“Тогтолцоогоо засч чадахгүй бол хөгжил дэвшил ирэхгүй”

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

“Тогтолцоогоо засч чадахгүй бол хөгжил дэвшил ирэхгүй”

“Тогтолцоогоо засч чадахгүй бол хөгжил дэвшил ирэхгүй”
С.Одонтуяа

УИХ-ын гишүүн С.Одонтуяатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Энэ удаагийн хаврын чуулганаар УИХ олон чухал хууль хэлэлцэж, батлах төлөвтэй байна. Бүрэн эрхийн сүүлийн хаврын чуулган болж байна. Энэ удаагийн чуулганы онцлогийг юу гэж харж байна. ? 

-Энэ удаагийн хаврын чуулган нэлээд онцлогтой болж байна. Намрын чуулганы төгсгөлд нийгэмд хэд хэдэн ноцтой асуудлууд үүссэн. Тийм учраас иргэд энэ удаагийн хаврын чуулганаар нийгэмд үүссэн ноцтой асуудлуудыг хэрхэн хэлэлцэж шийдэх талаар нүд, чих тавин ажиглаж байна. Хаврын чуулган эхлэхтэй зэрэгцэн Хөгжлийн банкны сонсгол явагдаж дууслаа. Удахгүй нүүрсний асуудлаар сонсгол явагдана.

Өмнө нь нүүрсний асуудлаар ерөнхий сонсгол зохион байгуулсан бол энэ удаа явагдах сонсгол нь нүүрсний хулгай яагаад гарах болов, үүнд ямар хүмүүс оролцов, хэн хэнтэй ямар гэрээ хийв гэх мэт асуудлын хүрээнд гурван өдөр үргэлжилнэ.

УИХ-ын Хяналт, шалгалтын тухай хуулийн хүрээнд нээлттэй сонсголууд зохион байгуулагдаж, олон шинжээчид ажиллаж дүгнэлтээ гаргасан. Иргэд зарим зүйлийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. УИХ нэгэнт шүүхэд шилжчихсэн, мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа асуудлууд руу орохгүй. Өөрөөр хэлбэл УИХ шүүх болон шүүхээс гарах шийдвэрт нөлөөлдөггүй гэсэн үг л дээ. Сонсгол зохион байгуулахын хамгийн гол ач холбогдол болиргэдийн мэдэх эрхийг хангаж, нийгэм үүсээд байгаа асуудлыг ил болгохыг зорьж ажиллаж байгаагаараа онцлог.

– Таны хувьд энэ удаагийн чуулганаар ямар ямар хуулийн төсөл дээр түлхүү анхаарал хандуулж ажиллах вэ?

Миний хувьд Сонгуулийн тухай хууль болон Улс төрийн намын тухай хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхийг хүлээж байна. Сүүлийн хоёр жил миний бие болоод УИХ-ын гишүүн Т.Доржханд, жижиг намын төлөөллүүд олон удаа Сонгуулийэ тухай хуулийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулж, сонгуулийн холимог тогтолцоог бий болгохын төлөө ажиллалаа.

Үндсэн хуулийн Цэцээс сонгуулийн холимог тогтолцоо руу шилжихийн тулд заавал Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзсэн. Харин Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулснаар шийдэх боломжтой гэсэн дүгнэлт гарсан.

Тийм учраас парламентын ардчилалыг төгөлдөршүүлэх, хүчтэй болгох, жалга довны үзлээс салгах, төсвийн хувиарлалтад жалга довны үзлээр ханддаг байдлаас салж, үндэсний хэмжээний хөгжлийг бий болгоход Сонгуулийн тухай хууль чухал нөлөө үзүүлнэ. Хоёрдугаарт, Улс төрийн намын тухай хуулийг Сонгуулийн хуулиас тусад нь авч үзэж болохгүй л дээ. Олон улсын Транспаренси Интернэшнл” байгууллагаас манай улсад авлигалын хэмжээ улам нэмэгдэж байгааг анхааруулсаар байгаа. Сүүүийн жилүүдэд авлигалын индексийн үзүүлэлтээр Монгол Улс ухарсан үзүүлэлттэй гарсан нь улс төрийн намын тогтолцоотой холбоотой хэмээн дүгнэдэг. Өөрөөр хэлбэл, улс төрийн нам авлигал авах бүх үндсийг бүрдүүлээд байдаг учраас Улс төрийн намын тухай хуульд реформын шинжтэй өөрчлөлт хийх шаардлагатай.

