Уламжлалт анагаах ухааны биеийг хүчжүүлэх, тамиржуулах эмийн нэг Басамын тосон үрэл эмийн талаар Уламжлалт анагаах ухааны ахлах зэргийн эмч, АУ-ы магистр Б.Ширчинмаатай ярилцлаа.
-Орчин цагт хүмүүс уламжлалт эм болон эмэн бус эмчилгээг илүүд үздэг болсон. Тэр дундаа биед хор нөлөөгүй, байгалийн гаралтай тамиржуулах, хүч сэлбэх бүтээгдэхүүнийг улирлын чанартай илүүтэй хэрэглэхийг зорьж байна. Тэгэхээр Басамын тосон үрлийн талаар танилцуулахгүй юу?
-Мэдээж байгалийн гаралтай цэвэр эко бүтээгдэхүүн хэрэглэх нь биед нэн ач тустай.
Хүн өөрөө байгалийн бодгаль амьтан шүү дээ, тиймээс байгалийн гаралтай юмс хэрэглэх нь илүү зохистой.
Тухайлбал, Басамын тосон эм бол уламжлал анагаах ухаанд байдаг есөн төрлийн эмийн нэг хэлбэр. Одоогийн байдлаар Монгол Улсын уламжлалт эмийн стандартад гурван төрлийн стандарт бий. Тан эм, талх эм, үрэл эм. Эдгээр хэлбэрээр эм үйлдвэрлэгдэж гардаг. Бусад зургаан төрлийн эмийн хэлбэрийг технологи болон уламжлалт анагаах ухааны эрдэмтэд судалж, үйлдвэрлэлд нэмэхээр ажиллаж байна.
Энэхүү Басам эмийн судалгааны үр дүнгээр 2008 онд доктор Хөгжилт эрдмийн зэрэг хамгаалсан байдаг. Түүнээс хойш хэрэглээнд нэвтрүүлбэл олон ач тустай болох нь тогтоогдсон учир олон нийтэд энэхүү үрлэн эмийн ач тусыг танилцуулах хэрэгтэй гэж үзсэн.
-Эмийн нэрний хувьд тамиржуулах, хүчжүүлэх гэж онцолсон байна. Энэхүү бүтээгдэхүүн гаж нөлөө, хариу урвал үзүүлэх элемент агуулсан уу, мөн орц найрлагын хувьд дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл?
-Уламжлал анагаах ухаанд хоёр төрлийн ойлголт бий. Нэг нь хүчжүүлэх, нөгөө нь шимжүүлэх. Энэ хоёрыг анх сонссон хүнд ижил утгатай мэт санагдаж болох ч агуулгын хувьд өөр. Тодруулбал, шимжүүлэх гэдэг нь өтөл настай хүмүүст дутагдсан эрдэс бодис, уураг зэрэг шим тэжээлийн бодисыг нэмж өгөх. Хүчжүүлэх гэдэг бол одоо байгаа бодисын солилцооны идэвхийг нэмэх, эрэгтэй хүний чалхыг сайжруулах гэсэн утгатай. Басамын тосон үрлийн найрлагад орсон үндсэн болон туслах орцуудыг авч үзвэл бөөрний шимийг сайжруулах, шимжүүлэх, хүчжүүлэх үйлдэлтэй түүхий эдүүдийг аль алийг нь агуулагддаг. Дээрээс нь хүчилтөрөгчийн дутмагшлын үед актопротектор, стрессээс хамгаалах хоргүйжүүлэх, янз бүрийн таагүй нөхцөлд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлснээр биеийн өвөрмөц бус эсэргүүцлийг сайжруулан нөөц боломжийг нэмэгдүүлэх дасан зохицох чадварыг нэмэгдүүлэх адаптоген үйлдэлтэй. Тэгэхээр энэхүү эм маань бага хүчилтөрөгчөөр их энерги гаргахад тусалж байна гэсэн үг.
Тиймээс энэхүү эмийг тамирчид тэр дундаа хүчний спортоор хичээллэдэг хүмүүс хэрэглэвэл гаж нөлөөгүйгээс гадна тамир тэнхээ, хүчийг сайжруулах онцлогтой. Гэхдээ энэ нь ямар нэгэн нэмэлт уураг, бодис биш. Учир нь байгалийн гаралтай 100 хувь эко бүтээгдэхүүн.
Судалгааны шатанд дээрх эмийн үйлчлэлийг судалж үзэхдээ туршилтын амьтдыг усанд сэлэх чадварыг судалсан. Тэгэхэд эм хэрэглэсэн бүлэг хэрэглээгүй хэсгээс хоёр дахин урт замыг туулсан байгаа юм. Мөн биеийн хүчний ачаалал даах чадварыг 28.8-36 хувиар нэмэгдүүлсэн. Хүчилтөрөгч дутмагшилтай буюу гипоксигийн үед амьдрах хугацааг 31.5-45 хувиар ихэсгэсэн нь судалгаагаар батлагдсан байгаа юм. Бас нэг онцлог нь гэвэл Басамын тосон эмийн гол найрлагын нэг нь адамсийн тэрэлж бөгөөд түүнээс ялган авсан биологийн идэвхит нэгдлийг Хайдав гуай судалсан байдаг. Биеийн хүчний ихээхэн ачааллын үед тамирчдын булчингийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлөхийг тодорхойлоход булчингийн максимум эрчимт ачаалал даах чадвар болон хурдыг 33 хувиар нэмэгдсэн үр дүн гарсан. Хамгийн сонирхолтой нь тамирчдын зүрх судасны үйл ажиллагааны дасах ба сэрэх урвал түргэн явагдаж байсан юм. Хэрэв хүмүүс Басамын тосон үрэл эмийг хэрэглэх хугацаанд хариу урвал үзүүлэх болов уу гэж бодож байгаа бол айх айдас байхгүй гэж ойлгож болно. Ургамлын гаралтай учир допингийн төрлийн ямар ч бодисгүй, органик гэдгээр бусад төстэй бүтээгдэхүүнээс ялгаатай.
-Тэгвэл эмийн үйлчлэл, хэрэглэх заалтын хувьд хүйс хамаарахгүй бүхий л насныхан хэрэглэх боломжтой гэсэн үг үү?
-Тиймээ. Эрэгтэй, эмэгтэй аль ч насны бүлгийн хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Тус эмийн найрлага нь XIII зуунаас эхлээд хөгжиж, XIX зуунд монгол эрдэмтэн Лувсанчоймпил гэдэг хүн монгол хүний биеийн онцлог, цаг уурт тохируулж, одоогоор технологийн шинэчлэлт хийсэн. Тийнхүү энэ эмийг ямар орц найрлагатайгаар хэрхэн хийх талаар бүхий л мэдээллийг бичиж үлдээсэн байсан.
Басамын тосон үрэл нь гурван үрийн тосон эм дээр таван үндэсний тосон эмийг нэмсэн найрлагатай. Гол үйлчлэгч бодис нь цагаан даль, гурван үр, таван үндэс /бөөрийг шимжүүлэх үйлчилгээтэй ургамлууд болох ямаан зангуу, нишин, жава, рани, басбүрү / агуулсан.
Эдгээр 5 найрлага нь эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхийг нэмэгдүүлэх, төмсгийн үйл ажиллагааг сэргээх нөлөөтэй гэдэг нь туршилт судалгаагаар батлагдсан. Тэгэхээр тамирчид төдийгүй бүхий л насны эрчүүдэд нэн тохиромжтой, өндөр үр дүнтэй эмэн бүтээгдэхүүн байгаа юм. Эмийн үйлчлэлийн хувьд эр бэлгийн булчирхай, төмсгийн сувганцарт мэдэгдэхүйц өөрчлөлт явагдан, эр бэлгийн эсийн хөгжил богино хугацаанд боловсорч, сувганцар хооронд орших Лейдигийн эсийн хэмжээ нэмэгдэн, төмсөгний хэтэнд гүйцэд боловсорсон эр бэлгийн эсийн бөөгнөрөл дүүрэлт ихэснэ. Мөн цисплатинаар үүсгэсэн төмсөгний гэмтэлд таван үндэсний усан болон 70 хувийн этилийн спиртийн ханд нь тестостероны хэмжээг нэмэгдүүлж, төмсөгний эсийн үхжлийг багасгаж, эр бэлгийн эсийн хөдөлгөөний идэвхи, концентрацийг нэмэгдүүлэн, төмсөгний үйл ажиллагааг сэргээх нөлөөтэй.
Монгол эрэгтэйчүүдийн цэвэршилт 40-45 насанд эхэлдэг. Энэ үед хэт ядрамтгай болох, мартамхай болох, уур уцаар нэмэгдэх, шээсний тоо нэмэгдэх, шээс дусагнах зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Дээр үед анагаах ухааны дөрвөн үндэс сударт 1-16 насыг нялх, 17-70 нас идэр нас, 70-аас дээш хөгшин нас гэж үздэг. Харин орчин үед энэ нэршлээс өөрөөр ангилж байгаа. Тэгэхээр бие организмын хувьд тасралтгүй өөрчлөлтүүд гарч байгаа өнөө цагт 40-өөс дээш насны бэлгийн чалх багасч байгаа эрэгтэйчүүд гол түлхүү хэрэглэх нь үр дүнтэй. Үүнээс гадна дээр хэлсэнчлэн эмэгтэйчүүд, өндөр настнууд ч мөн хэрэглэхэд тохиромжтой. Гол анхаарах зүйл нь идэр залуу насныхан, элэгний өөрчлөлттэй, артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүс хэрэглэхэд эмчийн зааврын дагуу анхааран хэрэглэхийг зөвлөнө.
Нэг зүйлийг нэмж хэлэхэд, энэхүү эмийн судалгааны ажил нь зөвхөн докторын түвшинд хийгдсэн бөгөөд эрэгтэйчүүдийн бэлгийн чалхын үүднээс судалсан гэсэн үг. Басамын тосон үрэл эмийн талаар уламжлалт анагаах ухааны номон дээр бичсэн заалтын хувьд маш олон байдаг. Үүний ердөө нэг заалтыг л одоогоор судлаад байгаа гэсэн үг. Манай эмийн үйлдвэрийн хувьд энэхүү эмийг Монголын зах зээл дээр хэрэглэгчдэд хүргэх үүднээс эмийн лабораторийн шатны процесс дээр явж байна.
-Ач тусын хувьд их, дээрээс нь органик гэдэг утгаар хүмүүсийн дунд хүлээлт их үүсч байгаа байх. Үйлдвэрлэлийн хувьд тус эм ямар савлагаатай, хэдий хугацааны дараа гарах вэ?
-Басамын тосон үрэл эмийг 3, 7 граммын савлагаатай гаргахаар үйлдвэрийн шатанд судалж байгаа. Задалж хэрэглэхэд тохиромжтой савлагаатай байхаар тооцоолсон. Энэхүү эмийг аль болох сэрүүн газарт 2-8 градуст хадгалах нь зүйтэй. Мөн улирлын хувьд сэрүүн буюу өвөл хэрэглэвэл зохистой гэж үзсэн. Халууны улиралд болон намар хэрэглэх нь тохиромжгүй. Басамын тосон үрлийн орц найрлага маш баялаг бөгөөд 100 хувь байгалийн гаралтай учир хүний биед дутагдаж байгаа тэр бүх эрдэс бодисыг нөхөж өгөх шидтэй.
Холбоотой мэдээ