Автобустай хамгийн удаан аялал зарлагджээ

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

Автобустай хамгийн удаан аялал зарлагджээ

Автобустай хамгийн удаан аялал зарлагджээ

Жолооны ард огт суулгүйгээр Истанбулаас Лондон хүрэх хоёр сарын аялал гарчээ. "Автобустай хамгийн удаан аялал" гэх энэ аяллыг Энэтхэгийн "Adventures Overland" компани эхлүүлэх гэж байна. 30 хүртэлх зорчигч хүлээн авах боломжтой тус аялал нь 56 хоног үргэлжлэх бөгөөд наймдугаар сард замдаа гарах аж. Тодруулбал, наймдугаар сарын 7-нд Истанбулаас хөдөлж, аравдугаар сарын 1-нд Лондонд ирэхээр төлөвлөж байна.

Аялал Истанбулаас эхлэн Балкан, зүүн Европ, Скандинав, баруун Европоор дамжиж, Их Британийн нийслэлд хүрнэ. Аялагчид нийт 22 улсаар дамжин 12 мянган км зам туулах юм. Энэ хугацаанд Финландын булан дахь гатлага онгоцны гарц, Европ тивийн хамгийн хойд цэг Нордкапп, Норвегийн Фьорд зэрэг онцгой газруудаар аялна.

Автобусанд хоёр сар явна гэхээр зарим хүнд таатай сонсогдохгүй байж болох юм. Гэхдээ уг автобус нь холын аялалд тав тухтай байх талаас нь бодолцсон тансаг зэрэглэлийн тээврийн хэрэгсэл ажээ. Аялагчид "AUX" болон "USB" оролт, эвхэгддэг тавиур зэргийг ашиглах боломжтой. Аяллын үнэд өглөөний цай, 30 удаагийн өдөр, оройн хоол, замдаа буудаллах зочид буудал багтжээ. Мөн зорчигч бүр хоёр чемодан авч явах боломжтой.

"Adventures Overland" компани нь 2012 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Энэтхэгээс Лондон хүрэх төрөл бүрийн аяллыг зохион байгуулдаг байжээ. Аялагчид өөрсдийн машинаараа цуваагаар аялах, тив алгасаж аялах зэрэг сонирхолтой маршрут тус компанийн багцад байдаг.

Геннисийн номд дурдсан автобустай хамгийн удаан аялал нь одоогоор Перугийн Лима хотоос Бразилийн Рио-де-Жанейро хүрэх аялал байна. Энэ нь 6200 км зам туулдаг аялал юм. Харин дэлхийн хамгийн урт галт тэрэгний дээд амжилтыг Швейцарийн төмөр замын "Rhaetian Railway" компани тогтоосон. Тус компани өнгөрсөн жил 100 вагонтой 1.9 км урт галт тэргийг Предагаас Бергуэн хүртэл аялуулсан юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ХөөрхөнХөөрхөн
6
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж