Ардчиллын дархлаа нь парламент гэвэл парламентын дархлаа нь юу вэ?! Тогтвортой байх уу, эсвэл чадамжтай байх нь уу. Тогтвортой байхад сүргийн тоо, чадамжтай байхад хувь хүний ёс суртахуун чухал.
Парламентын дархлаа нь тогтвортой байдал гэвэл бүрэн эрх нь хөндөгдөж буй эрүүгийн хэргийн сэжигтнүүдээ УИХ хамгаалж үлдэх байх. Харин чадамж чухал гэвэл УИХ-д “цэвэрлэгээ” хийж байж нь парламент нэр цэвэр үлдэнэ. Мэдээж, парламентын нэр хүндээ авч үлдэх үү, гэмт хэрэгт холбогдсон парламентын гишүүдээ хамгаалж үлдэх гэх эцсийн кнопыг УИХ дарна.
1.
Монголын парламентыг тараах, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон гишүүдтэй нь хариуцлага тооцох асуудал анх удаа хөндөгдөж байгаа юм биш. Гэвчиг УИХ бүрэн эрхийнхээ хугацаанаас өмнө тарж байсан тохиолдол Монголд лав байхгүй. Тэгвэл сонгодог парламентын засаглалтай Японд өөр, хоёр жилийн өмнө Ерөнхий сайд Кишида Фүмио Засгийн газрын тэргүүнээр сонгогдсон даруйдаа парламентаа тарааж, ээлжит бус сонгууль зарлаж байлаа. Япон улс нь манайхтай ижил, парламентынх нь бүрэн эрх нь дөрвөн жилээр хэмжигддэг. Өнгөрсөн 75 гаруй жилийн хугацаанд парламент нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан тохиолдол ганц удаа тохиожээ. Тэглээ гээд улс төрийн тогтворгүй байдал Японд бий болчихсонгүй. Эсрэгээрээ Монголын парламент бүрэн эрхээсээ өмнө тарж байгаагүй ч улсын аюулгүй байдал нь улс төрөө даахгүйд хүрчээ.
Хүний улстөрчид нь ёс суртахуунаа хуулиас дээгүүрт тавьдаг нь манай улстөрчдөд өлдсөн үзэгдэл юм. Монголд улстөрчид нь хуулийг гууль болгож, ёс суртахууныг уландаа гишгэх нь байдаг зүйл. Тиймээс жирийн хулгайчид цагдаад баригддаг бол улстөрийн хулгайчдаа УИХ нь хамгаалаад үлддэг нь гэм биш. Товчхондоо, парламентын танхимд шударга ёс тогтож байсан удаагүй. Эсрэгээрээ парламентын танхим нь сэтгэцийн өвчтөн, сэжигтнүүдийн нуугддаг газар болж хувирсан.
Парламент нь тогтворгүй байснаараа Японы улс төр, эдийн засаг сүйрэхээрээ нэг. Парламент нь тогтвортой байснаараа Монгол Улс хөгжихөөрөө нэг. Гэтэл, аль, аль нь эсрэгээрээ. Харин ч Монголын улстөрчдийн хулгай, улстөрчдийн ёс зүй эдийн засгийн хорт хавдар, нийгмийн том дайсан болчхоод байна.
Академич С.Нарангэрэл гуайн хэлсэн нэг үг байдаг, “Үйлийн үр, ёс суртахууны хариуцлага хуулийн хариуцлагаас ч хатуу” гэж. Харамсалтай нь, ёс суртахууны хариуцлага ч, хуулийн хариуцлага ч улстөрчдийн хувьд зөөлнөөс зөөлхөн газар Монголоос өөр байхгүй биз. Шударга ёсыг тогтооход зориг, ухаан хоёр чухал. Эр зориггүйгээр шударга ёс тогтохгүй. Иймээс УИХ-ын эр зориг, ичих булчирхайнаас парламентын чадамж, ардчиллын дархлаа яригдана. Хэрэвзээ чуулганы танхимд энэ бүхэн яригдахгүй бол эцэстээ парламентад байхгүй ёс зүйг иргэд гудамжнаас нэхэхэд хүрнэ шүү.
2.
Улсын ерөнхий прокуророос өнгөрөгч Баасан гаригт УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгах хүсэлтээ ирүүлсэн билээ. Үүнд өгсөн АН-ын бүлгийн хариулт нь “Ардчиллын гол үндсэн суурь бол цөөнхийн эрх ашгийг хамгаалах, түүний дуу хоолой нь сөрөг хүчин байдаг. Сөрөг хүчнээ намнана гэдэг бол Монгол Улс ардчиллаас ухарч байгаагийн хамгийн том илрэл. Тийм учраас бид бүхэн цөөнхийн эрх ашгийг хамгаалдаг сөрөг хүчнийхээ гишүүнийг өгч явуулахгүй байх тал дээр манай бүлэг бүрэн дүүрэн, 100 хувь санал нэгдэнэ гэдгээ илэрхийлье” гэх Д.Пүрэвдоржийн үг. Өөрөөр хэлбэл, ардчиллаар овоглодог АН авлигатай тэмцэхгүй ээ гэж байна. Гэхдээ, парламент сүрэг бүтэн үлдэх эс бөгөөс нэр бүтэн хоцрох нь сөрөг хүчнээс бус үнэмлэхүй олонхоос хамаарна.
Үнэмлэхүй олонх авлигын эсрэг кноп дарах уу, авлигачдын талд кноп дарах уу. Учир нь, УИХ-ын дарга нь авлигын эсрэг чуулган байна аа гээд зарлачихсан.
Ямартай ч бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг Лхагва, Пүрэв гаригийн аль нэгэнд энэ асуудлыг хэлэлцэнэ. УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны таван гишүүн хэрэгтэй танилцах эрх хуулиар олгогдсон байдаг. Тус хороо хуралдсаны дараа бүлэг шийдвэрээ гаргана” гэх үгнээс харахад “хүний гараар могой бариулдаг” арга залиа Ардын нам ашиглахаар шийдсэн нь илэрхий. Өөрөөр хэлбэл хамаг бурууг Халдашгүй байдлын дэд хороо руу чихнэ гэсэн үг.
УИХ-ын дарга Г.Занданшатар "Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын бүх түвшинд авлигатай хийх тэмцлийг эрчимжүүлж байгааг та бүхэн харж байгаа. Авлига гүнзгийрсэн байх тусам тэмцэл хүнд байна. Гэхдээ хүнд хүчир гээд хойш суучихвал хэчнээн хичээгээд ч шийдэж чадахааргүй түвшинд манай авлигын асуудал гүнзгийрнэ. Өнөөдөр бол өчигдрийн үр дүн, харин маргааш бол өнөөдрийн тусгал учраас энэ тэмцлээс ухралгүй, зоримог шийдмэг хийж, цэгцрэх ёстой" гэх үгнээсээ, Ерөнхий Л.Оюун-Эрдэнэ анд нөхдийнхөө авлига, хулгайг өршөөхгүй гэсэн амлалтаасаа буцвал Ардын нам авлигатай тэмцэнэ гэж ахиад дуугарах эрхгүй, итгэлгүй болно.
Монголын парламент өмнө нь, өнгөрсөн оны мөн үед Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Ё.Баатарбилэг, Н.Алтанхуяг, Х.Ганхуяг, Г.Амартүвшин нараа авч үлдсэнээс болж, иргэдийнхээ итгэлийг алдсан. Ахиад нүүрсний хулгайн хэрэгтнүүдээ авч үлдвэл УИХ “хам хэрэгтэн” болж харагдана.
Авлигын эсрэг чуулган биш авлигачдаа хамгаалсан парламент болж үлдэнэ. Тэгэхээр эрх баригчдын ам, ажил зөрж болохгүй. Ам алдвал барьж үл болно.
3.
Шүүхээс гэм бурууг нь тогтоогоогүй байхад хэн нэгнийг яллаж болохгүй гэх, зөв. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэгт сэжиглэгдсэн улстөрчдийг гэмт буруутай эсэхийг нь шүүх тогтооно, үнэн. УИХ тэдний гэм буруутай эсэхийг нь тогтоох эрх байхгүй. Харин ёс зүй, ёс суртахууны хариуцлага тооцох эрхтэй бас үндэслэлтэй. Нэр бүхий гурван гишүүнийг түдгэлзүүлснээр УИХ тогтворгүй байдалд орчихгүй, харин ч хамгаалж үлдсэнээрээ парламентын засаглалд аюул нүүрлэнэ. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон ангийн нөхдөө авч үлдээд байвал шүү дээ.
Улс төрийн хүрээнээс сэвэгдэж буй бор шар мэдээллийг харахад гишүүдийг авч үлдэх “кноп” тэрбум цаашаа яригдаж байгаа бололтой. Камерын өмнө шударга ёс яригчид, ханцуй дотроо шударга бусын наймаа хэрхэн хийхийг УИХ-ын чуулганаас удахгүй харцгаая. Авлигыг хэн дэмжиж, авлигачдыг хэн хамгаалах вэ гэдгийг. Хэрэвзээ, УИХ сүрэг бүтэн, чоно цатгалан үлдвэл улс хоосон, ардчилал дархлаагүй үлдэнэ.
Холбоотой мэдээ