РОПОРЦИНАЛЬ ТОГТОЛЦООНД ШИЛЖСНЭЭР НАМУУД ТӨЛӨВШИЖ, УЛС ОРНЫ ХӨГЖИЛ ДЭВШИЛ ДЭЭШИЛДЭГ"

-Олон зүйл эргэлзээ, таамаг төдий байна л даа. Энэ удаагийн хаврын чуулганаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, гишүүдийн тоог нэмэх эсэх асуудлыг хэлэлцэх үү.Таны хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэж үзвэж байгаа гэж ойлгож болох уу?

– Миний хувьд холимог тогтолцоо руу заавал шилжих ёстой гэж үзэж байгаа. Учир нь дэлхийн улс орнуудыг аваад үзэхэд нэг хүнд оногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь өндөр, нийгмийн асуудлууд нь шийдэгдчихсэн байгаа улс орнууд ихэвчилэн пропорциналь тогтолцоогоор сонгуулиа явуулж байна. Манай одоогийн сонгуулийн тогтолцоо бол зэрлэг нийгмийн сонгууль болж хувирлаа. Учир нь сонгуульд нэр дэвшигчид нэг, нэг тойрог өмчилж аваад тэндээхэн илүү мөнгө тараасан нь гарч ирдэг ийм дүр зураг бий болгочихлоо. Улс орныг улс төрийн нам удирддаг. Тийм учраас улс төрийн нам цомхон, шилэн, төлөвшчихсөн байх ёстой. Улс төрийн нам төлөвшихгүйгээр улс орныг удирдана гэж үгүй. Улс төрийн намыг төлөвшүүлж, институцлах оролдлого хийж байгаа нь улс орныг удирдах субект учраас чухлаар авч үзэж байгаа хэрэг юм. Тийм учраас намууд төлөвшөөд, сонгуулийн ямар тогтолцоог ашиглах буюу тоглоомын дүрмээ тогтох нь нэн чухал. Одоо хэрэглэж байгаа мажоритар тогтолцооноос пропорциналь тогтолцоонд шилжснээр намууд төлөвшиж, улс орны хөгжил дэвшил дээшилдэг. Тийм учраас пропорциналь тогтолцоо руу шилжихийн тулд өөрийн чадах бүхнээ хийнэ. Яагаад гэвэл улс орны геополитикийн асуудал амаргүй байгаа энэ цаг үед хүчтэй парламенттай байх нь чухал хэмээн үзэж байна. Хүчтэй парламенттай байхын тухайд одоо байгаа 76 гишүүн тооны хувьд бага санагдаж байгаа. Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын гишүүний тоог нэмэх эсэх асуудал дээр янз бүрийн байр суурьтай байна. Харин миний хувьд УИХ-ын гишүүний тоог нэмэх нь зүйтэй хэмээн үзэж байгаа.

-Иргэд УИХ-ын гишүүний тоог нэмснээр зардал нэмэгдэх магадлалтай гэсэн хардлага тээж байна шүү дээ?

