Саарал усны талаарх салбарын эрдэмтэн судлаачдын байр суурийг хүргэж байна.
СААРАЛ УСНЫ ТЕХНОЛОГИОСОО ХАМААРЧ, 20-80 САЯ ТӨГРӨГИЙН ӨРТӨГТЭЙ
Монгол Улсын Зөвллөх инженер, доктор, профессор, Монголын байгаль орчин иргэний зөвлөлийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Д.ЧАНДМАНЬ:
-Эхлээд бохир ус, саарал ус гэдэг нэр томъёог олон нийтэд ялгаж салгаж, ойлгуулах хэрэгтэй байна. Саарал ус нь үйлдвэрлэлээс гарч буй усыг хэлж буй. Бохир ус гэдэг нь бидний ахуйн хэрэглээнд хэрэглэсэн ус төв цэвэрлэх байгууламж руу дамжин очиж байгаа ус. Үйлдвэрлэлээс гарч буй саарал усыг дахин ашиглах нь хамгийн зөв зүйтэй шийдэл. Гэтэл монголчууд энэ бүхнийг бохир устайгаа хольж яриад, саарал усыг ашиглаж байгаа ч юм алга. Өнөөдөр ус хэрэглэдэггүй үйлдвэр байхгүй. Жишээлбэл, хүнсний, уул уурхайн, ундааны, ноос ноолуур, арьс шир гэх мэт. Энд ашиглаж буй усаа цэвэршүүлээд дахин ашигладаг байх ёстой.
Гэтэл одоо үйлдвэрүүдээс гарч байгаа ус янз бүрийн химийн бодистой холилдон бохир бөгөөд хортой ус болж, төв цэвэрлэх байгууламж руу нийлж байна. Энэ бол эмгэнэл.
Ганц нэг компанийн сайн жишээ гарч байна. “Кока кола Монголиа” компанийн үйлдвэр их хэмжээний усаа дахин ашиглаж, хотын ногоон байгууламжийг усалж байгаа. Үүнтэй адил хотод машин угаалгын газар маш олон бий. Тэндээс жинхэнэ сараал ус гарч байгаа. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад авто угаалгын газрууд нь 90 хувийн саарал усаа дахин ашигладаг. Тийм учраас төрийн байгууллагаас тодорхой зохицуулалтыг хийж, арга хэмжээ авах цаг нь болсон. Үүнийг цэгцэнд оруулахад нэг их хүндрэлтэй биш байх. Технологиосоо хамаарч, 20-80 сая төгрөгийн өртөгтэй техник зах зээл дээр байдаг.
УСНЫ ҮНЭ ЦЭНИЙГ МЕНЕЖМЕНТИЙН ТАЛААС НЬ ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГАТАЙ
“Престик инженеринг” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.ГАНЗОРИГ:
-Саарал ус нь олон улсын нэр томъёогоо зөв ойлгох хэрэгтэй. Ус хангамж ариутгах татуургын тухай хуульд энэ нэр томъёо нь буруу орсон байдаг. Хүмүүс хаягдал усыг саарал ус гэж ойлгодог. Монгол Улсын саарал усны стандарт 2018 онд батлагдсан. Хэрвээ таны 00 ус төв цэвэрлэх байгууламж руу шууд нийлж байвал олон улсад хар ус гэж нэрлэдэг.
Олон нийтийн болон айл өрхийн 00 шугамаар дамжаагүйгээс бусад угаалтуур, гал тогоо, ваннаас гарч буй усыг саарал ус гэнэ. Тиймээс саарал усны талаарх ойлголтоо зөв болгох хэрэгтэй байна.
Танай байр, ажлын доор бага оврын ус цэвэршүүлэх байгууламж суурилуулж, тэнд цэвэрлэсэн усаа танай 00-ын өрөө рүү оруулна. Үндсэн технологи нь энэ ойлголтоороо л байгаа. Та Ус сувгийн удирдах газрын цэвэр усны шугамаас цэвэр ус нойлын өрөөгөөрөө дамжуулан хэрэглэхэд тодорхой үнэтэй байх ёстой. Тэгвэл хүмүүс өөрийнхөө зардлаар саарал усны технологийг суурилуулж, бие засах газраараа дамжуулан ашиглах нь хямд байна гэдэг зохистой үнийг бий болгох ёстой. Гэтэл өнөөдөр цэвэр ус үнэ төлбөргүй байна. Усны үнэ цэнийг менежментийн талаас нь зохицуулах шаардлагатай.
ШИНЭ ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН УСААР ЦАХИЛГААН СТАНЦЫН ХӨДӨЛГҮҮРҮҮДИЙГ ХӨРГӨНӨ
Хот суурины ус хангамж ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах хорооны дарга Ж.БАТСУУРЬ:
-Манайх хот суурин газрын ундны ус, ахуйд хэрэглэсэн усыг төв цэвэрлэх байгууламж талаас нь хариуцдаг газар. Ундны усыг гүнээс олборлож, ариутгал халдваргүйжүүлэлт хийнэ. Жишээлбэл, магни, төмөрг фтор зэрэг зарим эрдэс нь стандартаас өндөр гарвал бууруулж, шүүртүүрээр шүүж хэрэглэдэг.
Тэгэхээр саарал усыг дахин ашиглахад ч гэсэн бага оврын дахин цэвэршүүлэх төхөөрөмжөөр дамжуулж, зардал өснө.
Улаанбаатар хотод шинээр Төв цэвэрлэх байгууламжийг Хятадын компанитай хамтран байгуулж буй. Энэ байгууламж ашиглалтад орсноор гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад технологийн буюу том хөдөлгүүрүүдийг хөргөх зориулалтаар ашиглахаар төлөвлөсөн. Шинэ цэвэрлэх байгууламжаас гарсан усыг дахин цэвэрлэж ашиглана гэсэн үг. Нийслэл хотын хэмжээнд нүхэн жорлонг олон жил ашигласан. Хөрсний бохирдол маш ихтэй.
Холбоотой мэдээ