байдаг. Энэ жилийн хугацаанд бэлтгэл ажлуудаа үргэлжлүүлэн мөн идэвхжүүлэх, эрчимжүүлэх ажлуудыг хийж байна. Бидэнд үрийн нөөц болон арчлах ургуулах тал дээр асуудал тулгамдаж буй. Тиймээс илүүтэйгээр хүн рүү чиглэсэн буюу модыг эзэнтэй байлгах тал дээр төлөвлөлтүүдээ хийгээд явж байгаа” гэв.

Монгол Улсад цөлжилт нүүрлээд удаж байгаа. Улаанбаатар ч цөлжилтөөс тойроогүй нь хаврын түйрэн, шар шороон шуурганаас харагддаг. Шар шороон шуургатай тэмцэхэд мод хэрэгтэй. Гэвч, хотын төв, гэр хороололд ногоон байгууламж цөөн. Гэр хорооллын айлуудын дунд хашаандаа мод тарьж ургуулсан нь ховор.

Хаврын саарал Улаанбаатарт хүмүүс гудамжаар нааш цааш холхино. Хотын хамгийн “эко” газруудын нэг нь  Үндэсний цэцэрлэгт хүрээлэн.  Тэнд өнгөрсөн намар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга А.Гутеррешийн тарьсан мод ургаж байгаа.  Одоогоор модод нахиалах нь хаа ч байсан харагдлаа.  Тэндээс гараад нааш алхах замд ногоон байгууламж тун цөөхөн, Үндэсний соёл амралтын хүрээлэнгээс өөр газар тааралдсангүй.

Цаашдаа ийм саарал хот байх уу гэх асуултад Ойн газрын дарга Б.Оюунсанаа “Айл болгон хашаандаа таван мод таривал гэр хороолол ногоорно. Гэр хорооллыг яаж ногооруулах вэ гэсэн судалгааг хийж байна.  Иргэд хэн нэгэн ирээд хашаанд нь мод тарьж өгөхийг хүлээх биш өөрөө модоо тариад сурчихвал түүний үр өгөөжийг нь хүртэнэ. Тэрбум мод төслийн хүрээнд гудамж талбайг ногоон байгууламжтай болгох, цэцэрлэгт хүрээлэн байгуулах төлөвлөлтийн ажил хиэж байна. Хэд хэдэн байршил дээр газар нь тодорхой болчихсон ажил байна. Мод бол яг хүүхэдтэй адил. Маш нарийн арчилгаа тордлогоо анхаарал, халамж шаарддаг. Зөв модоо сонгоод тарих аргачлалыг зөв дагаж хийх ёстой байдаг. Бид үүнд чиглэсэн сургалтуудыг цөөнгүй хийсэн. Тун удахгүй богино хэмжээний гарын авлага, зааварчилгаануудыг байрлуулна. Ингэснээр модтой холбоотой олон асуултуудад хариулт авах боломжтой болно. Одоогоор унаган ургамал буюу манай монгол оронд ургасан бут сөөгийн үр, түүнээс гаргаж авсан тарьц суулгацыг авч хэрэглэж буй. Энэ нь экологийн болон эдийн засгийн хувьд, ургах чадварын хувьд хамгийн өндөр байдаг. Зарим зүйлийн гоёлын бут сөөгийг өнгөрсөн хугацаанд гаднаас оруулж ирдэг байсан” гэлээ.

Ойн газрын даргаас жилдээ арчилгаа тордолгоонд хэдийг зарцуулдаг талаар асуухад тодорхой тоо хэлсэнгүй. Ямар ч байсан тухайн хөрсөнд тохирсон мод тарих нь чухал талаар мэргэжилтнүүд онцолж байсан юм. Монгол оронд 140 гаруй төрлийн мод, бут, сөөг байдаг. Ургах орчноосоо хамаараад өөр өөр. Хот суурин газар гоёл чимэглэлийн мод, элсний нүүдэл хамгаалах зорилгоор, голын ай сав хадгалах, усны тэнцвэрт байдлыг хадгалах зорилгоор тарьсан гэх мэтээр ялгаатай байдаг аж. Хөрсний элэгдэл бохирдолд орсон газрууд, өнгөн хөрсний шим тэжээл нь бага болчихсон хөрсөнд тухайн хөрсийг сайжруулах, нэмэлт бордоо, эрдсийн шинжилгээ авах зэрэг ажлуудыг хийх нь чухал юм.

Хотоо ногооруулахад иргэдийн оролцоо хэр байгааг  Хан-Уул дүүргийн  4-р хорооны иргэн Д.Мөнхбатаас тодруулахад  “Манайх хашаандаа мод тарьдаг. Сүүлийн 2 жил хашаагаа тохижуулж байгаа. Хүүхэд тоглох боломжтой ногоон байгууламж хашаандаа бий болгож байгаа. Анх ямар мод тарих, яаж тохижуулалт хийхээ мэдэхгүй хэдэн тарьц авчраад тарьдаг ч ургахгүй үхчихдэг байсан. Мод тарихад зүгээр нэг услаад орхих бус эхэн үедээ нэлээн арчилгаа шаарддаг юм билээ” гэв.

Иргэд “Тэрбум мод” төслийг сонссон гэх боловч иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, үйл ажиллагаа хийгдэж байгааг мэдээгүй талаар хэлж байсан юм.

Баянзүрх дүүргийн 21-р хороонд оршин суугч Л.Гэрэлцэцэг  “Манайх хашаандаа нэг модтой 2020 онд анх худалдаж авч байхад л байсан. Нэмж мод тарьж байгаагүй. Тэгэхдээ айл болгон таван мод тарина гэдгийг бол одоо л мэдэж байна. Тэрбум мод улсаас л тарьж ургуулж байгаа гэж ойлгосон. Иргэд үүнд чухал оролцоотой айл болгон мод тарих ёстой бол сайн түгээн дэлгэрүүлж аян өрнүүлэх хэрэгтэй. Нэг юм хийнэ гээд хийсэн, хийгээгүй нь мэдэгдэхгүй байдгаа болих хэрэгтэй” гэсэн юм.

Айлуудын хувьд мод тарихад харилцан адилгүй байна. Зарим айл нь олон жил мод тариад сурчихсан байхад зарим нь нэг ч мод тарьж үзээгүй аж.

Ойн газраас мянган сургагч багш бэлтгэж байгаа аж. 21 аймаг,  нийслэлийн дүүргүүдээс тус бүр хоёр хүн сургахаар төлөвлөж байгаа аж. Ингэхдээ өмнө хөдөө аж ахуйн, ойн чиглэлээр суралцаж байсан хүмүүсийг сургалтад хамруулна. Сургалтад суусан иргэд эргээд орон нутагтаа сургалт, зааварчилгааг өгч ажиллах боломжтой болно. Үүнээс гадна мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвүүд, мод үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг олон жилийн туршлагатай байгууллагууд, аж ахуй нэгжүүдийг түшиж ялангуяа мод ургуулах арчлахтай холбоотой асуудлууд дээр зөвлөгөө, чиглэл өгөх зохицуулалтай явж байна.

Улаанбаатар хотод ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгүүдэд 20 сая модыг тарихаар төлөвлөсөн. Тэрбум модонд зориулаад улсын төсвөөс их мөнгө төсөвлөхгүй байгаа аж. Уул уурхайн компаниуд зардлыг нь дааж байгаа аж.  Тодруулбал,

“Эрдэнэс Тавантолгой” ХК- 180 сая

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ- 100 сая

“Оюу олгой” ХХК-  100 сая

“Таван толгой” ХК- 6 сая гэх мэт уул уурхайн аж ахуйн нэгж 608.5 сая модыг 2030 он хүртэл тарих амлалт өгсөн. Үүний хүрээнд төрийн захиргаанаас мод үржүүлгийн газар, мод ургуулж байгаа газар, хувь хүн, амлалт өгсөн компанийг хооронд нь холбох чиглэл өгөн ажиллаж байгаа аж.

Улаанбаатар хотоо ногоон бүс болгохын тулд иргэн бүр оролцож амьдарч байгаа газраа мод тарих хэрэгтэй.

Тарьсан модны тооллого, бүртгэл, мод үржүүлгийн газруудын байршил, тарьц, суулгацын нөөц, үнэ ханш, мэргэжлийн байгууллагуудын хүчин чадал, мод тарих сонирхол бүхий иргэд, аж ахуйн нэгж, санхүүжүүлэгч байгууллагуудын бүртгэл зэрэг мэдээллийг https://terbummod.mn цахим хуудаснаас авах боломжтой.

Э.Хулан, Д.Нямхүү

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж