УИХ дахь Ардчилсан намын бүлэг хоёр, гурав ч хуваагдаж, бүлгийн даргын өрөөгөө “булаацалдаж” байсан цаг саяхан. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат нэг хэсэг бүлгийн даргын өрөөгөө суллаж өгөхгүй, Төрийн ордонд "муур хулгана болж" явсан бол тэрбээр өнөөдөр /2023.3.27/ өрөөгөө хүлээлгэж өгөхөөр болжээ.
Нэг хэсэг С.Эрдэнэтэй нэгдэж, Ардчилсан намын даргын батламж хүлээж авч байсан Д.Ганбат шинэхэн дарга Л.Гантөмөртэй “гар барьж” тохиролцоо хийснээр өөрийн "Хийморь" фракцийнхантайгаа Л.Гантөмөрт тахимаа өгч, бүлгийн даргын ажлаа хүлээлгэн өгч, түүнийг дэмжиж ажиллахаа илэрхийлжээ. Ардчилсан нам олон бүлэг фракцтай ч хамгийн сүүлд "мэндэлсэн" фракц бол “Хийморь”. Тус фракцийг УИХ-ын гишүүн Д.Ганбат ахалж, аймаг, дүүргийн дарга нар болон УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан хүмүүсийг нэгтгэж, С.Эрдэнийг дэмжиж байсан билээ. Тэгвэл Д.Ганбат даргатай "Хийморь" фракцийнхан бүгдээрээ Л.Гантөмөрийг дэмжиж, тохиролцсон учраас ийн бүлгийн даргын ажлаа, бүр өрөөгөө ч хүлээлгэж өгч, АН-ын нэгдлийн төлөө тууштай ажиллана гэдгээ ч шинэ даргадаа хэлжээ.
Ардчилсан нам шинэ даргатай болсон ч С.Эрдэнэ өөрийгөө намын дарга хэвээр байгаагаа мэдэгдээд буй. Гэвч Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг бүртгэж, АН-ын даргаар батламжилсан, АН-ын гишүүд нь ч шинэ дарга Л.Гантөмөрөө дэмжиж буй гэдгээ илэрхийлж буй. Ардчилсан намын УИХ дахь төлөөлөл болон бүлэг өөрөө нэгдмэл байж, цаашдын улс төрийн акц, намын нэгдэл, сөрөг хүчний үйл ажиллагаа илүү идэвхжинэ гэдгийг ч Ардчилсан намынхан дээр, дооргүй ярьж эхэлжээ.
Т.ОД
Холбоотой мэдээ