Боловсрол шинжлэх ухааны яамны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн хүрээнд Япон улсад суралцах оюутнууд өнөөдөр /2023.03.27/ батламжаа гардан авлаа. Тус төсөл нь Монгол Улсад өндөр мэдлэг, ур чадвар бүхий инженер, технологийн мэргэжилтэн бэлтгэх боловсон хүчний нөөцийг бэхжүүлэх, сургалтын орчин, чанарыг шинэчлэн сайжруулах зорилготой. Сургалт, судалгааны энэхүү үйл ажиллагааг 2014 оноос эхлэн өдгөө 10 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна.
Өнөөдөр тус хөтөлбөрийн хүрээнд Японд суралцах бакалаврын хамтарсан хөтөлбөрийн гурав, магистрын хөтөлбөрийн нэг, докторын хөтөлбөрийн зургаа, судлаач оюутан хоёр, нийт 12 оюутан батламжаа авч байгаа юм.
Төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөр нь Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн чанарыг олон улсын түвшинд хүргэх, сургалтын орчинг сайжруулах, инженер, технологийн чиглэлээр өндөр мэдлэг, ур чадвар бүхий мэргэжилтэн, хүний нөөцийг бэлтгэх үндсэн зорилготой. Мөн нэг онцлог нь тус хөтөлбөрт хамрагдсан залуус бүгд эх орондоо ирж ажилладаг байна. Тиймээс өнөөдөр батламжаа гардан авсан залууст Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан амжилт хүсэхийн зэрэгцээ эх орондоо хэрэгтэй, инженер, технологийн тэргүүлэгч боловсон хүчин болж ирэхийг хүссэн юм.
Тус хөтөлбөрт нийт 320 оюутан суралцуулахаар төлөвлөснөөс одоогоор 292 оюутан хамрагдаж, 91.2 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
Мөн хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Шинжлэх ухаан, технологийн их сургуульд хоёр жил суралцаад Япон улсын Консорциумын 10их сургуульд III дамжаанаас шилжин Барилга, хүрээлэн буй орчны инженер, Архитектур, Механик инженер мэргэжлээр суралцаж хос дипломтой төгсдөг онцлогтой. "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл дахин нэг сунгагдсантай холбогдуулан сүүлийн элсэлтийн оюутнуудад дахин шалгалт өгөх боломжтой болсноор гурван оюутан шилжин суралцах эрхээ авчээ.
Төслийн үндсэн гурван хөтөлбөрийн хүрээнд 2023 оны байдлаар 888 оюутан, судлаач, багш нар хамрагдсан нь суралцуулах зорилтот 1000 инженерийн 88,8 хувийг эзэлж байгаа аж.
СУДАЛГААНЫ АЖИЛ МААНЬ АМЖИЛТТАЙ БОЛБОЛ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛАСАН ТЭРБУМ МОД ХӨТӨЛБӨРТЭЙ УЯЛДАХ БОЛОМЖТОЙ
Япон улсад докторантаар суралцах Г.ТҮМЭНБАЯР:
-Миний судалгааны ажил байгаль, экологийн чиглэлээр ойн салбарт хийгдсэн. Тодруулбал, монгол оронд зонхилон ургах мод буюу шинэс модны мөнхрөлийн зэрэг, юунаас болж мөнхрөөд байгааг тогтоож, сэргийлэх буюу бууруулах арга хэмжээнүүдийг авахыг зорьж байгаа. Энэхүү судалгааг хийснээр цаашид Монгол Улсад зонхилон ургах моддыг илүү чанаржуулах, үйлдвэрлэлийн зориулалттай ашиглах, бараа бүтээгдэхүүн хийхэд тухайн моддын чанарыг сайжруулах бүрэн боломжтой гэж бодож байгаа. Тиймээс энэхүү судалгааг сонгож авч, удирдагч багш япон профессортойгоо зөвлөлдөж тус судалгааны хүрээнд үргэлжлүүлэн докторын судалгааны ажлаа хийхээр болсон. Цаашид миний хувьд модны генетик, үрэнд ямар нөлөө үзүүлж байгаагаас шалтгаалж чанартай тарьц, суулгац буюу монгол орны ойжуулалтад гаргаж болохуйц моджуулалтыг судалгааны ажлын хүрээнд тогтооно гэж таамаглаж байгаа. Гэхдээ одоогоор судалгааны үр дүн гүйцэд гараагүй учраас найдлага төдий л байгаа гэсэн үг.
Хэрэв судалгааны ажил маань амжилттай болбол Ерөнхийлөгчийн зарласан тэрбум мод хөтөлбөртэй ч уялдах боломжтой.
Тиймээс инженер мэргэжлээр суралцахаар зорьж байгаа залууст хандаж зөвлөхөд олон боломж байдаг. Мэргэжлээ ахиулах, судалгааны ажлаа өргөн хүрээнд хийх, тэтгэлэгтэй сурах гэх мэт. Үүний нэг илэрхийлэл бол "Инженер, технологийн дээд боловсрол" төсөл юм.
Холбоотой мэдээ