– Үнэндээ УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлснээр гарах зардлын асуудал бол 80 дугаар асуудал. Үнэхээр зардлын хэмжээнд ач холбогдол өгч байгаа бол одоо байгаа УИХ-ын гишүүдийн зардлаас илүү гаргахгүй байх зохицуулал хийж болно. Заавал гишүүдэд хязгааргүй эрх ямба эдлүүлэх шаардлагагүй л дээ.УИХ-ын гишүүний тоог нэмэгдүүлэх нь яагаад ач холбогдол өндөртэй гэдгийг ганцхан жишээн дээр тайлбарлахыг хичээе. Тухайлбал, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хороо 19 гишүүнтэй. Үүнээс 10 гишүүн ирсэн тохиолдолд ирц бүрдэнэ. Үүнээс 6 гишүүний саналаар улс орны аюулгүй байдлыг шийднэ гэж бодохоор арай л цөөхөн байгаа юм. Тиймээс тодорхой хэмжээнд гишүүдийн тоог нэмээд явах нь зүйтэй. Улс төрийн намын тухай хууль болон Сонгуулийн хуулийн тухай УИХ-иар хэлэлцэх үед гишүүдийн олонх нь Үндсэн хуулийг өөрчлөх шааардлагатай гэж үзвэл Үндсэн хуулийг өөрчлөх байх.

Монгол Улсад намуудын төлөвшил төдийлөн сайн биш байгаагаас гадна нэр хүнд муутай байна. Зарим иргэд улс төрийн нам байх шаардлагагүй гэж үзэх тохиолдол ч байна?

Бусад орнуудыг харахад улс төр, улс төрийн намыг сонирхдог иргэдийн тоо буурч байна. Тэдэнд юу чухал байна гэхээр ялалт байгуулаад гарч ирсэн нам нь иргэдийнхээ  ажил амьдрал, улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулахад л чиглэсэн байх шаардлага тавьж байна. Түүнээс биш энгийн иргэдэд тухайн улс төрийн нам хэдэн гишүүнтэй байгаа, дотроо ямар асуудал, бодлого чиглэл баримталж байгаа нь сонин биш байна. Сонгуульд ялалт байгуулсан нам амласан амлалт, хэрэгжүүлэхээр зорьсон мөрийн хөтөлбөрөө хэрхэн хэрэгжүүлж байна, зоригтой реформ хийж чадаж байгаа эсэх нь иргэдэд чухал байна. Улс төрийн намын тухай хуулийн өөрчлөлтөөр аль болох цомхон, үзэл баримтлалдаа үнэнч байх, тухайн нам ялалт байгуулснаар ямар бодлого явуулж улс орны амьдрал, эдийн засгийг дээшлүүлэх вэ гэдэг нь тодорхой байх ёстой. Тухайлбал, Ши Жинь Пин “Ард түмнийхээ амьдралыг дээшлүүлэхээс илүү улс төр байхгүй” гэж хэсэн. Ард түмэн сайхан амьдрахыг л хүсч байна. Тэдэнд аль нам нь ялалт байгуулахаас илүүтэй нийгмийн олон талт зөв бодлого явуулж, сайн сайхан амьдрахыг л хүсч байна.

-Хаврын чуулганы нэг онцлог нь Ардчилсан нам албан ёсны даргатай болж, намын бүлэг нэгдмэл байр суурьтай болсон явдал байлаа шүү дээ?

-Ардчилсан намын бүлгийн тухайд ямар ч асуудал байхгүй. Өнгөрсөн хугацаанд Ардчиллсан намын бүлгийн 13 гишүүн бүгд нэгдэн нийлж хурлаа хийж, гол гол асуудлаа ярьж, хэлэлцэж байлаа. Аль аль асуудал дээр сөрөг хүчнийхээ байр суурийг илэрхийлж, хүчтэй дуугарах вэ гэдэг тал дээр ч санаа бодлоо нэгтгэн ажиллаж байна. Хамгийн гол асуудал бол бид хоорондоо чулуу шидэлцэхээс илүү яавал тогтолцоогоо зөв болгох вэ гэдэг дээр анхаарч ажиллах ёстой. Учир нь бид хичнээн сэлмээ сугалаад, тогтолцоогоо засч чадахгүй бол асуудлыг мянга шүүмжлээд ч хөгжил дэвшил ирэхгүй.

