Түгжрэлийг бууруулах 4.5 тэрбум долларын хэрэгждэггүй төслүүд!

Хуучирсан мэдээ: 2023.03.28-нд нийтлэгдсэн

Түгжрэлийг бууруулах 4.5 тэрбум долларын хэрэгждэггүй төслүүд!

Түгжрэлийг бууруулах 4.5 тэрбум долларын хэрэгждэггүй төслүүд!

Монгол Улс түгжрэлийг бууруулах зорилгыг одоогоос 10 жилийн өмнө дэвшүүлж томоохон хэмжээний төсөл хөтөлбөрүүдийг санаачилж эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хэрэгжиж эхэлж, бодит үр дүнгээ өгсөн төсөл байхгүй, цаасан дээрх л төслүүд хэвээр байсаар. Татвар төлөгчдийн мөнгөөр олон нийтэд танилцууулагдсан ч  цаасан дээрх төсөл хэвээр байгаа төслүүдийг тоймлон хүргэе.

60.5 САЯ АМ.ДОЛЛАРЫН ТӨСӨВТЭЙ ДҮҮЖИН ТЭЭВРИЙН ТЭЗҮ-Г ЭНЭ САРД БОЛОВСРУУЛЖ ДУУСНА

Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор дүүжин тээврийг байгуулахын төслийг одоогоос гурван жилийн өмнө боловсруулж байв. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Засгийн газар хооронд зээлийн хэлэлцээр байгуулж, УИХ-аар соёрхон батлаад гурав дахь жилтэйгээ золгож буй. Гэвч одоог хүртэл барилгын ажил эхлээгүй бөгөөд тус төслийг хэрэгжүүлэх нэгж нь татан буугдсан талаар мэдээллүүд мөн гарсан.

Энэ талаар Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төслийн захирал Ч.БАТЗОРИГ: 

-Дүүжин тээврийг байгуулах зорилгоор 60.5 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл хэрэгжинэ. Зээлийн хэлэлцээрийг 2020 онд УИХ-аар соёрхон баталсан ч Covid-19-ийн нөхцөл байдал, трассын чиглэлд зарим нэг өөрчлөлт оруулах шаардлага зэргээс болж, барилга угсралтын ажил хойшилсон асуудал бий. Судалгааг үндэслээд эхний маршрут нь Хан-Уул дүүрэг, Наадамчдын өргөн чөлөө гэж ярьдаг Яармагийн хэсгээс Сонгинохайрхан дүүрэг буюу Энхтайвны өргөн чөлөө, Хархорин зах руу чиглэлсэн 4.2 км урттай, хоёр буудалтай.

Дүүжин тээвэр нь цагт 1200-1500 хүн тээвэрлэх хүчин чадалтай дүүжин тээврийг байгуулахаар төлөвлөж, ажиллаж байна. ТЭЗҮ нь энэ сард боловсруулж дуусна.

Нийслэлийн удирдлага өнгөрсөн нэгдүгээр сард гүйцэтгэгч компанийн удирдлагатай уулзаж, зураг төсөл зэрэг асуудлууд дээр тохирсон. Удахгүй бид тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг тохирно. Зураг төслийн ажил ирэх зургадугаар сард дуусна. Барилга угсралтын ажлыг  энэ оны найм, есдүгээр сард багтаан эхлүүлнэ.  Эхний маршрутын барилга угсралтын ажлыг 18 сар дотроо багтаан дуусгаж, 2024 он гэхэд дуусгах төлөвлөгөөтэй.

Хоёрдугаар  чиглэлийг ярьж байна. Баянхошуу-Ханын материал-3, 4 хорооллын эцэс гэсэн 4.9 км, гурван буудалтай дүүжин тээврийг байгуулна. Энэ чиглэлийг 2026 онд дуусгана. Хоёр чиглэл бүрэн ашиглалтад оронгуут нийлээд нэг цагт 3500 хүн тээвэрлэх масс транзит бэлэн болох юм.

Дүүжин тээврийг байгуулахад газар чөлөөлөлт хийгдэхээр байгаа. Газар чөлөөлөхөд 3-5 тэрбум төгрөг зарцуулна. Энэ зардал төслийн нийт өртөг дотроо багтаж суусан” гэсэн юм.

Харин Шадар сайд С.Амарсайхан “Уг нь ашиглалтад орсон байх ёстой. Харамсалтай нь хариуцаж байсан хүмүүс нь сонгуулиас болж солигдоод ажлаа “мэдэх мэдэхгүй, хийнэ хийхгүй” гэдэг янз янзын улс төрийн шалтгаан байсан. Гэхдээ Засгийн газраас энэ төслийг хэрэгжүүлэхээр болсон учраас одоо ажил нь идэвхтэй явж байгаа. 20  тэрбум төгрөг шилжсэн гэх асуудал байдаг. Энэ нь Францын гүйцэтгэгч компани, Сангийн яам хоорондын хэлэлцээрийн дагуу гүйцэтгэгч компанид урьдчилгаа төлбөр шилжүүлсэн гэдэг. Энэ бол хотын захиргаанаас биш Сангийн яамнаас шилжсэн мөнгө. Төслийн гүйцэтгэх шатанд зориулж шилжүүлсэн гэдэг мэдээллийг өгсөн.

Хэрэв энэ төсөл цаг хугацааны дагуу явсан бол 2021 оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон байх ёстой.

Одоо ажлын бэлтгэл ажил хийгдэж байна. Бидэнд өгч буй мэдээллээр ирэх оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа талаар төслийн нэгжээс мэдээлэл өгсөн” гэдгийг мөн хэлсэн билээ.

ХОЁР ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДСӨН 2.8 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ӨРТӨГТЭЙ LRT

Түгжрэлийг бууруулах хөнгөн галт тэрэг буюу олон нийтийг талцуулсан LRT төсөл  одоогоос жилийн өмнө МАН-ынхныг ч талцуулаад байсан. Тодруулбал өнгөрсөн оны дөрөвдүгээр сард МАН-ын бүлэг бүтэн нэг өдөр хуралдаж, зөвхөн LRT төслийн талаар маргаан үүсгэсэн. Ингэхдээ Ерөнхий сайд тус төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бөгөөд дахин бүлгээр хэлэлцэж, саналаа нэгтгэхээр болж байв. Тэгвэл энэ төслийг хэрэгжих эсэх талаар УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар “Орж ирж буй төслүүд бүгд хуульд нийцсэн байх ёстой. Би УИХ-ын гишүүн. Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлнэ гэж тангараг өргөсөн. Хууль засагладаг, хуулийн дагуу бүх юм шийдэгдэх ёстой гэсэн байр сууринаас ажиллаж ирсэн. Төсвийн байнгын хороон дээр энэ асуудал орж ирэхэд хуулийн хоёр зөрчил байсан.

Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дотор бий. Яагаад гэвэл зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани бий. Уг компани регистрийн дугаар аваагүй. Дээр нь гурван жил ашигтай ажилласан гэсэн Өрийн удирдлагын тухай хууль байдаг. Уг хуультай зөрчилдсөн.

Энэ 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT, мөн Тавантолгойн цахилгаан станцад 565 сая ам.долларын баталгаа гаргах тухай асуудал байна. Нийтдээ 3.4 тэрбум ам.долларын асуудал болчхоод байна. Ингэхээр Монгол Улсын өрийн босго зөрчигдөж буй. Үүнийг хэлж, Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй. Бүлгийн гишүүд үнийн асуудлаар сайн ярилцсан” гэж байв.

