Монголын улстөрчдийн урт гар Боловсролын зээлийн санг ч тойроогүйг Боловсрол, шинжлэх ухааны яамнаас ил болгосон мэдээлэл илчилж өгсөн.
Учир нь, 1997 оноос эхлэн Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, гадаадын их, дээд сургуульд суралцагчид нь улстөрчид, түүний үр хүүхэд байсан нь монголчуудыг шударга ёсны эрэлд гаргаад буй.
Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Хөгжлийн банкнаас хүү багатай зээл авсан асуудалд нэр холбогдож явсан улстөрчид Боловсролын зээлийн сангаас дэмжлэг авч суралцсан нь ил болсноор хэчнээн хүүхдийн хувь заяаг өөрчилж болох боломжийг тэд хулгайлсан бэ гэдэг нэхэл хатуу шаардлага тавихад хүргээд байна.
Жагсаалтыг тодруулбал, 1997 оноос хойш гадаадын зээл, тэтгэлэг авсан бакалавр 421, магистр докторын 1950 суралцагчдын нэрс дунд УИХ-ын дарга Г.Занданшатар хүү, охиныхоо хамт, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр, УИХ-ын гишүүн Г.Дамдинням, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн охин, Эрчим хүчний дэд сайд Н.Тавинбэхийн охин, Шадар сайд С.Амарсайханы хүү, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Т.Бадамжунайн охин, УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцангийн хүү, УИХ-ын дарга асан Р.Гончигдоржийн охин, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд асан Т.Гандигийн охин гэхчлэн хөвөрнө.
Уг нь гадаадын топ сургуулиудын шалгуур давж л байвал хэн ч, хэний ч хүүхэд Боловсролын зээлийн сангаас зээл, тэтгэлэг авч, суралцаж болно. Гэвч авъяастай, чадвартай, мэдлэгтэй нь гадаадын топ их сургуулиудын шалгуурыг давлаа ч Монголынхоо шалгуурт бүдэрч, тэтгэлгээр суралцах боломжоо алдаж явснаа ярих нь дэндүү харамсалтай. Улстөрчид, тэдний хамаарал бүхий этгээдийг Боловсролын зээлийн санд хамруулахын тулд арын хаалгагүй, аав, ээж нь ажилчин ангийн хүүхдүүд хасагдсан бол яах вэ?
Боловсролын боломжийг дээрэмдэнэ гэдэг бол тухайн хүний ирээдүйг нь хулгайлж байна л гэсэн үг. Цаашлаад улс орны хувь заяаг ч өөрчилж болох боломж хулгайлагдсан гэж хэлж ч болох юм.
Улс орнуудын гадаадын шилдэг их сургуульд суралцагчдад тавьдаг гол шалгуур нь мэдлэг, чадвар, авъяастай ч санхүүгийн боломжгүй залуусаа зээл, тэтгэлэгт хамруулдаг. Харин Монголд эсрэгээрээ. Засгийн эрх ээлжлэн барьж ирсэн улс төрийн намын гишүүд, улстөрчид, тэдний хүүхэд, төрөл садан дунд эргэлддэг болж таарч байна.
Уг нь гадаадын шилдэг их, дээд сургуульд тэтгэлгээр сурна гэдэг бол хэр баргийн аавын хүүхдийн тэнцэх шалгуур биш. Мэдлэг, чадвартай байхаас гадна мэрийлттэй, чармайлттай байж л шалгуур нөхцлийг хангана. Тиймээс энэхүү сангаас зээл, тэтгэлэг авч, гадаадын шилдэг их дээд сургуульд суралцах эрх авсан нь хэн байх, хэний хүүхэд байхаас үл хамаарч боломжийг ашиглах нөхцөлийг ижил тавих нь Үндсэн хуульд заасан үл ялгаварлах үзлийн суурь зарчим боловч төлбөрөө төлөөд сурчих боломжтой хэсэг нь төлбөрийн чадваргүйгийнхээ өмнүүр орох нь хэр зөв, хэр ёс зүйтэй үйлдэл вэ гэдгийг анхаарах шаардлагатай болж байна.
Учир нь, тэрбум, тэрбумаар үнэлэгдэх орон сууцанд амьдардаг, жилийн орлого нь хэдэн зуун сая төгрөгт эргэлддэг, хадгаламжиндаа тэрбум, тэрбумыг эргэлдүүлж, зүгээр сууж байгаад мөнгө хүүлдэг улстөрчид, түүний хүүхдүүд яагаад Боловсролын зээлийн сангаас зээл авах ёстой юм бэ? Зарим нэг нь Боловсролын зээлийн сангаас авсан зээлээ төлсөн гэдэг асуудлыг тавьж магадгүй.
Албан тушаал нь хөндөгдөж болзошгүй үед л авсан зээлээ төлж ирсэн жишигтэй болохоос хаана ямар боломж байна, тэр бүгдийг тултал ашиглаж ирсэн.
Цаашдаа Боловсролын зээлийн санг арын хаалгатайд бус авъяас чадвартай хэрнээ санхүүгийн чадваргүйд л олгодог болъё. Сураад төгссөн нь улсдаа оюуны маш том хөрөнгө оруулалтыг эргээд хийдэг болох шалгуур нөхцлийг ч тавьдаг болъё. Мөн гэрээний шаардлага нөхцөлөө хангаагүй зээлдэгч нараас төлбөрөө буцаан авдаг тогтолцоог ч тодорхой болгох ёстой. Ийм шаардлага нөхцөл тавиагүй цагт Боловсролын зээлийн сан нь мэдээлэлд ойр хүмүүсийнх нь сааж иддэг саалийн үнээ л болох юм байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