"ТӨР БАЯЛАГ БҮТЭЭДЭГГҮЙ, ТИЙМЭЭС ХУВИЙН ХЭВШЛЭЭ ДЭМЖИЖ, АСУУДЛЫГ НЬ ХУРДАН ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ"

-Үнийн өсөлт өндөр, эдийн засаг хямралтай байна. Энэ чиглэлд хэрхэн анхаарч ажиллаж байна, Ардчилсан нам?

-Бид төсвөө алдагдалгүй батлах тал дээр байнга дуугарч хэлж, ярьсаар ирсэн. Төсвөө анхнаас нь алдагдалгүй баталчихвал олон асуудал жигдэрдэг. Өрийн дарамтаасаа салж, чухал асуудлууд дээрээ төвлөрч ажиллах боломжтой болдог. Түүнчлэн хэрэгтэй, хэрэггүй эд хөрөнгөнөөсөө салж, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж сурна. Гэтэл одоо юу болоод байна гэхээр болж өгвөл өр тавьж, гадаад дотоод зээлийн хэмжээг нэмэгдүүлж байна. Тиймээс улс орон өөрийн хүчээр хийж чадах юмаа хийж, дотроосоо эрүүлжих тогтолцоо руу явмаар байна. Ямар ч үр бүтээлгүй төрийн өмчийн компаниудынтоогоо алдлаа. Алдагдалтай ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаа яаралтай татан буулгах хэрэгтэй. Эдийн засгаа хэрхэн сайжруулах вэ гэвэл хувийн хэвшлээ л дэмж. Төр баялаг бүтээдэггүй. Хувийн хэвшил бүтээдэг. Тиймээс баялаг бүтээгчдээ л дэмжээд, тэдэнд тулгамдаж байгаа асуудлыг хурдан шуурхай шийдээд явах хэрэгтэй. Төрийн дарамт, оролцоог багасгах гэдгийг ярих биш ажил хэрэг болгох ёстой. Саяны болж өнгөрсөн Хөгжлийн банкны сонсголоор дабль стандарт гэдэг зүйл хэдий нь бий болчихсон нь тодорхой харагдаж байна. Өдрийн зээлэндээ шатаж байгаа бичил бизнес эрхлэгчдэд очих ёстой бага хүүтэй зээлийг танил талтай нөхдүүд дээгүүрээ хувааж аваад банкинд байршуулж хүүлж байдаг ийм тогтолцоог халах ёстой.

-УИХ-ын зарим гишүүд өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзлаа. Мөн хэд хэдэн гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх талаар хэлэлцэхээр болж байна. Энэ үйл явцыг та юу гэж харж байна?

УИХ-ын дэд даргын хувьд хэлэхэд,  даргын дэргэдэх дэд зөвлөл баасан гариг бүр хуралддаг. Дараа долоо хоногийнхоо хэлэлцэх асуудлыг ярьдаг. УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын тухайд өөрийнх нь хүсэлтээр түүнийг чөлөөлсөн. Бусад гишүүдийн тухайд гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлөх эсэх асуудлыг УИХ хуулийн дагуу хэлэлцэж, шийдвэрээ гаргах байх. Миний хувьд Цагаатгалын комиссын даргаар ажилладаг. Хэлмэгдүүлэлтийн гашуун түүхийг ардчилсан нийгэмд шилжээд 30 гаруй жил болж байгаа манай улс давтах ёсгүй. Хэн нэгнийг гэм буруутай гэдгийг шүүхээс эцэслэн тогтоогоогүй байхад цахим орчинд ялладаг байж болохгүй гэж би хувьдаа үздэг. Тийм болохоор хэн нэгний талаар баримт нотолгоогүй зүйл ярих нь зохимжгүй гэж үзэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж