ХЭҮК: Сурагчид бясаатай дотуур байранд амьдарч байна

Хуучирсан мэдээ: 2023.03.27-нд нийтлэгдсэн

ХЭҮК: Сурагчид бясаатай дотуур байранд амьдарч байна

ХЭҮК: Сурагчид бясаатай дотуур байранд амьдарч байна

Дотуур байр хүүхэд сурч боловсрох, хүмүүжил олж авах маш чухал объект. Эцэг, эхчүүдийн хайрамжгүй, оролцоогүй байдлаас болж дотуур байрны орчин нөхцөл сайжрахгүй байна гэж үзэх үндэстэй. Сургуулийн дотуур байранд нь оруулсан л бол тэнд хүүхдийнх нь эрх зөрчигдөнө үү, хүчирхийлэлд өртөж байна уу гэдэг тэдэнд огт падлий байхгүй. Хүү, охин нь гэрээсээ хол ямар орчинд, хэрхэн суралцаж, юу идэж, яаж өдөр хоногийг өнгөрүүлж буйг мэдэхийг ч хүсдэггүй эцэг, эх олон байгаа нь харамсалтай.

Энд нөгөө талаас төрийн зохицуулалт дутагдаж байгааг олон жилийн турш бид ярьсаар ирсэн. Тухайлбал, хөдөө орон нутагт сумын төвөөсөө 200, 300 км-ын зайтай амьдардаг малчин эцэг, эх төвдөө сардаа нэг орж ирээд, хүүхдийнхээ дотуур байранд очиж, санал гомдол сонслоо гэхэд хаана, хэнд хандаж шийдүүлэхээ мэддэггүй. Энэ талаар хүүхэд хамгааллын тухай хуульд тусгах зайлшгүй шаардлагатайг мэргэжилтнүүд уламжилсаар ирсэн ч төдийлөн өөрчлөлт гарсангүй.

Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын бүрэлдэхүүн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд 2022 онд хяналт шалгалт хийж, сурагчдын амьдрах орчин нөхцлийг судалж, муу дүн тавьжээ. Энэ талаар тус комиссын дарга Ж.Хунан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэл танилцуулах уулзалт дээр өгүүлсэн юм. Илтгэлийн IV бүлэгт Хүүхдийн эрхийн зарим асуудал, түүн дотроо дотуур байрны сурагчдын эрхийн асуудал хөнджээ.

ХЭҮК өнгөрсөн 2022 онд нийт 79 дотуур байранд хяналт шалгалтын ажиллагаа зохион байгуулжээ. 2019, 2019 онд хүүхдийн эрхийн талаарх гомдол, мэдээлэл бага байсан бол 2021 онд огцом нэмэгдэж, 2022 онд 61 гомдол, мэдээлэл хүлээн авсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэж заасан нь дотуур байрны сурагчдын хувьд зөрчигдсөн хэвээр байгаа аж. Тэнд Монголын ирээдүй болсон бяцхан сурагчид бөөстэй, зарим нь бясаатай дотуур байрандд амьдарч буйг Ж.Хунан дарга өгүүлсэн юм.

Монгол Улсад 1950 оноос хойш баригдсан дотуур байрууд ашиглагдаж байна. 2022-2023 оны хичээлийн жилд 542 дотуур байр ашиглагдаж байгаагаас 407 нь стандартын барилга, үлдсэн нь стандарт бус, зориулалтын бус байр ашиглаж буй мэдээлэл байна.

2022 оны арванхоёрдугаар сарын байдлаар, 1950-1970 оны хооронд ашиглалтад орсон дотуур байр 172, 1979-1990 онд ашиглалтад орсон 292 байр байна гэсэн статистик тоон мэдээлэл гарсан. Энэ нь бид хүүхдүүдээ эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд амьдруулж байгааг харуулж буй юм. 1990 оноос хойш 193 дотуур байр ашиглалтад оржээ. Нийт дотуур байрны тоог авч үзвэл, нийслэлд 20, аймгийн төв дээр 50, сумын төв дээр 418, багийн төв дээр 64 дотуур байр үйл ажиллагаа явуулж буй юм байна.

Дотуур байруудын хана цуурсан, мөөгөнцөртсөн, тогны утас эвдэрсэн, шалны хулдаас урагдсан, агаар чийгшүүлэлтгүй, орох, гарах гарцыг хаасан, ариутгал халдваргүйтгэл хийддэггүй. Мөн холбогдох байгууллагуудын дүгнэлт огт байхгүй. Бүр 1970 оны зөөлөн эдлэл, мөн нимгэн панер дээр хүүхдүүдийг хэвтүүлж унтуулдаг, дотроо нойлтой ч ажилладаггүй, гадагшаа гарч бие засдаг, шугам сүлжээ нь байнга эвдэрч гэмтдэг.

Гэрэлтүүлэг хангалтгүй, суултуур нь стандарт бус. Зарим дотуур байранд усанд орох хориотой. Галын хор нь ажилладаггүй, хугацаа дууссан байдалтай. Яаралтай гал гарлаа гэхэд шугам хоолой нь ажиллахгүй байх жишээтэй. Шинээр ашиглалтад орсон барилга цөөхөн бөгөөд дотуур байруудад үнэхээр шинэчлэл хийх шаардлагатай болсныг ХЭҮК-ын дарга Ж.Хунан хэлээд, "Хүүхдийг шаардлага хангаагүй байранд сургаж, амьдруулах ёсгүй" гэсэн чиг баримталж буйгаа дуулгав.

Зохистой хоол хүнсээр хангагдах эрхийн хувьд хяналт шалгалт явуулахад, дотуур байранд хүнс хадгалах зориулалтын өрөө байхгүй. Нийтийн хөргөгч дутуу, өрөөндөө хоол идэх боломж хязгаарлагдмал. Өрөөнүүдэд залгуур байхгүй. Учир нь, хүүхдүүд янз бүрийн юм залгаж байгаад шатаачихдаг гэнэ. Хугацаа дууссан, хадгалалтын горим алдагдсан бүтээгдэхүүнийг хоол хүнсэнд хэрэглэдэг байж болзошгүй. Ялангуяа алслагдмал бүс нутагт буй дотуур байруудад ийм байдал түгээмэл ажиглагджээ.

Хүүхдүүд зөөврийн усаар гараа угаадаг, муу усаа ээлжээр явж асгадаг. Эмчийн өрөө, эмч болон сэтгэл зүйч орон тоог тусгайлан шийдээгүйгээс учир дутагдалтай. Хугацаа дууссан эм их байсан ч хугацаа дууссаныг  нь бүртгэх бүртгэл байхгүй.

Хувийн орон зайгаа хамгаалуулах эрхийн хүрээнд хэд хэдэн ноцтой зөрчил гарчээ. Зарим дотуур байранд цоож байхгүй. Энэ нь хэн ч дуртай үедээ өрөөнд нь орж ирж, биед нь халдах боломжтой байна гэж ХЭҮК үзжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурч, боловсрох орчин нөхцөл хангалгүй. Дотуур байрууд хүүхдүүдийн бүртгэлийг хөтлөхдөө овог нэр, гэрийн хаяг, регистрийн дугаарыг ил байлгадаг нь хүүхдийн эрхийн зөрчил юм.

Энэ мэтчилэн хүний эрх, ялангуяа хүүхдийн эрх ноцтой зөрчигдөж буй жишээ ерөнхий боловсролын сургуулийн дотуур байруудад түгээмэл байгаад бодлогын түвшинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байна.

Хүүхдийн эрх ашиг ямагт тэргүүнд байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж