УИХ дахь МАН-ын бүлэг нүүрсний хэрэгт нэр холбогдоод буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэхээс жийрхэв бололтой, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороондоо даатгаад байна.
Энэ талаар олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын үйл ажиллагаа, хэрэгтэй танилцах бүрэн эрх УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдэд олгогдсон байдаг. Тиймээс тус дэд хороо хуралдаж, шийдвэрээ гаргасны дараа бүлэг энэ асуудлыг хэлэлцэнэ” гэсэн нь чухамдаа асуудлаас бултаж байна гэж ойлгогдоод буй.
Өөрөөр хэлбэл, УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо нь дээрх хоёр гишүүний “Бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй” гэж үзвэл түүнийг нь бүлэг дагасан гэдэг тайлбар дагуулна. Хэрвээ “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх” шийдвэр гаргавал “Бид биш тэдний шийдвэрийг дагасан” гээд Ц.Мөнх-Оргил нарын гишүүд рүү заачихна.
Уг нь нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдан Авлигатай тэмцэх газар/АТГ/-т шалгуулж байгаа Ж.Мөнхбатын бүрэн эрхээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг МАН-ын бүлэг намрын чуулган эхэлсэн даруйд хэлэлцэн шийдвэрлэж, чөлөөлсөн. Гэтэл Т.Аюурсайхан, Н.Наранбаатар хоёрын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай талаарх Улсын ерөнхий прокурорын хүсэлтийг хэлэлцэх болохоор л УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдах шаардлага үүсдэг. Аавын хүүхдүүдийг алаг үзээд ч байгаа юм шиг л харагдаад буй.
УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил сонгогдсон бөгөөд бүрэлдэхүүнд нь УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн С.Батболд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт нар багтдаг юм. Иймээс нүүрсний хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал дээрх таван гишүүний асуудал болж хувираад байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