Хотын түгжрэлийг шийдэх хөнгөн галт тэрэг буюу LRT төслийн ажил энэ онд эхэлж,  2024 онд үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөсөн. Гурван трасс бүхий төслөөс эхний ээлжид ашиглалтад оруулах нь Хан-Уул дүүргийн Буянт-Ухаа хорооллоос Баянзүрх дүүргийн Сансарын тойрог хүртэл нийт 18.1 км үргэлжлэх хөнгөн галт тэрэг зорчих бүтээн байгуулалтын ажил юм. Жилээс жилд нэмэгдэж буй нийслэлийн иргэдийн автомашины хэрэглээ, хэт төвлөрөл, түгжрэл зэргээс шалтгаалж энэ төслийг хэрэгжүүлэх үндэслэлтэй. Гэхдээ томоохон бүтээн байгуулалтууд төрөөс хараат байх нь нэг талаар ажлын явцыг удаашруулдаг. Тиймээс эдийн засагчдын хувьд энэ төслийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд хувийн хэвшлийнхэнд боломж олгох нь зүйтэй гэдгийг онцолсон.

BRT БУЮУ ТУСГАЙ ЗАМЫН АВТОБУС ТӨСӨЛД 100 САЯ ДОЛЛАР ШААРДЛАГАТАЙ

BRT төслийг бодитоор явуулах нөхцөл бүрдэж байгаа гэдгийг Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард онцолсон. Тэрбээр, "Олон нийтэд хэлээгүй ч Засгийн газрын шийдвэр гарсан зүйлсэд BRT-ийг явуулах асуудал багтсан. Тодорхой хэмжээний хөрөнгийн эх үүсвэр нь гаднын зээл. Өөрөөр хэлбэл, BRT төслийг бодитоор явуулах нөхцөл бүрдэж байгаа. Би Үндэсний хорооны даргын хувьд биечлэн анхаарал тавиад BRT-ийг хөдөлгөе гэж байгаа.

BRT төслийн тухайд 100 гаруй сая доллар шаардлагатай. Гэхдээ одоогоор 50 сая долларын төслийн боломж нээгдэж байгаа.

Энэ мөнгийг одоогоор шилжүүлж аваагүй ч ажлыг түргэтгэж байна. BRT-ийн төсөл яваад ирэхээр үүнд тааруулаад түгжрэлд ач холбогдолтой маршрут чиглэл гаргана” гэсэн. Гэхдээ одоогоор төслийн хэрэгжилт хэрхэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй” гэж байв.

1.5 ТЭРБУМ ДОЛЛАРЫН ТӨСӨВТЭЙ МЕТРО ТҮГЖРЭЛ БУУРУУЛАХ ГОЛ ГАРГАЛГАА

Одоогоос 10 гаруй жилийн өмнө Монголын засгийн газрын хүсэлтээр ЖАЙКА байгууллага судалгаа хийж, метро явуулах урьдчилсан ТЭЗҮ-ийн тайланг  гаргасан. Тус ТЭЗҮ-ийн тайланд Улаанбаатар хотын замын түгжрэлийг шийдэх нэг гол шийдэл нь метро болохыг онцолсон байжээ.

Тодруулбал, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг-ЖАЙКА (JICA) энэхүү төслийн техник эдийн засгийн үндэслэл тооцоог 2013 оны тавдугаар сард хийж дуусгасан байдаг.

Толгойтоос Амгалан хүртэл 17,6км урт, нийтдээ 14 буудал бүхий өглөөний 06:00 цагаас үдшийн 23:00 цаг хүртэл есөн минут тутамд явуулахаар тооцсон байна. Мөн Улаанбаатар метрог барихад 1,5 тэрбум ам.доллар хэрэгтэй гэжээ. Үүнийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хийхээр төлөвлөсөн байв. Өөрөөр хэлбэл хувийн хэвшил түрүүлж хөрөнгийг нь гаргаж бариад дараа нь төр өөрөө эсвэл метрогоор зорчиж буй зорчигчдын тасалбараар энэхүү мөнгийг эргүүлж төлүүлэх юм. Үүнээс харахад зорчигч нь өөрөө төлөхөд хэтэрхий үнэтэй болох учраас төр нь өөрөө төлөх болж таарна. Харин Улаанбаатар хот энэхүү их мөнгийг тодорхой хугацаанд эргүүлж төлөх чадвартай эсэх нь их эргэлзээтэй гэдгийг улстөрчид болон эдийн засагчид хэлдэг билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж